Монголчуудын 1237 онд өрнө зүгт хийсэн аян дайны явцад болсон нэг тулалдаан бол Оросын вангуудын нутаг дэвсгэрт болсон Сити (Сить) голын тулалдаан юм. Энэ тулалдааны талаар оросууд маш их ач холбогдол өгдөг бол Монголчуудын хувьд энэ нь жирийн л нэг жижиг тулалдаан юм. Оросууд чанар чансаагаараа Европт болсон Лигниц, Шайо голын тулалдаантай энэ тэнцүү гэж үздэг.
Бат хан 1237 онд Оросын нутаг дэвсгэрт орсны дараагаар 1238 оны хоёрдугаар сар гэхэд зүүн хойд Орос тэр чигтээ Монголчуудад эзлэгдсэн бөгөөд бут цохигдсон Оросын тархай бутархай цэрэг, ангиудыг Владимирийн их ван Юрий Всеволодич цуглуулан нэгтгэж байлаа.
Бат хан Сүбээдэй баатар нарын удирдсан цэрэг Владимир хотыг 1237 оны хоёрдугаар сарын 3-7-ны хооронд эзлэн авсан, тухайн үед их ван Юрий Всеволодич хотод байгаагүй бөгөөд цэрэг цуглуулах нэрийдлээр хотын иргэдэд хувь заяаг нь даатгаад зугтсан юм. Владимир хот эзлэгдэж вант улсгүй болсон Юрий ван Сити голын ойролцоо цэрэг цуглуулж шийдвэрлэх тулалдаан хийхээр шийдсэн нь тэр байлаа. Тэрээр ойролцоох вант улсууд руу элч илгээн Монголчуудын эсрэг хамтран тэмцэх зорилгоор цэргийн эвсэл байгуулах гэж оролдож байв. Сити гол нь 159 км урт бөгөөд өнөөгийн ОХУ-ын Тверь болон Ярослав мужийн зааг дээр оршдог.
Игорь Мошкины “Ситийн тулалдаан” хэмээх зураг
Юрий Всеволодич вангийн гол зорилго бол хот хэрмийг цөөн цэргийн хүчээр гаргууд байлдан дагуулж буй Монголчуудтай хээр талд хүний олноор тосон тулалдах байлаа.
Түүний мэдэлд оросын өнцөг булан бүрээс цугласан 20 мянга орчим цэрэг байсан юм. Байгаа бүх зүйлээ алдсан орос хүн бүр түрэмгийлэгчидтэй эцсийн шийдвэрлэх тулалдаанаа хийхээр Сити голын зүг цувж байсан юм. Их ван Юрий Всеволодич Новгород хотын ойролцоох Сити голыг зүгээр ч нэг сонгосонгүй. Монголчуудад ялагдсан тохиолдолд хүч сэлбэх боломжтой, хүн ам сийрэг хойд Оросын ой хөвч рүү зугтах боломжтой байжээ.
Түүнтэй хамт их вангийн дүү Святослав Всеволодович, Ростовын ван Василько Константинович, Угличийн ван Владимир Константинович, Ярославлийн ван Всеволод нар нэгдсэн арми зохион байгуулан Монголчуудыг хүлээжээ. Харин Новгородын ван Ярослав Всеволодович өөрийн төрсөн ахдаа туслахаас татгалзсан юм. Үүний хариуд нь Монголчууд Новгород хотыг эзлэлгүй 200 км ойртон очоод гэдрэг буцсан түүх эндээс л үүсэлтэй билээ.
Эдийн засаг хүн амаар баян Новгород хотоос тусламж ирнэ гэж ихэд найдаж байсан нь талаар болжээ. Оросуудын хар амиа бодсон явдлын нэг илрэл бол Новгород хотынхны гаргасан араншин юм. Хэрэв тэд Юрий ванд тусалсан бол Монголчууд ганцхан цохилтоор Новгород хотыг газрын хөрснөөс арчих байсан билээ.
