Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайны үеэр Халимагийн ард түмнийг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлсэн эмгэнэлт үйл явдал болж байсныг элэг нэгт монголчууд бид сайн мэднэ.
Гитлерийн арми ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон жижиг үндэстнүүдийг эзлэн авахад, тэдгээр нь урваж шарвасан явдал ихээр болж байсан бөгөөд Крымийн татарууд гэхэд бараг 80 хувь нь Германы талд үйлчилж байсан гэдэг. Харин халимагуудын тухайд ийм хэмжээгээр урваж шарвасан явдал байгаагүй боловч яг л Крымийн татарууд, чеченьчүүд шиг нутаг орноосоо хөөгдөж туугдсан нь яах аргагүй эмгэнэлт явдал юм. Яагаад Сталин халимагуудыг ингэж ад үзсэн юм бол?
Орос оронд болсон 1917 оны хувьсгалаас өмнө халимагууд нь урьдын адил нүүдэллэн, өөрсдийн засаг ноёдын бүрэн мэдэлд амьдарч байжээ. Оросын хаант засаг халимагуудад харьцангуй их эрх эдлүүлж, олон ч хөнгөлөлт үзүүлдэг байсан бол шинээр бий болсон Зөвлөлт засгийн бодлого нь Халимагийн элитүүд болох ноёд баядад таалагдсангүй. Олон зуун жил дамжин ирсэн харц ноёдын тогтсон харилцааг устгаж, адилхан эрхтэй болгох гэдэг бол тэдний хувьд байж боломгүй зүйл байсан учир 1919 онд хэд хэдэн бослого хөдөлгөөн гарч улаантнууд цус урсган даржээ. Дараа нь халимагуудын амьдралд хүчээр шахам шинэчлэл хийж лам, ноёдын нөлөөг шахан зайлуулж, эмнэлэг сургууль байгуулах… Нэг үгээр хэлбэл манай улсад 1930-аад оны үед болж байсан тэр бүх зүйл яг болсон хэрэг. Зүгээр ч нэг “халимаг” үстэй нөхөд манайд ирж бужигнуулаад байсан хэрэг биш юм.
Зөвлөлтүүд 1920 онд Халимагийн автономи муж байгуулсан бол 16 жилийн дараа автономит улс болгож томруулсан ба энэ хэрээр халимагуудын амьдралын хэв шинж ч эрс өөрчлөгдөж эхэлсэн гэдэг. 1920-иод оны үед Халимагийн нийт хүн амын 2 хувь бичиг үсэгтэй байсан бол 1941 онд энэ тоо 91 хувьд хүрсэн байна.
Манай улсын туршлагаас харахад энэ мундаг тоог “тэнгэрээс аваад тавьчихсан” байж болох ч ямар ч байсан асар их амжилтад хүрч байсны баталгаа мөн байж таарах болов уу.
Үүнтэй зэрэгцэн үл ойлголцох дайсагналцах юм Халимагийн элитүүд болон Зөвлөлт засгийн хооронд болсоор. 1937 он гэхэд Халимагийн нийт аж ахуйн 95 хувь нь нийтийн (хамтрал хомун гэж бид сайн мэднэ дээ) аж ахуй болж хувирсан төдийгүй хэдэн зуун мянган малыг чинээлэг айлуудаас хураан авч энэхүү хамтралд нийлүүлсэн байлаа. Ингэж хамаг юмаа хураалгасан чинээлэг нөхдүүд Зөвлөлт засгийг үзэн яддаггүй юмаа гэхэд хайртай дуртай байгаагүй нь ойлгомжтой. Дээр нь эрх мэдэлтэй байсан, удам судартай, Зөвлөлт засгийн эсрэг үзэл бодолтой ноёд тайж нарыг хэлмэгдүүлэх, цөлж хорих явдал газар авч энэ аргаар ноёд дээдсийн нөлөөг үгүй болгох ажил явагдаж байв.
