Сталины баруун гар, СССР-ийн Ерөнхий сайд явсан Молотов гэх энэ хүн 1957 онд “Намын эсрэг бүлэгт” орж буруутаад Улаанбаатарт Элчин сайдаар цөлөгдсөн гэх тодотголтой. Зөвлөлт, Оросын түүхнээ Ерөнхий сайд асан улстөрчөө Элчин сайдаар томилон илгээсэн хоёр тохиолдлын нэг. Молотов 1890 оны 3 сарын 9-нд Хаант Орос Улсын Норинскт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Вячеслав Михайлович Скрябин бөгөөд хөгжмийн зохиолч Александр Скрябин түүний авга ах болно. 1906 онд Оросын Ажилчны Социал Демократ Намд элсчээ. 1909 онд Казань хотын технологийн сургуульд суралцаж байхдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхлэн, түүнээсээ болж Сибирьт цөлөгдөж байв. 1911 онд ялын хугацаагаа дуусгаад Петербургийн технологийн их сургуульд элсэн орсон боловч дахин Эрхүү мужид цөлөгдсөн байна. 1915 онд тэндээсээ оргож, Петроградад нуугдан аж төрж байгаад 1917 оны хоёр хувьсгал болох Хоёрдугаар сарын хувьсгал ба Октябрийн хувьсгалд оролцсон юм.
Сталин, Ворошилов нарын дунд
1921 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болж, 1926 онд Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон байна. 1927 оноос Коминтерний Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1929 онд Николай Бухарин албан тушаалаасаа зайлуулагдсаны дараа Коминтерний нэгдүгээр хүн болсон юм. 1930 онд Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдын албанд томилогдов. Улмаар Гитлертэй ойртох бодлого баримталж байсан Сталин еврей үндэстэн болох Максив Литвиновыг Гадаад хэргийн ардын комиссар буюу Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцруулахад Молотов Гадаад хэргийн комиссарын үүрэгт ажлыг нь хавсрах болсон байна.
Энэ хугацаанд Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ (Молотов-Риббентропын гэрээ гэгддэг)-г байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
1940 оны намар Берлинд айлчилж, Гитлер болон Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроптой уулзалт хийж байх үед Английн нисэх хүчний бөмбөгдөлт болж, тэд хоргодох байранд уулзалтаа үргэлжлүүлж байсан бөгөөд тэр үед Германы тал Английн ялагдал ойлгомжтой хэмээн хэлэхэд Молотов “Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?” хэмээн асууж Гитлерийг уурлуулж байсан гэдэг.
1940 оны 11 сар. Германы удирдагчидтай уулзаж буй Молотов
Мөн тэрээр Балтийн орнуудыг ЗХУ-д нэгтгэх, Өвлийн дайныг зохион байгуулахад голлон удирдах үүрэгтэй оролцжээ. Өвлийн дайны үеэр ЗХУ-ын тал Финляндын хотуудыг бөмбөгдөж байсан бөгөөд түүнийг эсэргүүцэж гаргасан мэдэгдлийн хариуд Молотов “Бид талх хаяж өгч байгаа юм” гэж мэдэгдсэн нь түүхэн дуулианы нэг. Хожим “Молотовын талх” гэдэг хэллэг ихэд дэлгэрсэн юм.
1941 онд Ерөнхий сайдын ажлаа Сталинд хүлээлгэн өгөөд Гадаад харилцааны салбарт бүх анхаарлаа хандуулах болов.
Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
Сталиныг нас барсны дараа Гадаад хэргийн сайд бөгөөд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хаших болсон тэрээр сталинизмаас татгалзах бодлого баримталж байсан Никита Хрущевтай зөрчилдөх болжээ. Георгий Маленков, Лазарь Каганович нарын хамт Хрущевыг түлхэн унагахаар оролдсон боловч эсрэгээрээ 1957 онд Намын эсрэг бүлэг гэгдэн намаас хөөгдөж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух Элчин сайдаар томилогдож, албан тушаал буурсан юм.
