
Редакторын тэмдэглэл: Питер Берген бол CNN агентлагийн Үндэсний аюулгүй байдлын шинжээч, Аризонагийн их сургуулийн профессор юм. Тэрээр “Эмх замбараагүй байдлын өртөг: Трампын засаг захиргаа ба дэлхий” номын зохиогч юм.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2003 оны гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Ирак руу довтлох тушаал гаргасан. Буш болон түүний Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Иракийн дарангуйлагч Саддам Хуссейнийг үй олноор хөнөөх зэвсгээр шүдээ хүртлээ зэвсэглэсэн, Аль Каидатай эвсэж байгаа хэмээн америкчуудад хандан удаа дараа мэдэгдэж байв.
Эцэст нь эдгээр мэдэгдлүүдийн үр дүнд ихэнх америкчууд 2001 оны 9-р сарын 11-ний халдлагад Саддам дам нөлөөтэй гэж итгэхэд хүрсэн юм. АНУ, Их Британийн арми Саддамын цэргүүдийг хэдхэн долоо хоногийн дотор бутниргэсэн ч түрэмгийлэгчдийн эсрэг эсэргүүцэл Иракт олон жил үргэлжилсэн. 2003 оны 12-р сарын 13-нд АНУ-ын тусгай ажиллагааны хүчин Саддамыг Иракийн хойд нутагт нүхэнд нуугдаж байхыг олж баривчилсан юм.

Холбооны мөрдөх товчоо 30 гаруй насны, араб хэлээр торохгүй ярьдаг тус товчоонд Ойрхи Дорнодын хэлтсийн Ливаныг хариуцсан нэгжид ажилладаг тусгай ажилтан Жорж Пирог баригдсан дарангуйлагчтай нүүр тулан байцаалт авахад хамгийн тохиромжтой хүн хэмээн үзсэн байна. Учир нь Пирогийн намтар дахь албан ажлын тодорхойлолт нь үнэхээр өө сэвгүй, гайхалтай байсан гэнэ. Тэр өглөөний 6 цагт Вашингтон ДС хотын төвд байрлах Холбооны мөрдөх товчооны биеийн тамирын зааланд ирж дасгал хийгээд, өглөөний 7 цагт Ойрхи Дорнодын түүхийн номоор дүүрэн оффис дээрээ ажлаа эхлэдэг байв.
Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос урьтаад АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар Саддамаас байцаалт авсан. Үргэлжлүүлээд долоон сарын хугацаанд Пиро Саддам Хусейнтэй өдөр бүр олон цагаар ярилцаж, байцаалтын өрөөнд түүнээс өөр хэнийг ч оруулдаггүй байжээ. Үр дүнд нь Пиро Иракийн дарангуйлагчаас ямар ч бөөнөөр хороох зэвсэг байхгүй, тэр байтугай Саддам Аль Каидагийн удирдагч Осама бин Ладеныг үл тоомсорлодог гэдгийг ч олж мэджээ.
Саддам Пирод хэлэхдээ, Иракт хийсэн америкчуудын дайн бол 21-р зууны Америкийн анхны бөгөөд хамгийн том гэм нүгэл хэмээгээд худал таамаглалын дор тулалдаж байсан олон мянган Америкийн цэрэг, хэдэн зуун мянган иракчуудын аминд хүрсэн мөргөлдөөнд АНУ өөрөө буруутай гэж хэлж байжээ. Саддамын хэлснээр бол Иракт хийсэн энэ дайны жинхэнэ ялагч нь Америк биш, Иран болсон гэнэ. Ингээд ирэх өнгөрсөн оны долдугаар сард Холбооны мөрдөх товчооноос тэтгэвэртээ гарсан Жорж Пиротой Си Эн Эн агентлагийн тоймч Питер Берген хэрхэн ярилцсаныг та бүхэндээ сийрүүлэн хүргэе.
Питер Берген: Энэ бүхэн хэрхэн эхэлсэн талаар ярьж өгөөч?
Пиро: Зул сарын баяраар оройн 5 цагийн үед Терроризмтой тэмцэх хэлтсийн ахлах албан тушаалтан над руу залгасан. Тэгээд тэр надад Холбооны мөрдөх товчооны нэрийн өмнөөс Саддам Хуссейнийг байцаахаар сонгогдсон гэж мэдэгдсэн.