1941 онд Гитлерийн Герман ЗХУ руу довтолж Москвад тулж ирэн бут цохиулсныхаа дараа Кавказ чиглэн зүтгэлээ. 1942 оны 8 сарын 1 гэхэд Халимагийн газар нутагт тулж ирээд 12-ны өдөр Элистэйг эзлэн авчээ.
Зөвлөлт засагт дургүй, хонзон санасан зарим хүмүүсийн хувьд энэ нь удаан хүлээсэн зүйл байсан бөгөөд германчууд ч сайхан бүхнийг амлан байсны хүчинд цөөнгүй хүнийг өөртөө татаж, “Хальмаг” хэмээх сонин хэвлэгддэг болж, ганц хоёр сургууль байгуулах шийдвэр ч гарсан байна. Шинэхэн сонин нийтлэлийн чиглэл нь Зөвлөлт засгийг устгахад Германы агуу арми тусалж байгаа, бие даасан Халимаг улс байгуулах тухай гэх мэт.
Харин Халимагийн ард түмэн үүнд янз бүрээр хандаж байсан бөгөөд германууд орж ирсний дараа нийт хүн амын дөрөвний нэг нь Ижил мөрөн даван зугтаж зөвлөлтүүдтэй нийлж байсан гэнэ. Дээр нь Зөвлөлтийн Улаан армид олон мянган халимаг эрс германуудтай тулалдаж байсныг, тэдгээрээс 10 гаруй нь Баатар цолоор шагнагдсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Оросын судлаачдын тооцоогоор бол энэ дайнд оролцсон Зөвлөлтийн бүх л улсуудын авсан баатар цолыг хүн амтай нь харьцуулахад халимагууд хамгийн тэргүүн эгнээнд жагсаж байсан гэсэн баримт харж л байлаа. Хэр үнэнийг мэдэхгүй. Ямар ч байсан халимаг эрчүүд үзэж тарж байсан нь тодорхой.
Нөгөө талд Германы суртал ухуулга болон Зөвлөлт засагт дургүй нөхдийн зүтгэлээр Халимагийн морин хороо гээч байгуулагдан бараг 3000 гаруй эрчүүд энд нэгджээ. Дараа нь энэхүү хороо дайн байлдаанд оролцон ялалт байгуулахаасаа илүү энд тэндхийн хот тосгод, энгийн номхон ард иргэдийг бөөн бөөнөөр нь алж устгаж байснаараа (ялангуяа Белорусст) илүү нэрд гарч байсан олон түүх бий. Чухам энэ нөхдүүдийн хийсэн аймшигт яргалал нь нийт Халимагийн ард түмний нэрийг бузарласан бөгөөд дээр нь Зөвлөлт засаг ч энэ бүхний учир начрыг олох гэж зоволгүй шууд л халимагуудыг бөөнөөр нь Сибирийн нутаг руу нүүлгэн шилжүүлсэн байна. Зуун мянга давсан ард түмний нэр нүүрийг 2000-3000 хүн л сүйд хийсэн нь энэ. Сталин халимагуудыг нүүлгэн шилжүүлсний дараа Халимагийн АССР (Халимагийн автномит улс)-ыг байхгүй болгож, газар нутгийг нь зэргэлдээ муж улсуудад хуваажээ.
Сталины энэ харгис шийдвэрийн улмаас хэчнээн хүн үр хүүхэд төрөл төрөгсдөөсөө төөрч, хэчнээн нь өнчирч, үгүй болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ бүхний гол буруутан нь Халимагийн элитүүд хэмээх хуучин ноёд баяд, Халимагийн морин хороо гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Халимагийн морин хорооны хувьд 1944-1945 он гэхэд 5000 гаруй хүн байсан бөгөөд халимагууд мөн л 3000 гаруй, дээр нь энд тэндхийн янз бүрийн юмнуудыг цуглуулсан эрээвэр хураавар хороо болсон байлаа. 1945 оны эхээр энэ хороог татан буулгаж 606-р явган цэргийн хороо болгосон ба учир нь унах морь мал гэж үлдсэнгүй. Морьгүй морин хороо гэж юу байх билээ.
