Украины зэвсэггүй, олзны цэргийг “Украин мандтугай” хэмээн хэлсний дараа буудан, амь насыг нь хөнөөж байгаа дүрс бичлэг дэлхий нийтэд тарсан.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Телеграм сүлжээнд цацагдсан 12 секундийн урттай дүрс бичлэгт Оросын талд олзлогдсон Украины цэрэг буудуулан алагдаж байгааг харуулсан юм. Дүрс бичлэг дээр зэвсэггүй эр нуувчны хажууд тамхи татан зогсох бөгөөд “Украин мандтугай” буюу “Слава Украине” хэмээн хэлсний дараа түүнийг автомат буугаар буудан хөнөөж байгааг харуулах бөгөөд дүрс бичлэгийн цаана орос цэргүүд хараалын үгс хэлдэг.
Тэгвэл амиа алдсан Украины цэргийн алба хаагч нь Александр Мациевский болохыг тогтоож, тэрээр Черниговын нутаг дэвсгэрийн хамгаалалтын мэргэн буудагч байсан бөгөөд түүнийг 2022 оны гуравдугаар сард цэргийн албанд дуудаж, арванхоёрдугаар сарын сүүлээр сураггүй алга болсон аж. Харин Александр Мациевскийн цогцсыг хоёрдугаар сард эх оронд нь авчирсан байна. Улмаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский амиа алдсан цэрэг Александр Мациевскийд “Украины Баатар цол” нэхэн олгож буйгаа зарласан байна.

Дүрс бичлэг онлайн орчинд тарсны дараа тэрхүү олзны цэрэг Украиныг дэмжигчдийн эр зоригийн бэлгэдэл болоод байв. Харин түүний хэн болох талаар хоорондоо зөрчилтэй мэдээлэл тарж байсан юм. Мягмар гарагт Украины армийн удирдлага эхлээд түүнийг 30 дугаар механикжсан бригадын байлдагч Тимофей Шадура байж болзошгүй талаар мэдээлж байв. Гэхдээ цэргийн шарилыг Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрээс шилжүүлж авсны дараа уг мэдээллийг бүрэн баталгаажуулахаа мэдэгдэж байжээ. Тимофей Шадура нь хоёрдугаар сарын 3-ны өдөр Бахмутын ойролцоо сураггүй алга болсон байлдагч байсан аж.
Удалгүй өөр нэг хувилбар яригдаж эхэлсэн нь алагдсан цэрэг 42 настай байлдагч Олександр Игоревич Мациевский гэх мэдээлэл байлаа.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Бахмутын дэргэд тулалдаж байжээ. Тэгвэл Украины Аюулаас Хамгаалах Алба өчигдөр твиттер хуудсандаа бичлэгт гарч буй олзны цэрэг нь Мациевский мөн болохыг баталсан байна.

“Бид шүүх эмнэлгийн гэрэл зургийн шинжилгээний дүгнэлтийг хүлээн авснаар бичлэгт дүрслэгдсэн цэрэг Олександр Мациевский мөн болохыг баталлаа. Талийгаачийн хамаатан садан, төрөл төрөгсдөөс авсан мэдүүлэг, гэрэл зураг, дүрс бичлэгийг боловсруулсан хэд хэдэн мөрдөх ажиллагааны дараа ийм дүгнэлт гаргаж байна. Энэ хүн бол үхэлтэй нүүр тулсан ч украинчуудын няцашгүй зан чанарыг дэлхий дахинд харуулсан жинхэнэ баатар юм” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Мэдэгдлийн дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский амь үрэгдсэн байлдагч Мациевскийд “Улсын Баатар” цол олгосноо зарласан байна.