Берген: Та ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
Пиро: Сандарсан. Үнэнийг хэлэхэд олон жилийн турш дэлхийн улс төрийн тавцанд байсан хүнийг байцаах гэж байгаагаа мэдэхэд аймшигтай санагдаж байсан. Гэхдээ Холбооны мөрдөх товчооны нэрийн өмнөөс маш чухал үүрэг хариуцлага оногдуулж байгааг ухамсарласан. Би Barnes & Noble-д очиж Саддам Хуссейны тухай хоёр ном худалдаж авч, нэгд нэгэнгүй уншаад түүнийг хэн болохыг болон байцаалтын стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой бүх зүйлийн талаархи ойлголтоо олж авсан. Яахав өмнө нь би Иракт нэг удаа очиж байсан, энэ нь Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын анхны бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Иракийн соёл, Саддам тэргүүтэй Баас намын тухай судалгаа хийсэн юм.
Саддам 1937 оны 4-р сарын 28-нд аль-Ажва хэмээх жижиг тосгонд (Иракийн Тикритийн ойролцоо) төрсөн. Аавгүй байсан тул бага нас нь маш хэцүү байсан бөгөөд ээж нь хойд эцэг болсон авга ахтайгаа гэрлэжээ. Саддамын гэр бүл маш ядуу байсан бөгөөд сургуульд сурах ч боломжгүй байсан ч бага нас нь Саддамыг улам хүчтэй болгон төлөвшүүлжээ. Бага нас нь түүнд хэнд ч итгэхгүй, зөвхөн өөрийн зөн совиндоо найдах гүн хүслийг төрүүлсэн. Залуу байхдаа тэрээр Иракийн Баас намд элссэн бөгөөд түүний анхны даалгаваруудын нэг нь тухайн үеийн Ерөнхий сайдын амийг хөнөөх явдал байв. Энэ оролдлого нь бүтэлгүйтэж, Саддам Иракаас зугтан зайлахаас өөр аргагүй болжээ. Гэвч буцаж ирэхдээ тэрээр улам хатуу ширүүн залуу болж ирсэн ба энэ тодорхойлолт нь түүнийг насан туршид нь дагасан.

Саддамтай анх уулзахад 30 секундын дотор л тэр миний тухай хоёр зүйлийг мэдсэн. Би түүнд өөрийгөө Жорж Пиро гэдэг бөгөөд энэ байцаалтыг би удирдана гэдгээ хэлэхэд тэр даруй “Чи Ливан хүн байна” гэж хэлсэн. Би түүнд эцэг эхээ Ливан хүн гэж хэлэхэд тэр “Чи Христийн шашинтан” гэж хэлсэн. Би түүнээс миний ливан хүн болон христийн шашин шүтдэгт асуудал байгаа эсэхийг лавлахад тэр огтоос үгүй гэж хэлсэн. Тэр Ливаны ард түмэнд хайртай байсан. Ливаны ард түмэн ч Иракийн удирдагчид хайртай байсныг би мэдэх юм. Тэгээд би “За, гайхалтай. Бид гайхалтай зохицох болно” гэж хариулсан. (Саддам исламын суннит урсгалыг дагадаг бол Иракийн хүн амын ихэнх нь шийт шашинтнууд байв.)
Берген: Та Саддамтай хэр удаан хамт байсан бэ? Мэдээжийн хэрэг та араб хэлээр байцаалтаа авсан уу?
Пиро: Долоон сар орчим. Эхэндээ би түүнтэй өглөөгүүр уулздаг байсан. Мөн түүнд эмнэлгийн үйлчилгээ авахад нь зориулж орчуулга хийж өгдөг байв. Тэгээд долоо хоногт нэг юмуу хоёр удаа хэдэн цагийн турш үргэлжилсэн албан ёсны байцаалт авдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнтэй ойлгомжтой харилцаж чаддаг болсон тул ганцаарчилсан өрөөнд хамт цагийг өнгөрөөх болсон. Бид өдөр бүр 5-7 цагийг хамт өнгөрүүлнэ. Тэгээд бид бүх зүйлийн талаар ярилцсан. Эхний хоёр сард миний зорилго бол зүгээр л түүнтэй юу ч хамаагүй ярилцах явдал байв. Би түүний амьдралдаа юуг эрхэмлэдэг, түүний дуртай, дургүй зүйлс, сэтгэлгээний тухай мэдэхийг хүссэн. Бид түүх, урлаг, спорт, улстөр гээд бүхий л зүйлийн талаар ярилцсан. Тэр ямар ч эргэлзээгүйгээр бүх зүйлсийн талаар бодлоо хуваалцаж байв. Хүмүүс надаас Саддамаас анхны байцаалт авсан тухай асууж, “Ямар байсан бэ?” гэж асуусан. Эхний ярианы үндсэн сэдэв нь Саддамын зохиож, хэвлүүлж байсан номынх нь талаар байсан гэдгийг би удирдлагууддаа хэлж байсан.

