АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Нэнси Пелосигийн Азийн орнуудаар хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Тайваньд дуулиантай айлчлалаа өндөрлөмөгц Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод иржээ. Харин Сөүлд түүнийг нэлээн хачирхалтай уур амьсгалтай угтаж авсан байна. Учир нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл зуны амралтаа аваад байгаа тул АНУ-ын Конгрессийн спикертэй уулзахгүй, зөвхөн өнөө орой утсаар ярилцах боломжтой гэдгээ илтгэжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Юуны өмнө Ерөнхийлөгчид спикер Нэнси Пелоситой уулзах төлөвлөгөө байхгүй. Түүний амралтын хугацаа спикерийн айлчлалын хугацаатай давхцаж буй тул өөрчлөх боломжгүй” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл АНУ-ын дээрээсээ гурав дахь өндөр албан тушаалтны айлчлалд БНСУ-ын гадаад харилцааны сайд ч оролцох боломжгүй болсон гэнэ. Тодруулбал тус улсын гадаад харилцааны сайд Пак Жин Пелосиг Сөүлд ирэхтэй зэрэгцэн Камбожийн нийслэлд болох ASEAN-ий орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор нисчээ.
Тиймээс Пелосиг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн спикер Ким Жин Пё хүлээн авч уулзах ба дараа нь эрх баригч болон сөрөг хүчний намуудын удирдлагуудтай тус тус уулзалт хийхээр болжээ. Харин олон улсын харилцааны ажиглагчид энэ байдлыг анзааралгүй орхисонгүй. Хэвлэлүүд БНСУ-ын эрх баригчид Нэнси Пелосид ар нуруугаа харууллаа, жирийн үед тус улсын гүйцэтгэх засаглал, тэр дундаа гадаад харилцааны гол удирдагчид болох Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нар АНУ-ын ийм том албан тушаалтан улсад нь айлчлан ирж байхад түүнтэй уулзахгүй байх боломжгүй хэмээн дүгнэж байна. Мэдээж хэрэг энэхүү нөхцөл байдлын цаад шалтгааныг солонгосчууд Хятадтай харилцах харилцаагаа муутгахгүй байх, түүнчлэн сүүлийн үед хурцадмал харилцаанд хүрээд байгаа Умард Солонгостой тулгарахаас зайлсхийх зэрэг зорилго нуугдаж байж болзошгүй гэж үзэж байна.
“Пелосигийн Азид хийж буй айлчлал бүс нутгийн ардчилсан улс орнуудыг Хятадын эсрэг нэгтгэх зорилготой. Тэр энд ирэхдээ Умард Солонгосын хүний эрхийн нөхцөл байдал, цаашлаад Хятадын асуудлыг хөндөх нь тодорхой. Энэ бол Ардчилсан Намын хувьд эмзэг сэдэв юм” гэж улс төр судлалын профессор Пак Вон Гон ярьжээ.
“Өмнө нь ийм айлчлал болсон бол Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нарын аль нэг нь түүнтэй уулзахыг хичээх байлаа. Харин энэ удаа Засгийн газар асуудлыг хэт улс төржүүлэх, Хятадтай дайсагналцахаас зайлсхийхээр шийдсэн болов уу гэж би бодож байна” гэж Ажоу Их сургуулийн Америк-Хятадын бодлогын хүрээлэнгийн захирал Ким Хюн Кю ярьжээ.