Дараа нь Гитлерийн Герман дайнд ялагдаж, хуучин Халимагийн морин хороо хэмээх нэрээр нэрийдэж явсан нөхдүүд америкчуудад бууж өгсөн байна. Харин америкчууд нь Ялтын хэлэлцээний дагуу тэднийг ЗХУ-д хүлээлгэж өгч, Зөвлөлтүүд ч эдгээр хүмүүстэй тун ч хатуухан тооцоо хийсэн гэдэг.
1958 онд ЗХУ алдаагаа засахаар шийдэж Халимагийн АССР-ийг дахин байгуулж газар нутгийг нь буцаан эмхлэн цуглуулаад, Халимаг түмнийг нутаг усандаа ирэхийг зөвшөөрсөн төдийгүй бүр уриалсан байна. Энд нэмж хэлэхэд дайны үеэр нүүлгэн шилжүүлсэн бусад ард түмэнд Зөвлөлт засаг ингэж их найр тавиагүй юм гэнэ лээ.
Өөр нэгэн түүх: Халимагийн талд болсон нэгэн тулалдаан
1942 оны зун Германы арми Кавказын нутаг руу зүтгэн, Зөвлөлтийн нефтийн хангамжийг таслах гэж үзэлцэж байсан цаг үе. Наймдугаар сарын 12-нд германууд Халимагийн нийслэл Элстэйг эзлэн авч улам бүр урагшилсаар Хулхуту хэмээх нэгэн тосгонд хүрсэн байна. Гэхдээ энэ сууринд Германы гол хүч биш цөөхөн тооны цэрэг бүхий моторжуулсан нэгтгэл очсон ба Зөвлөлтийн тал Германы үндсэн хүчийг энд хүрэлцэн ирэхээс ихээхэн эмээж байлаа. Хэрвээ немцүүдийн гол хүч энэхүү чухал зангилаа болсон Хулхуту сууринд ирж чадвал Кавказ руу довтлох бас нэг сайн түшиц газартай болох байв.
Михайл Онгульдушев
Дайсны энэ санааг тасалдуулахын тулд Зөвлөлтийн тал 110-р морин дивизийн 200 гаруй дайчдыг энэ суурин руу явуулсан бөгөөд тус дайчдын ихэнх нь энэ нутгийн уугуул буюу халимагууд байжээ. Хэсгийг толгойлж яваа ахлах дэслэгч Михаил Онгульдушев Хулхуту очих замыг хянаж, дайсны бүлэглэл ирвэл дайралт хийж будлиулах, Германы үндсэн хүч ирвэл яаралтай ар тал руугаа мэдэгдэж өөрийнхөө үндсэн хүч иртэл ямар ч аргаар хамаагүй дайсныг барьж байх үүрэгтэй байлаа.
Тэрээр өөрийн цэргүүдийг Хулхуту суурингаас нэлээд зайтай тал газар аваачин элсэн манхан дунд нуугдан тагнаж эхэлсэн байна. Удалгүй дайсны морин анги ирж байгаа тухай мэдээг Онгульдушев тагнуулчдаасаа авлаа. Тэрхүү ирж байгаа дайсан нь ихэнх нь урвагч халимагуудаас бүрдсэн СС-ийн морин отряд байжээ. Энэ хэсгийг тэргүүлж яваа хүн нь Эльчин Дельчеев.