Бэргэн: Сайн зохиол байсан уу?
Пиро: Үгүй ээ, тэр ном нь “Забиба ба хаан” гэсэн нэртэй роман байсан.
Берген: Зохиолын сэдэв нь юу байсан бэ?
Пиро: Забиба гэх үзэсгэлэнтэй араб эмэгтэй аймшигтай, хөгшин эртэй гэрлэдэг. Мэдээж Забиба нь Иракийг төлөөлж байгаа бол хөгшнөөр АНУ-ыг төлөөлүүлж, ёгтолж бичсэн ном. Хаан харин царайлаг, эрэлхэг бөгөөд Забибаг зовлонгоос нь аварч, тэд мөнхөд аз жаргалтай амьдарч байгаа тухай. Мэдээж хаан хэн байсныг та төсөөлж болно.
Байцаалтын үр дүнг сайжруулж чадах гол зүйл бол байцаагдагчийн тухай төрөл бүрийн мэдлэг олгох харилцан ярианууд юм. Ингэснээр байцаагдаж байгаа хүн байцаалт авч байгаа хүндээ худал хэлэхэд маш хэцүү болдог. Би Саддамыг ойлгож, Саддамыг өөрийгөө мэддэг шигээ сайн мэдэхийг хүссэн. Нэг жишээ хэлэхэд, 1990 онд Саддам Кувейт руу довтлох шийдвэрийг яагаад гаргасан талаар мэдэхийг хүссэн. Энэ нь мэдээж удирдлагуудын зүгээс өндөр хүлээлттэй байв. Ингэхийн тулд би бусад Иракаас олзлогдсон “өндөр үнэ цэнэтэй хоригдлууд”-аас байцаалт авахад байлцаж, Саддамын энэ шийдвэрийн талаар тусгайлан ярилцсан. 1990 онд Кувейт руу довтлохоор шийдсэн шийдвэрээ Засгийн газартаа анх танилцуулахдаа нөхцөл байдал ямар байсныг, хурлын танхимд Саддам хаана сууж байсныг, юу хэлсэн, хийсэн, бүсэн дэх буугаа хүртэл аль талдаа зүүж байсныг би мэдэж авсан. Тиймээс, Саддамтай энэ сэдвээр ярилцахдаа баримтыг буруу тайлбарлах, худал хэлэх боломжгүй байлгахын тулд жижиг нарийн ширийн зүйлсийг ч хөндөж байсан. Мэдээж байцаалтын энэ стратеги баривчлагдсан этгээдэд маш их дарамт учруулдаг, худал хуурмагийг боловсруулах бололцоо олгодоггүй.
Берген: Энэ үед Тагнуулын төв газар “албадан байцаах хөтөлбөрөө” хэрэгжүүлж байсан. Та энэ хөтөлбөрийг дагаж мөрдсөн үү?
Пиро: Би энэ тухай хожим мэдсэн. Тагнуулынхны өөрсдийнх нь тодорхойлдгоор “Сайжруулсан байцаалтын арга техник” гэгдэх энэ хөтөлбөрийг би хэзээ ч ашиглаж байгаагүй. Энэ албадан байцаах хөтөлбөр АНУ-ын Үндсэн хууль тэр байтугай Холбооны мөрдөх товчооны үнэт зүйлстэй үнэхээр харшилдаг. Тиймээс, миний хувьд энэ сонголт хэзээ ч байгаагүй.
