Хайду хан бол (1235 – 1301) Өгөдэй хааны удмынхан Гүюг хааныг таалал төгссөний дараа Их Монгол Улсын төрд голлох нөлөөгөө Тулуйн удмынханд алдсанаас хойшхи үед удам, угсаагаа нэр төртэй толгойлон авч явсан Чингисийн алтан ургийн хан юм. Өгөдэйн эзэмшлийн эзэн болсон тэрээр 1266-1301 он хүртэл Хубилайн байгуулсан Юань улсын эсрэг тууштай тэмцэж явсан. Хайду нь Хашины хүү, Өгэдэй хааны ач хүү мөн бөгөөд Чингис хаан Бөртэ үжин нарын жич хүү байжээ.
1251 онд Тулуйн удмынхан Их Монголын улсын хаан ширээнд гарч ирсний дараа Өгэдэйн удмын ноёдын хуйвалдаан илэрч маш их цус урссанаар Хайду тус удмаас үлдсэн цөөн хүний нэг болж үлдсэн юм. 1259 онд Мөнх хаан нас барахад тэрээр Аригбөхийг дэмжиж байлаа. 1266 онд Аригбөх үхснээр тэрээр өөрөө бие даан Хубилай сэцний эсрэг тэмцэх болсон ба энэ тэмцэлдээ Туркестан орчмын Монгол ноёдын хүчийг амжилттай ашиглаж байв. Тэрээр Хубилайг эцэг өвгөдийнхөө сургаалиас няцаж хаан ширээг булаан авсан, Монгол ёс уламжлалаа гээж, Хятад ёс заншилд нэвтэрсэн, Нийслэлээ харь газарт шилжүүлсэн хэмээн буруутгаж энэ бүгдийг зогсоох, улмаар өөрийгөө Их Хаан болгох бодол ч агуулж явсан нь нууц биш байжээ.
Тэрээр Их Монгол улсын бусад гурван тулгуур улсаас тусламж олохыг чухалчилж, тэдэнд Монгол ёсоо дээдлэхийг ятган сэнхрүүлэх замаар бичиг илгээн харилцаж байсан. Харин тухайн үед Ил Хант улс нь Хүлэгүгийн улс гэдгээрээ Юань улсын талд баттай зогсож, Алтан ордны улс болон Цагадайн улс нь хоёр талд гуйвж байжээ. Хайдугийн бослого гаргахыг мэдсэний дараа Хубилай хаан 1266 онд дөтгөөр хөвгүүн Номгонд “Умардыг төвшитгөгч ван” цол, алтан тамга цутгаж, 30000 цэрэг захируулан өгөөд Монгол орны бүх хэргийг хамааруулсан байна. 1269 онд Талас хотын дэргэд болсон Их Хуралдайгаар түүнийг чуулганы хан болгожээ. Хубилай хаан 1275-1276 онд Умардыг төвшитгөгч Бэйпин ван Номгон, Дотоод яамны баруун гарын чинсан Хантун нарт зарлиг буулгаж “Хайдуг бүрмөсөн бут цохихоор дарагтун” хэмээн Монгол нутаг руу илгээжээ. Гэвч Хайдугийн улсын хилийн орчимд эртний уламжлалыг дагаж их ав хоморго хийж байгаад Аригбөхийн хөвүүд Меликтөмөр, Букур, Мөнх хааны ач хүү Ширх, Тулуйн хөвгүүн Сүйхэтүгийн хөвгүүн Тугтөмөр нарт баригдан Хайдуд хүргэгдсэн байна.