Эльчин Дельчеев
Хулхуту суурин хүрэх замыг бүрэн хяналтдаа авах ёстой Готхард Хайнриц хэмээх герман офицер өөрийн мэдэлд байдаг халимаг эр Эльчин Дельчеевт энэ хариуцлагатай үүргийг оногдуулаад, Их Германы төлөө гавьяа байгуулахыг хүсэн түрүүлж явуулжээ. Дельчеев ч шинэ эздийнхээ өгсөн үүргийг биелүүлэхийн тулд эхлээд Халимагийн нэртэй лам нарыг цуглуулан тэдний дэмжлэгийг авахаар шийдэн Элстэйн ойролцоо уулзахаар тохирсон байна. Цугласан хэдэн лам нар дээр СС-ийн дүрэмт хувцастай Дельчеев ирэн өөрийн зорилго, өгсөн үүрэг даалгаврынхаа тухай ярьж, Зөвлөлтийн дарлалаас ангижрахад лам нарын үүрэг ямар их тухай мундаг сүртэй ярьсан гэдэг. Харин лам нар түүнийг дэмжих байтугай СС-ийн хувцастай ирснийг нь шүүмжилж, Орос улстай 300 жилийн өмнө байгуулсан гэрээ, өгсөн амлалт бий гэдгийг сануулаад Халимагийн ард түмнийг хэрэгт хийж байна шүү гэж загнаж зандарсан байна. Ахмад настныг хүндэлдэг орчинд амьдардаг лам нар залуу хөөрүү Дельчеевийг сургаж сэхээрүүлэх гэж оролдсон нь энэ. Харин Дельчеев тэдгээрийн энэ үгийг сонсоод 14 том ламыг зүгээр л буудчихаж. Тэдэнтэй тэдэнгүй Их Германы үйл хэрэг бүтэж л таарна гэж бодсон энэ эр Хулхуту хүрэхээр өөрийн цэргийг дагуулан морджээ.
Тулалдаан
Эльчин Дельчеевийн морин отряд тоогоор олон, бас энэ нь Германы гол хүчний тэргүүн анги байж болно гэж тооцсон Онгульдушев нь ар тал руу холбоо барьж нэмэлт хүч өгөхийг гуйлаа. Түүний дарга Хомутников харин өөдөөс нь “Ганц ч сум, ганц ч винтов нэмж өгч чадахгүй. Байгаа хүчээрээ дайсныг торгоо. Бид энд байгаа буу барьж чадах хүмүүсийг ч болов цуглуулаад араас чинь дэмжлэг болж очихыг хичээнэ” гэсэн мэдээ явуулсан байна. Онгульдушевын хувьд тоогоор олон дайсныг ялах ганцхан арга үлдсэн нь гэнэдүүлэх л байв.
Дельчеевийн толгойлсон анги Хулхуту сууринд дөхөж явах үед ар талын хангамжийн цуваа руу морин цэргүүд дайрч сүйд хийлээ гэсэн мэдээ иржээ. Дельчеевийн хувьд энэ нь нэг талын сайн мэдээ байв. Яваандаа Германы дэмжлэгтэйгээр Халимагийн ”Хаан” болох бодолтой байсан байж болзошгүй энэ урвагч Халимаг түмний дунд нэрд гарч, хүч нөлөөтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй хүн байж. Халимагийн олон том лам нарыг цуглуулан сүр бадруулаад, дараа нь тэдгээр лам нарын ихэнхийг хөнөөсөн зэрэг нь бүгд л түүний ирээдүйн зорилгодоо хүрэх алхмууд байсан бололтой. “Улаан оросууд”-ын талд байлдаж байгаа халимагуудыг бяц дарах, тэр тусмаа өөрсдийг нь дайрсан нөхдүүдийг нэг сайн сургаж өгөх нь Дельчеевийн зорилгод сайхан тохирч байсан ба ийм боломж гэв гэнэт гарч ирлээ гэж тэр үзжээ.