Тэгээд ч анхнаасаа Холбооны мөрдөх товчооны Терроризмтой тэмцэх хэлтсийн даргын туслах надад “Саддам Хусейнтэй нэг жилийг өнгөрөөхөд бэлэн байгаарай” гэж хэлсэн юм. Тийм учраас би яарч тэвдэж түүнийг албадан байцаах шаардлагагүй байсан. Саддамаас авахыг хүссэн мэдээллийн тагнуулын үнэ цэнэ цаг хугацааны явцад буураагүй. Бид үүнийг эхний өдөр эсвэл 365 дахь өдөр авсан эсэхээс үл хамааран үнэ цэнэтэй байсан. Эсрэгээрээ өөр нэгэн алан хядагчийг байцааж байсан бол түүний боловсруулсан хуйвалдааны аюул заналхийлэл, цаг хугацаатай холбогдох өөр нэгэн халдлагаас урьдчилан сэргийлэх гээд байцаалтын арга барил өөр болох юм.

Бидний мэдэхийг хүссэн зүйл нь Саддамын толгойд байгаа бөгөөд энэ нь стратегийн ач холбогдолтой байв. Тиймээс урт хугацааны байцаалтын явцад үр дүнтэй стратеги боловсруулах нь үнэхээр гол зүйл байсан.
Берген: 9-р сарын 11-ний дараа олон америкчууд Саддамыг энэ халдлагад ямар нэг хэмжээгээр оролцсон гэж итгэж байсан. Тэр энэ тухай юм хэлсэн үү?
Пиро: Таны санаж байгаагаар, Ирак руу довтлохоос өмнө Иракийн удирдлагуудыг 9-р сарын 11-ний халдлагад идэвхтэй оролцсон гэж мэдэгдэж байсан манай Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд цөөнгүй байсан бөгөөд байцаалт явуулж байгаа манай баг тэдний энэ хардлагыг бодитой эсэхийг тодорхойлж өгөх ёстой байсан. Энэ бол бидний хоёр дахь хамгийн чухал зорилт байсан. Мэдээж байцаалтаас хүлээж байсан эхний гол үр дүн нь Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн тухай мэдээлэл л дээ. Хоёрдугаарт л Аль Каида бүлэглэл болон Иракийн Засгийн газар хоорондын харилцааны цар хүрээг тодорхойлох явдал орж байсан.
Саддам надад энэ сэдвээр ярихдаа Осама бин Ладенд дургүй, тэр өөрөө Арабын ертөнцийг хамарсан Исламын нэгдсэн улс байгуулах зорилготой, мөрөөдөлтэй учраас Аль Каида бүлэглэлийн үзэл сурталд итгэдэггүй, түүний зорилгод хашилна гэж үздэг хэмээсэн. Энэ мөрөөдлөөсөө болж Саддам эрх мэдлээ бусдад шилжүүлэх эсвэл өөр хэн нэгэнд ийм Исламын нэгдсэн улс байгуулах боломж олгох хүсэл огтоос байгаагүй. Тэр ч байтугай Саддам Осама бин Ладены талаар хошигносон өнгө аясаар, “Ийм сахалтай хүнд үнэхээр итгэж болохгүй шүү” гэдэг байв.
Иракийн цэрэг, армийн бусад өндөр түвшний олзныхон ч Аль Каида бүлэглэлтэй ямар ч харилцаа холбоотой ажилласан удаа байхгүй гэдгийг баталсан. Хамгийн сайндаа л Саддам надад Аль-Каида бүлэглэлийг бүрэн гартаа оруулж чадвал нэмэлт хүч болох юм даа гэж л хэлж байсан.
Берген: Саддам шашингүй үзэлтэй байсан, тийм үү?
Пиро: Саддам өөрийгөө түүхэн дэх хамгийн агуу Арабын удирдагчдын нэг гэж тооцогдохыг хүссэн. Түүний бодлоор тэр өөрөө Арабын ислам шашинтнуудын түүхэн дэх гурав дахь агуу дайчин гэнэ.
Берген: Саладинтай зэрэгцэх нь ээ?
Пиро: Тийм ээ. Саддамын хэлснээр бол Бошиглогч Мухаммед, агуу Саладины дараа тэр өөрөө Арабын ертөнцөд хамгийн агуу удирдагч гэсэн. Тиймээс Саддамыг ийм агуу удирдагч, дайчин гэж хүлээн зөвшөөрөхийн тулд түүнийг мэдээж хэрэг исламын шашны үнэнч зүтгэлтэн гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ онцлог нь тийм ч их сүсэг бишрэлтэй нэгэн байгаагүй, эсрэгээрээ улс төр, геополитик, цэрэг армийн салбарт ууссан нэгэн. Шашинд тэгтлээ автаад байдаггүйгээ тэр өөрөө ч бусдаасаа нуудаг байсан.