Энэ үед Бат ханы тушаалаар Ростов болон Углич зэрэг жижиг хотуудыг байлдан дагуулж байсан Бат ханы түмтийн ноён, Бурундай буюу Боролдой баатар Углич, Ростов, Ярославль, Кснятин хотуудыг эзлэн оросуудыг мөр даран хөөж явсаар Сити голын эрэгт 1238 оны гуравдугаар сарын 4-нд тулан ирсэн байна.
Боролдой баатар байлдааны төлөвлөгөө боловсруулан гуравдугаар сарын 4-ний үүрээр 3000 цэрэг бүхий Оросын нэгдсэн армийн харуулыг гэнэтийн цохилтоор бут ниргэн үндсэн хүч байрлаж байсан хуаран руу нь дайрсан байна. Сити голын дэргэд Бурундайд нэг түм буюу хамгийн ихдээ л 10 мянга орчим цэрэг байжээ.
Тэрээр Бат ханы түмтийн ноён байсан тул түүнд түүнээс өөр хүч ч байсангүй.
Оросууд бие биенээсээ зайтай тосгонд байрлаж байсан бөгөөд хүчээ нийлүүлэн хамтран байлдах боломж олж чадалгүй бут цохиулжээ. Мөн тэд бэхлэлт барьж байсан ч түүнийгээ дуусгаж амжилгүй, бас тэр нь ч хэрэг болсонгүй хиар цохиулжээ. Зугтсан дайсныг Монголчууд 40 орчим км хөөж бүгдийг нь толгой дараалан устгасан байна. Монголчууд “цүүц хатгаа хатгах”, “бүслэх”, “нуман түлхүүр байр”, “нэхэж байлдах” гэх зэрэг байлдааны олон шилдэг арга тактикийг энэ тулалдаанд хэрэглэсэн юм. Юрий ван, ван Всеволод, Жирослав Михайлович гээд бүх ноёд жанжид, 20 мянга орчим цэргийн дийлэнх нь алагдсан юм. Тулалдаанд амьдаараа олзлогдсон Ростовын ван Васильког Боролдой жанжин Бат ханд хүчин зүтгэхийг шаардахад тэрээр татгалзсан тул амийг нь хороосон байна.
Ситийн тулаанаас сэдэвлэн Оросын эзэн хааны академийн профессор В.П.Верещагины
1896 онд зурсан зураг.
Сити голын тулалдаанаар Зүүн хойд Оросын ирээдүй Монголчуудын гарт орсон юм. Тулалдааны дараагаар Ростовын хамба лам Кирилл Юрий вангийн толгойгүй цогцсыг олж (толгой нь олдоогүй) хотынхоо сүмд оршуулсан гэдэг. Энэ тулалдаан бол Монголын жирийн л түмтийн ноёны тулалдаан бүхэнд гүйцэтгэдэг энгийн нэг байлдааны даалгавар байжээ. Тулалдаанд хамтарч оролцоогүй төвийг сахисан Новгород хот Бат ханд цаашдаа алба барьж байхаар болсон бөгөөд Монголчуудыг эсэргүүцсэн хэн бүхнийг ямар хувь тавилан хүлээж байгааг ойлгуулсан тулалдаан болсон юм.
Тулалдаан олон сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Лаврентийн он тооллын бичигт дурдсанаар “хоёр талын цэрэг учирч, хатуу ширүүн тулалдаан болов. Манайхан харь овогтнуудаас зугтав. Тэр үеэр Юрий ван алагджээ”, Рашид ад дины тэмдэглэснээр бол “ямар ч тулалдаан болоогүй, энэ нутгийн эмир Ванке Юрку зугтаж ойд шурган оржээ, түүнийг барьж аваад алжээ”, Мажарын он дараалсан бичигт “тэд Георгий гэгч ванг асар олон хүнийх нь хамтаар хороожээ” гэх мэтээр өгүүлжээ.
Сити гол дээрх тулалдаан Орос орны цаашдын хувь заяаг шийдсэн бөгөөд зүүн хойд Оросын хувь заяа 260 гаруй жилийн турш Алтан ордны улсын гарт орсон юм.
Сити голын тулалдаанд зориулсан дурсгалын цогцолбор