Тэрээр өөрийн мэдэлд байсан хамаг цэргүүдийг толгойлон буцан давхиж явахдаа цөөхөн тооны Улаан армийн халимагуудыг хэрхэн яаж шийтгэх тухай л бодож явсан бололтой, толгойн сэргийлэх ч байхгүй их л яарч байж. Харин дайсан нь болох Онгульдушев нь Дельчеевийн ирж болох замын хажууд өөрийн гол хүчийг нууж байрлуулчихаад отон хүлээж байгаад цаг нь болоход бүх цэргээ тулалдаанд орохыг тушаалаа. Дайсантай тулах болоогүй гэж бодож байсан Дельчеевийн цэргүүд энэ гэнэтийн дайралтад хөл алдаж, ихэнх нь таран бутарсан ба халимагууд халимагуудтай хийсэн тулалдааны дараа Германы талын цэргүүд гэх юм бараг үлдсэнгүй. Дельчеев ч бараа сураггүй болсон ба энэ их талын хаа нэгтээ үхсэн бололтой.
Энд ийм юм болж байхад Хулхуту суурин хүрэх өөр нэг замаар Дельчееви тушаал өгч явуулсан Готхард Хайнрицийн танк болон моторжуулсан ангиуд явсаар. Тэрээр Дельчеевт гоё үг хэлэн явуулахдаа оросууд отож болзошгүй, үгүйдээ хамгаалалтын гол хүчээ Дельчеевийн цэргүүд рүү хандуулна гэж тооцож байсан бөгөөд халимаг урвагчийг ердөө л золигт гаргасан нь тэр байж. Гэсэн ч энэ эрийн өмнө гэнэт Зөвлөлтийн танк эсэргүүцэх буу бүхий анги нэгтгэлүүд гарч ирэн ширүүн тулалдаж эхэлсэн бөгөөд эдгээр нь Онгульдушевт нэмэлт хүч болгон явуулсан анги дайсантайгаа санаандгүй таарсан нь тэр байж. Германууд техникийн давуутай байдлаа ашиглан өмнөө байгаа оросуудыг арчиж хаях гэж бэлдэж байхад арын хангамжийг нь хэсэг морьтонгуут талж өгч байгаа тухай мэдээ ирлээ. Өнөөх Онгульдушевийн морьт отряд!
Хоёр талаасаа хавчигдсан Готхард Хайнриц арайчүү гэж Хулхуту сууринд орж бэхэжсэн бөгөөд суурин хүрэх замыг хянах байтугай суурингаа оросуудад алдчихгүй тэсэх гэж их юм болсон гэдэг. Энэ явдлын дараа Кавказ руу дайрах бас нэг чухал түшиц газар үгүй болсон, цаашдаа Кавказын төлөөх дайнд германууд ялагдахад энэ суурингийн төлөөх тэмцэл багагүй үүрэг гүйцэтгэсэн юм хэмээн Халимагийн болон Оросын олон түүхчид үздэг байна.
P.S
Эльчен Делчеев нь лам нарыг буудаж байхад нэгэн настай лам үхэхийнхээ өмнө “Чиний хоолойг хээрийн хөх чоно тас хазах болно доо” гэж хараасаар буудуулсан гэдэг. Харин Дельчеевийг үхсэн байхыг харсан гэх хүний ярьснаар бол энэ урвагчийн хүзүү хоолойг нь чоно хазсан юм шиг сэглээд хаячихсан байсан гэнэ. Бүр сонирхолтой нь Онгульдушевийн морин отрядыг 101 дүгээр морин хорооныхон нь “Хээрийн хөх чононууд” хэмээн нэрлэдэг байсан гэх юм билээ… Сонин л юм даа.
Өөр нэгэн түүх: Тэднийг хямгадах хэрэгтэй…
Дэлхийн 2-р дайны үеэр Германы талд байсан Халимагийн морин хорооны тухай манай хэвлэлүүд дээр нэлээдгүй юм үе үе гардаг бөгөөд тэднийг магтан дуулсан, хараан загнасан юм аль аль нь бий. Ямар ч байлаа өөрийн өрх гэртээ оруулж, ядарч зүдэрч явахад газар нутаг өгч байсан улс орныг хамгийн хэцүү цагт нь хаяж урвасан хүмүүсийг ямар нэг байдлаар магтан дуулж болдог л бололтой. Хүчтэй дайсныг хараад урваж, шарвасан тэрхүү цөөхөн нөхдийн гайгаар Халимагийн ард түмэн багадахгүй зовлон үзсэн бөгөөд энэ бүх зовлонгийн үндэс болсон урвагч нарын гай дахиад хэдэн үедээ мэдэгдсээр, нөлөөлсөөр байх биз ээ.