Берген: Сонирхолтой нь Саддамын Гадаад хэргийн сайд Тарик Азиз христийн шашинтай нэгэн байсан?
Пиро: Тийм ээ. Тарик Азиз нэгэн үе түүний Шадар сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Тэр бол католик шашинтан бөгөөд Саддам түүнийг хэзээ ч шүтлэгээс нь болж асуудал үүсгэж байсангүй, тэр бүү хэл түүний ордон болон Ерөнхийлөгчийн институцийнх нь ажилтнуудын ихэнх нь христийн шашинтнууд байв.
Берген: Үй олноор хөнөөх зэвсэг. Саддамын нэрийг дагаж явдаг энэ сэдэв анх яаж гарч ирсэн юм бэ, тэр энэ талаар ямар бодолтой явдаг байсан бол?
Пиро: Саддамыг байцаахаар сонгогдохдоо би Лэнглид (ТТГ) очсон. Би Лэнглигийн холбогдох албан тушаалтнууд, Ирак болон Саддамын талаар ажиллаж байгаа хүмүүстэй уулзсан. Саддамын талаар Тагнуулын төв газраас гаргасан нууц мэдээлэлтэй танилцахыг надад зөвшөөрсөн бөгөөд Саддам манай тагнуулынханд анхлан байцаагдахдаа үй олноор хөнөөх зэвсэг болон Аль Каидагийн талаар ярих хүсэлгүй байсан аж.

Нэг сонирхолтой зүйл болсон. Хоригдож байхдаа Саддамын 67 насны төрсөн өдөр болсон юм. Энгийн л нэг байцаалтын өдөр, онцлог нь түүнд иракчууд түлхэгдэн унасан удирдагчийнхаа төрсөн өдрийг хэрхэн хүлээж авч байгааг телевизээр харуулсан. Иракчууд Саддамыг хэрхэн үзэн ядаж байгааг телевизээр нэвтрүүлж байгааг Саддам хараад маш их сэтгэлээр унаж, бүхэл өдрийн турш түүнд хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ түүний төрсөн өдрийг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хүндэтгэж үзсэн. Ээж маань гар хийцийн жигнэмэг хийж өгснийг би түүнд авчирсан юм. Бид түүний хүслээр хамтдаа цай уусан. Энэ нь түүний сэтгэлийг бага ч атугай сэргээсэн.
Бэргэн: Тэгээд тэр чамд юу гэж хэлсэн бэ?
Пиро: Саддамын надад хэлсэн зүйл бол мэдээж Иракт бидний сэжиглэж байсан үй олноор хөнөөх зэвсэг байхгүй болохыг эцэстээ баталсан юм. Саддам 2000 оны 6-р сард олны анхаарал татсан илтгэл тавьсан бөгөөд энэ нь Ирак улс хүчирхэг зэвсэгтэй болж байгаа тухай үгс багтсан байдаг. Саддамд үнэхээр үй олноор хөнөөх зэвсэг байгаагүй юм бол тэрхүү илтгэлдээ яагаад тэгж хэлсэн бэ? Удирдлагууд надаар дамжуулан энэ талаар асуусан бөгөөд хариулт нь намайг багагүй гайхашруулсан. Түүний хамгийн том дайсан нь АНУ эсвэл Израиль байсангүй. Хамгийн том дайсан нь Иран байсан бөгөөд тэрээр Ирантай тэнцвэртэй байх эсвэл өрсөлдөхийг байнга хичээдэг байсан аж. Саддамын хамгийн том айдас нь хэрвээ Иран улс Иракийг сул дорой, зэвсэглэл муутай болсныг олж мэдвэл өмнөд Ирак руу довтолж, халдан түрэмгийлэхэд юу ч саад болохгүй байх байсан. Тиймээс түүний зорилго нь Ираныг айлгаж, хол байлгах явдал байв.

Берген: Тэрээр иранчуудыг Ирак руу довтлохоос сэргийлэхийн тулд л ийм үг хэлсэн гэж үү? Чиний хэлснийг би зөв ойлгов уу?