Улмаар Хайду энэ явдлыг далимдуулан их хүч хуралдуулан Хархорум хот руу давшиж эзлэн авсан ч, Баян жанжнаар удирдуулсан Юань улсын их цэрэгт цохигдон, олон тулаан хийлгүй бүх хүчээ алдахаас зайлсхийж нутгийн зүг ухарчээ. 1282 онд Хубилайтай гэрээ хийсний үр дүнд Номгон, Хөхчү, Хантун нарыг суллан тавьсан байдаг. Гэсэн ч тухайн цаг үедээ Хубилай сэцэн хааны хамгийн том өрсөлдөгч, Юань гүрний томоохон дайсанд Хайду хаан тооцогдсоор байв.
1287 онд Ляодунгийн хойгийг захирагч ван Наян, Хасарын удам Сидур ван, Бэлгүтэйн удмын Хадаан ван нартай үгсэж урван Хайдутай нэгдэхээр их цэргээ аван хөдөлсөн байдаг. Энэ явдлаас улбаалж Монгол нутагт дахин дайн самуун дэгдсэн юм. Хубилай хаан ширээнд нь аюул учруулахуйц их цэрэг өрсөлдөгчийнх нь гарт төвлөрөөс эмээж өөрийн биеэр их цэргээ удирдан явж Наянтай тулалдан дарсан ба үүнтэйгээ зэрэгцэн шахуу хугацаанд их цэрэг бүрдүүлэн ач хүү Гамала, Баян жанжин, Гуре улсын ван Чүннёл, жанжин Амабух нарт өгч Хайдугийн эсрэг хөдөлгөсөн байна. Энэ их цэрэг Хайдуг бүрмөсөн дарж чадаагүй ч ихэд хохирол учруулсан байдаг.
1289 онд Хубилай хааны зүгээс дахин их цэрэг хөдөлгөж, Хархорумыг дахин чиглэсэн Хайдуг тосон довтолсон. Гэвч Хайдугийн арми энэ удаад ихэд хүчирхэг байсан бөгөөд Хангайн нурууны орчимд Гамалагийн цэргийг бут ниргээд улам цаашлан Тогтох жанжны цэргийг үлдэн хөөж, Хархорум хотыг эзэлсэн. Энэ чимээг сонссон Хубилай хаан ихэд хилэгнэж, 1289 оны зун дахин өөрийн биеэр их цэрэг дайчилж, Баян, Иштөмөр нарын шилдэг жанжин, сайд нараар удирдуулан хөдөлсөн. Энэ удаад Юань гүрний их цэргийн хүчийг тогтоож чадахгүйгээ мэдсэн Хайду ухаалаг стратегийн ухралт хийж Монголын төв нутгаас буцсан юм. 1289 оны намар нь Хубилай хааны цэрэг хүрэлцэн ирж Хархорум хотыг буцаан авсан. Энэ явдлаас хойш хэсэг зуур тэдний хооронд дайн самуун болоогүй бөгөөд есөн жилийн дараа 1298 онд эхлээд 1301 онд дууссан үргэлжилсэн их дайн тулааны нэгэнд нь маш хүнд ялагдал амсан, шарх олоод нас барсан байна. Энэ нь 1301 он бөгөөд Хайду хааныг хүнд шархаа даалгүй 66 насандаа таалал төгссөн гэж түүхчид тэмдэглэн үлдээжээ.
Ийнхүү Өгөдэйн удмынхан Гүюгийн дараачаас Их Монгол улсын хаан ширээнээс түлхэгдсэн байдлыг даван тулж Тулуйн удмаас буцаан авахаар тэмцэлдэж байсан, нөгөөтэйгүүр Хубилай сэцэн хааны Монгол улсын нийслэлийг Хархорумаас Хятад руу нүүлгэсэн зэрэг байдлыг эсэргүүцэн насан туршдаа тэмцэлдэж байсан Хайду хааны амьдрал төгссөн юм.
Дараагийн нийтлэлд Хайду хаан Цагадайн улсын хаан Борог болон Ил хаад, Алтан ордны улсын хаан Бэрх нартай ямар харилцаатай байсан, хэрхэн алалдан тэмцэлдэж байсан түүхийг дэлгэрэнгүй өгүүлэх болно.