Тэгвэл өөр нэг Монгол цустай ард түмэн энэ их дайнаар ямархуу байсан талаархи түүхийг сонирхъё.
Германы арми ЗХУ руу довтлоход Их Британи хамгийн түрүүнд оросуудыг дэмжихээ илэрхийлсэн гэдэг. Гэтэл үнэндээ Тагна Тува улс Черчиллийн тэр алдарт үгнээс 11 цагийн өмнө ЗХУ-ыг дэмжиж, Гитлерийн Германд дайн зарласан гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд зогсохгүй улс орон даяараа дайны байдал зарлаж бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө гэсэн уриагаар ажиллаж эхлэн, хамгийн түрүүний арга хэмжээ болгож өөрийн улсын нөөцөд байсан бүх алтыг ЗХУ-руу явуулж (тэр үеийн ханшаар 35 сая рубль), дайн дуусан дуустал олборлох алтыг мөн ингэж шууд илгээж байхаар шийдсэнээ мэдэгдэж байлаа. Дараа нь БНМАУ шиг адуу мал, арьс шир, эд хөрөнгө цуглуулан Улаан армид бэлэглэх, хямд үнээр худалдаалах кампанит ажил өрнүүлж 50000 адуу, 750000 мал нийлүүлсэн байна. Мөн өөрсдийн үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээгээр цана үйлдвэрлэж (52000 хос цана), өвлийн дулаан хувцас хэрэглэл бэлдсэн нь алдарт Москвагийн хамгаалалт, сөрөг дайралтын үеэр эхний хэсэг нь хүрэлцэн ирж тэрхүү ялалтад зохих хувь нэмрээ оруулсан юм.
Тувачууд нийтдээ 12000 богино нэхий хүрэм, 19000 ханцуйвч, 16000 эсгий гутал, 70000 хонины нэхий, 400 мянган тонн мах, ургамлын тос, чарга гээд фронтод хэрэг болох бүх л зүйлийг илгээж байсан бөгөөд нийт ард түмэн тэр чигээрээ өөрийн чадах чинээгээр тусалж, 10-100 малыг айл болгон фронтод бэлэг болгон өгчээ. Эдгээрээс 30000 гаруй үхрийг Германаас чөлөөлөгдсөн Украинд аваачсан ба чухам эдгээр нь Украины алдарт үхрийн фермийн эх үндэс болсон гэдэг.
Мөнгөн дүнгээрээ Тува нь 19 сая акша буюу 66,5 сая рублийн тусламжийг ЗХУ-д өгсөн ба ЗХУ-аас Тагна Тува улсад төлөх ёстой 1,5 сая рублийн өрийг цуцалж байж. Хичнээн жижигхэн улс боловч авлагатай л байсан бололтой.
Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 1941-1942 онуудад Улаан армид үзүүлсэн БНМАУ болон Тагна Тува улсын тусламж нь нийлээд тухайн үеийн АНУ, ИХ Британи, Канад, Австрали, Өмнөд Африкийн холбоо, Шинэ Зеланд зэрэг улсуудын үзүүлсэн нийт тусламжийн 65 хувьд хүрч байжээ. Бахархах, бардамнах дуртай хүнд бол энэ нь яах аргагүй хөөрмөөр тоо.