Пиро: Мэдээжийн хэрэг. Учир нь Иран түүний хамгийн том аюул байсан юм. Хэрэв та дайны өмнө санаж байгаа бол Саддамын байр суурь, түүний зарим тодорхой бус мэдэгдэл, ард түмнийхээ эсрэг химийн болон биологийн зэвсэг хэрэглэж байсан түүх, мөн хилийн чанадад дайн дажин хийж байсан зэргээс болж Иракт цөмийн зэвсэг бий гэсэн дүгнэлтэд дэлхийн бүх тагнуулын агентлагууд хүрсэн. Саддам хэрэв энэ зүг рүү явж байсан бол мэдээж хэрэг Ираны цөмийн зэвсгийн судалгааны хөтөлбөртэй л өрсөлдөж, хоцрохгүйг хичээх явдалд байсан болов уу.
Берген: 1980-аад оны үед Ирак, Иран хоёр бараг найман жил үргэлжилсэн дайн хийж, хоёр талаас хэдэн сая хүн амиа алдсан. Энэ нь түүнийг америкчуудаас ч илүүтэй шөнө унтуулдаггүй байсан юм биз дээ?
Пиро: Мэдээж. Хэрэв та санаж байгаа бол, Ираны арми энэ дайны эхний үе шатанд Иракийн зарим газар нутгийг булаан авч чадсан бөгөөд дараа нь үүнээс цааш давшилгүй мухардмал байдалд орсон.
1987 онд л Иракийн арми Тегеран руу хүчтэй цохилт өгч иранчуудыг ухраасан, Тегераныг буулт хийж, Аятолла Хомейниг хэлэлцээрийн ширээний ард суухаас аргагүйд хүргэсэн юм. Хэдэн жилийн дараа Саддам АНУ-ын хориг арга хэмжээ болон олон улсын зүгээс Иракт хийсэн зэвсгийн шалгалтаас болж цэрэг арми нь ямархуу сул дорой байдалд байгаагаа иранчуудад мэдэгдэхээс айж байсан. Тэрээр 1987-1988 оны үеийнх шигээ хүчирхэг, аюултай хэвээрээ байгаа гэж хамгийн том дайсан болох Иранд ойлгуулахын тулд бүхнийг хийж байсан.
Би Саддамаас “Олон улсын болон АНУ-ын хориг арга хэмжээ цуцлагдахад та юу хийх гэж байсан бэ?” гэхэд тэрээр “Бид өөрсдийгөө хамгаалахын тулд хийх ёстой бүх зүйлийг л хийх байсан” гэж хэлсэн. Энэ нь Ирак улс зэвсэглэлтэй холбоотой бүхий л томоохон хөтөлбөрүүдээ сэргээнэ гэсэн үг юм.
Берген: Тэр АНУ-ын түрэмгийлэлд цочирдсон уу?
Пиро: Үгүй ээ, тэр ийм зүйл болоход гайхсангүй. Эхэндээ тэр биднийг дайрна гэж бодоогүй. Өмнө нь 90-ээд онд АНУ-ын зүгээс дөрвөн өдрийн турш агаараас цохилт өгч байсан шигээ л агаарын довтолгоо хийх гэж байна гэсэн сэтгэгдэлтэй байсан. Тийм ч учраас тэр 2002 оны есдүгээр сар хүртэл эсэргүүцэж байсан бөгөөд тэр үеэс л Ерөнхийлөгч Буш Ирак руу довтлох бодолтой байгааг ойлгосон. Тиймээс тэрээр өөрийн хатуу байр сууриа өөрчилж, Иракт олон улсын шинжээчдийг оруулж шалгалт явуулахыг зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч 2002 оны 10, 11-р сар гэхэд дайн зайлшгүй тулж ирсэн гэдгийг Саддам ойлгож, өөрийгөө болон удирдлага, цэрэг армиа дайнд бэлтгэж эхэлсэн гэж надад хэлсэн.
Берген: АНУ түүний дэглэмийг маш хурдан унагасныг гайхсан гэж та бодож байна уу?
Пиро: Тэр надад цэргийн командлагчдаасаа ердийн дайнд хоёр долоо хоногт бэлдэхийг хүссэн, дараа нь тэр үед уламжлалт бус дайн эсвэл бослого дэгдэхийг хүлээж, таамаглаж байсан бөгөөд АНУ-тай хүнд хэцүү дайн хийнэ гэдгээ ойлгож байсан.