Молотов гадаад бодлогын мэргэжилтэн, Орос гүрний дээрэнгүй үзлийг нэн тэргүүнд тавигчдын нэг гэдгээ Европт явуулж байсан бодлого, үйл ажиллагаагаараа, мөн БНМАУ-д Элчин сайдаар суух хугацаандаа ч харуулж байв. Тэрээр Элчин сайдаар ажиллаж байхдаа БНМАУ-ын удирдагч нарт шахалт үзүүлэн баруун хойт хэсгийн нутгийг ЗХУ-д нэгтгэсэн хүн юм. 1957 онд Зөвлөлт Монголын хилийн хэлэлцээр дээр В.Молотов Монгол улсын Увс, Хөвсгөл аймгийн нийт 2415 хавтгай дөрвөлжин км газар нутгийг “Манай Зөвлөлтийн нутаг, манай Тувагийн үлдсэн газар нутаг” хэмээн Монголын талд дарамт шахалт үзүүлж тэрхүү бүх газрыг Зөвлөлтийн талд авсан билээ.Энэхүү хууль бус бусармаг ажиллагааг эсэргүүцсэн тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын сайд асан С.Аварзэдийг тэрбээр элдвээр дарамталж Цэдэнбалтай хамтарч албан тушаалаас нь буулгаж байсан гэдэг. Хожим нь С.Аварзэд алс хол аймагт нутаг заагдаж жирийн жолоочоор ажиллаж амьдарч байгаад 1986 онд Улаанбаатар хотод гадны нөлөөтэйгээр бусдад хорлогдож амь насаа алджээ.
Молотов Монгол дахь “улс төрийн цөллөг”-төө гавьяа байгуулж, их хэмжээний газар нутгийг албан ёсоор ЗХУ-д нэгтгэсэн тул Хрушевын итгэлийг хүлээж гурван жилийн дараа 1960 оноос Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дахь ЗХУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1962 онд тэтгэвэртээ гарчээ. Түүний намын гишүүнчлэлийг 1984 онд сэргээсэн байна. Молотов 1986 оны 11 сарын 8-нд Москва хотноо 96 насандаа нас баржээ.
Нийтлэлч Баабар нэлээн дээхэн “Молотов буюу Алахбаатар” нийтлэлдээ энэ хүний тухай ийнхүү бичиж байжээ.
“Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хамгийн том улстөрчдийн нэг. Гитлерийн хажууд Гэббэльс байсан бол Сталины хажууд Молотов. Европыг хуваах Зөвлөлт Германы нууц гэрээг Риббонтроп-Молотовын дээрмийн гэрээ гэдэг. Дайны дараа тэрээр америкчуудтай үзэлцдэг байв. “Мистер нөү” гэдэг нэрийг анх түүнд өгчээ. Дараа нь залгамжлагч Громыког тэгж нэрийдсэн. Харин хувь заяаны шоглоомоор Сталин үхэхийнхээ өмнө Молотовыг Америкийн тагнуулаар сэжиглэн цааш нь харуулахаар зэхэж байв. Молотов тавиад оны сүүлчээр Монголд Элчингээр сууж байв. Юу нь хатгасан юм бүү мэд, Монголын умард хилээс 2.4 мянган ам км газар нутгийг ямар ч үндэслэлгүй нэхэж санасандаа хүрсэн юм.
“Бид социалист лагерийг хамгаалж байгаа учир та нар хувь нэмрээ оруулах ёстой” гэсэн увайгүй тайлбар тавьсан юм. Эх нутгаасаа ийм том газраа зүв зүгээр өгөхийг зөвшөөрсөн Монголын гол хоёр удирдагч Цэдэнбал, Цэнд нарын өөрсдийнх нь төрсөн гэрийн бууцыг Орост хавсаргажээ. Ядахнаа Увсын Давст сумын Хандгайтын, Сэлэнгийн Шаамар сумын Охиноогийн тэр жаахан өвөлжөө бууцыг өөрт нь үлдээчиж болноо доо? Бүр зориудаар ингэсэн юм. Молотовын хутган үймүүлэлт, ичгэвэргүй түрэмгий зан, увайгүй довтолгоон үүгээр тод харагддаг. Муухай хорлонтой! Ер нь үүгээрээ ч түүхэнд их алдартай” гэж.