Тувачууд зөвхөн эд материалын тусламж үзүүлээд зогсолгүй дайнд сайн дураараа явахаар бүртгүүлж байсан ба Гитлерийн Герман ЗХУ руу халдан довтолжээ гэсэн анхны мэдээний дараа 1000 гаран хүн ЗХУ-д очиж дайтах хүсэлтэй хэмээн бүртгүүлж байсан юм.
Фронтын нөхцөл байдал хүнд байгааг сайн ойлгож байсан тувачууд тэдний тусламж нэгэн цагт хэрэгтэй болно гэдгийг тооцож цэргийн тоогоо нэмж, сургалтаа эрчимжүүлж байгаад 1943 онд анхны 200 сайн дурын дайчдаа дайнд явуулсан билээ. Цаашдаа морин цэргийн бүхэл бүтэн хороонууд, явган цэргийн анги нэгтгэлүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дайнд илгээж тэд ч хэний ч өмнө нүүр улайхааргүй тулалдаж байв.
Тувагийн морин цэргүүд фронтын хоёр талд алдаршиж эхэллээ. Улаан армийнхан галзуу тува нарыг бахархан шагшиж байхад Вермахтын цэргүүд тэднийг үзэн ядаж байлаа. Учир нь Атиллын үр сад болсон зэрлэг монголчууд (Герман цэргийн үг) довтлон ирж, хамгаалалтын нуувчинд хүрч чадвал хэнийг ч ялгалгүй илдээрээ тасчиж ямар ч хүн олзолдоггүй байжээ. Өөрсдөө ч үхлийн аюул тулгарсан үед айж зугталгүй эцсээ хүртлээ тэмцэн, олон цэргийг бүслэлтээс гаргаж, өөрсдөө дэр авч амь алдаж дууссан олон түүх бий.
Улаан армийн гвардийн 8-р морин цэргийн дивизийн удирдлага Тува улс руу илгээсэн нэгэн захидалдаа “…Сурмич тосгоны ойролцоо болсон тулалдаанд Донгур-Кызыл даргатай пулемётын хэсэг, Дажы-Серен (Цэрэн л болов уу) даргатай танк эсэргүүцэгч бүлэг өөрсдөөс нь хэд дахин илүү тоотой дайсны өөдөөс ганц ч алхам ухралгүй эцсийн сум, эцсийн хүнээ дуустал тэмцэж баатрын ёсоор амиа алдлаа…” гэж бичиж байжээ.
Дайны турш тувагийн олон эрчүүд Зөвлөлтийн одон медалиар шагнуулж байсан ба хоёр хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан байна. Маршал Жуковын Сталинд илгээсэн нэгэн илтгэлд:
“…Манай гадаадын цэргүүд маань (тува цэргүүдийг хэлж байна) орчин үеийн цэргийн тактик стратегийн талаар муухан ойлголттой, дайсныг зарчмын хувьд олзлох ёсгүй гэж үздэг, хэтэрхий их гэмээр зоригтой хүмүүс байна. Хэрвээ цаашид тэд энэ байдлаараа тулалдах юм бол дайны эцэст тэднээс амьд хүн үлдэхгүй бололтой…”
Сталины хариу, “…тувачуудыг дайралтын эхний эгнээнд оруулахгүй хямгадах хэрэгтэй. Нутаг буцаах цэргүүдэд бүх л хүндэтгэлийг үзүүлж, дээд зэргийн сайн хувцас хунараар хангахыг үүрэг болгож байна…”
1944 онд Тагна Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтээ гаргаж, үүнийх нь төлөө Чойбалсан Салчиг Тогоог (тухайн үеийн Тувагийн удирдагч) алгадаж байсан тэр үед ЗХУ-ын Дээд зөвлөл Тувагийн хүсэлтийг хүлээн авч дэмжиж, Тувагийн ардын хувьсгалт арми ЗХУ-ын Сибирийн тойргийн тусгай 7-р морин хороо болон өөрчлөгджээ. Ийнхүү Урианхай ах дүүс маань их дайны үеэр эр зоригтой тулалдаж, алдар нэрээ мандуулж явжээ.