Бэргэн: Таны байцаалт Саддамыг шүүх хурлын үндэс болсон, тийм үү? Та түүний ард түмнийхээ эсрэг үйлдсэн гэмт хэргийн талаар судалж үзсэн бөгөөд тэр нотлох баримт нь түүний эсрэг шүүх дээр ашиглагдаж, эцэст нь цаазаар авахуулахад хүргэсэн. Энэ зөв үү?
Пиро: Зөв. Бидний гол зорилго бол мэдээлэл цуглуулах, биднийг дайнд хүргэсэн хоёр гол асуултад хариулахын зэрэгцээ түүнийг яллахад тустай нотлох баримтуудыг цуглуулах явдал байв, хүн бүр л хэзээ нэгэн цагт Саддам үйлдсэн хэргийнхээ төлөө шударга ёсны өмнө очих ёстой гэдгийг ухамсарлаж байсан. Тиймээс бид түүхэн үйл явдлуудад анхаарлаа хандуулж Кувейт руу довтолж, курд иргэдийг хорт хийгээр хордуулсан тухай ярилцсан. Бид эдгээр халдлагаас амьд үлдсэн гэрчүүдийг ирүүлж, Саддамын шүүх хуралд оролцож, түүний гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхийг хүсч байсан бөгөөд хэргийг батлах баримт бичиг, аудиог олж авсан.
Берген: Хорин жилийн дараах гол асуулт. Та Иракийг одоо эргэж харвал хэдэн зуун мянган хүн амиа алдсан иргэний дайн өрнөсөн. Саддамын үед Аль Каида Иракт хоншоороо ч цухуйлгаж байгаагүй бол түүнийг үгүй болсны дараа Иракт Аль-Каидагийн хүчирхэг салбар үүсч, улмаар ИСИС болж хувирсан. Дараа нь Сирид иргэний дайн өрнөж, шашны бүлэглэлүүд хүнд хэцүү дайн өдөөсөн. Саддам аймшигтай хүн байсан л даа. Гэсэн хэдий ч тэр Ирак төдийгүй Ойрхи Дорнодод харьцангуй дэг журам тогтоож, соёл боловсролтой Ирак улсыг бий болгож байсан. Та энэ талаар юу гэж боддог вэ?
Пиро: Энэ маш хэцүү асуулт байна. Саддам бол манай үеийн хамгийн харгис дарангуйлагчдын нэг бөгөөд түүхэн дэх хамгийн аймшигт харгис хэргүүдийн хариуцагч байсан. Гэхдээ нөгөө талаар Иракийг хатуу гараар захирах ямар хүнд байсныг би төсөөлж мэдэхгүй ч түүнийг унагах нь зайлшгүй байсан. Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчийн хувьд би энэ талаар бодож, анхаарлаа өөр үзэл бодолд төвлөрүүлэх ёсгүй байсан. Миний ажил бол ердөө л байцаалт авах байсан. Яахав намайг хамгийн их бухимдуулж байдаг зүйл бол дайны эхэнд боломжууд байсан бөгөөд бидний зүгээс томоохон бүтэлгүйтэлтэй тулгараагүй бол Ирак өнөөдөр арай өөр харагдах байсан даа гэж би боддог.
Берген: Ямар бүтэлгүйтлийг та хэлж байна?
Пиро: Миний хувьд АНУ-ын дайралт Иракийн зэвсэгт хүчнийг бүхэлд нь мөхөөсөн явдал гэж боддог?
Берген: Яагаад?
Пиро: 2003 онд Иракт хамгийн том ажил олгогч нь Иракийн цэрэг армийнхан байсан. Манайхан Иракт орж ирээд цэрэг армийг бүрэн татан буулгана. Аль ч улс орны нэгэн адил цэрэг хүн цалин, тэтгэмжээрээ амьжиргаагаа залгуулдаг бөгөөд ард нь мэдээж гэр бүл, үүрэг, хариуцлага байж л таарна. Бид шийдвэрийнхээ үр нөлөөг ойлгоогүй, бүгдийг нь албанаас чөлөөлсөн. Өөр олон салбарт шилжүүлэх боломжтой ур чадвар, сургалт бүхий ажиллах хүчнийг байхгүй болгоход тухайн улсын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх талаар бид бодоогүй. Үүний үр дүнд цэргийнхэн ердөө л иргэний дайн, шашны бүлэглэлүүдийн мөргөлдөөнд татагдан орсон. Иракийн ард түмэн биднийг эзлэн түрэмгийлэгч хүчин гэж үзэхээс өмнө бидэнд Саддамыг огцруулахад үнэхээр богино хугацаа байсан. Гэхдээ л бид зургаан сарын хугацаанд бүхнийг амжуулах ёстой байсан, ингээгүй нь маш том алдаа болсон гэдэгт би итгэдэг.
Берген: Одоо та жирийн иргэн болсны дараа Иракийн одоо, ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Пиро: Би эхлээд Иракийн ирээдүйг тийм ч өөдрөгөөр төсөөлөөгүй. Юуны өмнө Иракийг нэгдүгээрт тавьдаг удирдагч Иракт хэрэгтэй. Энэ бол Саддамын хийсэн цорын ганц зөв зүйл байсан, тэр Иракийг нэгдүгээрт тавьж, хүн бүрийг нэгтгэсэн. Шашин шүтлэг, угсаатны гарал үүслийг үл тоомсорлон, Иракийг нэг улс гэж нэгтгэх удирдагчтай болох хүртэл энэ улсын ирээдүй хэцүү байх болов уу?
Берген: Эцэст нь 2006 оны 12-р сард шийтүүд давамгайлсан Иракийн засгийн газар Саддамыг цаазалсан. Саддамыг дүүжлэхээс хэдхэн хормын өмнө түүнийг цаазын танхимд авчирсан хамгаалагчид түүнийг шоолж, шийтийн нэгэн алдартай санваартны нэрийг дурдан хашгирч байсныг харуулсан видеог Иракийн төрийн телевизээр цацсан. Та үүнийг харав уу? Та ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
Пиро: Тийм ээ. Дэлхийн бүх мэдээллийн сувгаар цацагдаж байсан болохоор би үүнийг харсан. Үнэнийг хэлэхэд, надад хүнд байсан. Саддамыг Иракийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутган цаазалжээ. Гэсэн хэдий ч түүнийг хэрхэн цаазлагдсаныг харахад өшөө авалт шиг л харагдаж байсан.
Берген: Саддамыг цаазалсан бичлэгийг үзээгүй хүмүүсийн хувьд энэ нь юу нь буруу гэж та бодож байсан бэ?
Пиро: Түүнийг шийтгэж, цаазлах болно гэдгийг бид хоёрын хэн хэн нь мэдэж байсан учраас түүний удахгүй цаазаар авахуулах ялын талаар бид ярилцсан. Тэр нүхэн дотроос гарч ирж америк цэргүүдэд олзлогдож байгаа өрөвдөлтэй дүр төрхөөр түүхэнд үлдэхийг үгүйсгэн, энэ бүхнийг даван туулахыг хүсч байсан. Түүнийг цаазлах үед ялыг хэрэгжүүлж байсан хүмүүс түүнийг шоолж байсан ч Саддам эсрэгээрээ өөрсдийг нь тавласан үгс хэлж залбирч байсан. Олс татахад тэр нүүрээ халхлах баг ч зүүгээгүй. Үүгээрээ тэр маш хүчтэй зоригтой нэгэн байсан гэдгээ хүмүүст харуулж чадсан. Одоог хүртэл Арабын суннит шашинтнууд түүнийг хүндэтгэн санаж байдаг.
Бэргэн: Та ном бичиж байгаа гэсэн үү?
Пиро: Мөрдөх товчооны зөвшөөрлөөр би өөрийн намтрын ном бичиж байна. Миний зорилго бол уншигчдад тэрхүү байцаалтыг үнэнээр харуулах. Би түүнтэй ярилцахаас гадна, түүний хөтөлж байсан тэмдэглэлийг уншиж, бодол санаа, төсөөллийг нь харж чадсан. Саддам надад түүнийг хоёр хүүгээс нь ч илүү сайн мэддэг боллоо гэж хэлж байсан. Тиймээс уншигчдад би номоороо дамжуулан зөвхөн харгис хэрцгий дарангуйлагч биш Саддам Хуссейны бусад бүх чанаруудыг ойлгуулах ном бичиж байгаа.