1799 онд төрж, 1851 онд өөд болсон Армян гаралтай Шведийн түүхч, дипломатч Абрахам Константин Де Оссон нь монголчуудын түүхийн талаар алдартай бүтээл туурвисан эрдэмтэн хүн юм. Түүний “Монголчуудын түүх” номыг 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монгол хэлнээ хэвлэсэн юм. 2014 онд Монсудар компани мөн хэвлэсэн билээ. Номын хэсгээс уншигчдадаа сонирхуулъя.
Хойд талаараа Сибириэс тусгаарласан цувраа уулс, урд талаараа Солонгос, Хятад, Төвөд, Сыр-Дарья (Сейхун) мөрөн, Каспийн тэнгисээр хязгаарлагдан хүрээлэгдсэн Азийн төв хэсэг бол Ижил мөрнөөс Япон тэнгис хүртэл үргэлжилсэн газарзүйн асар уудам бүс нутаг юм.
Өнө эрт цагаас эхлэн энэ бүс нутагт нүүдэлчин овог аймгууд амьдарсаар ирсэн бөгөөд тэд түрэг, татаар буюу монгол, тунгус буюу зүрчид гэсэн ерөнхий нэр бүхий гурван өөр угсаатнаас бүрдэж байлаа. Тэдгээрийн хоорондын зааг ялгаа нь бие махбодын онцлогоор гэхээсээ илүүтэй тэдний хэл яриагаар илэрч байсан ажээ.
Татаар угсаатны нүүр царайны төрх байдал нь хятадуудынхтай нэлээд төстэй, бусад угсаатан ястны төлөөлөгчдийнхөөс амархан ялгах боломжтой. Нэлээд товгор хоёр шанааны нь хооронд байх навтгар хамарлуугаа чиглэн ташуудуу байрласан хүрэн нүд, цулцгар хацар, памбагар уруултай, толгой нүүр нь дугаригдуу, боровтор өнгийн арьстай, эрүүндээ армаг тармаг сахалтай.
Нүүр царайны нь иймэрхүү шинж байдал хойч үеийн нь монгол, халимаг, буриадуудад хэвээр хадгалагдан үлдсэн болно. Эд бол ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн ханхар цээжтэй, нарийн бүсэлхийтэй хүмүүс байдаг. Толгойн оройны үсийг тах хэлбэртэй болгон хусаж, ар талыг нь авснаар хоёр чихний нь араар унжсан гэзэг бүхий хэсэгхэн үс үлдэнэ.
Янз бүрийн өнгөтэй, ар шилнээс нь бусад хүрээг нь дээш эргүүлж, чанх ар тал руу нь урт, өргөнөөрөө алгын чинээ хэмжээтэй залаа унжуулсан хавтгайдуу малгай өмсөнө. Малгайныхаа хүрээний хоёр талаас сагалдрага гарган шаардлагатай үед эрүүнийхээ дор холбон зангидна, энэхүү хоёр сагалдрага нь салхинд арагш хийсэн байдаг ажээ.
Дээлний нь хоёр энгэр урд талдаа зөрж хажуу тал дээрээ товчлогдоно, бүсэлхийгээр нь чанга гэгч ороосон бүс байнга бүсэлнэ. Өвлийн цагт хоёр үстэй дээл давхарлаж өмсөх бөгөөд нэгний нь үсийг дотогш биерүүгээ, нөгөөгийн нь үсийг гадагш харуулна. Эмэгтэйчүүд нь их өндөр шовгор малгай өмсөх ба дээл хувцас нь эрэгтэйчүүдийнхтэй ялгахын аргагүй адилхан хийц маягтай.
Хүний өндөртэй чацуу эвхмэл хана тойруулан босгож, ханандаа доод үзүүрийг нь бэхлэн дээш налуулж босгосон олон унины дээд үзүүрт модон цагариг тогтоож босгосон гэрт амьдарна. Энэхүү саргар модон байгууламж дээрээ эсгий тавин битүү хучиж, хялгасан дээс аргамжаар уяж тогтооно.
Гэрийнхээ үүдийг ч гэсэн эсгийгээр хийх бөгөөд ямар ч нөхцөлд чанх урагш харуулж барина. Гэрийн эгц дээр байх дугуй цоорхойг дотогш нь агаар оруулах, бүхэл бүтэн айл өрх хамт амьдардаг энэхүү сууцны гол дунд байрладаг гал голомтноос гарах утааг гадагшлуулахын тулд байнга нээлттэй орхино.
Тэдний хамгийн дуртай хоол адууны мах. Махыг удаан хугацаанд хадгалахын тулд нарийхан нарийхан зүсэж агаарт өлгөж хатаах юм уу, утаж сэврээнэ. Түүнээс гадна, бүх төрлийн мал амьтны, түүний дотор үхсэн малын махыг ч гэсэн хүнсэндээ хэрэглэж, гүүний саамыг исгэж хийсэн айраг, сүүний нэрмэл ууж хөлчүүрхэх дуртай.
Ерөөсөө, мал сүрэг нь тэдний бүхий л эрэлт хэрэгцээг хангадаг байна. Арьсаар нь дээл хувцас хийж, үс ноос, хялгасаар нь эсгий, оосор уяагаа томж, ясаар нь сумныхаа зэвийг урлахаас гадна тал хээр нутгийнхан баасыг нь хатаан түлээ түлш болгоно. Үхэр, адууны ширээр айрагны хөхүүр үйлддэг бол зэрлэг аргаль, угалзын эврээр аяга хийж хэрэглэдэг байна.
Татаар эрчүүд хүссэн тоогоороо эхнэр авч, чадлынхаа хэрээр тэжээж тэтгэж болох агаад эхнэр болох хүнийхээ эцэг эхэд тогтсон тооны мал өгнө. Эхнэр болгон өөрийн гэсэн гэр орон, аж ахуйтай байдаг. Эцэг нь нас барвал бэлбэсэрч хоцорсон эхнэрүүдийг хүү нь тэжээж тэтгэх ёстой агаад өөрийнхөө төрсөн эхээс бусдыг нь ихэвчлэн эхнэрээ болгодог байжээ. Ах юм уу, дүү нь нас барвал бэлбэсэн эхнэрүүдийг нь мөн харж хандах үүрэгтэй.
Эмэгтэйчүүдийн нуруун дээр асар их ачаа буй.
Тэд эр нөхрүүдийнхээ нэгэн адил мал сүргээ хариулж маллахаас гадна хувцас хунараа оёж, эсгий хийж, тэрэг чаргаа хөтөлж, тэмээ малаа ачиж тэгнэхийн зэрэгцээ эрчүүдийн нэгэн адил морь унахдаа гарамгай бөлгөө. Эрчүүд нь харин ан авд мордоогүй цагтаа ихэнх цагаа зугаа цэнгэлд өнгөрүүлдэг зантай.
Хэн нэг нь өвчлөх аваас гэрийн нь үүдэнд жад газарт шааж дохио болгоно, уг гэрт өвчтөнийг арчилж сувилж байгаа хүнээс өөр хэн ч орохгүй болой. Нас барсны нь дараа төрөл садан нь болон өөр бусад хүмүүс цуглан уйлж гашуудаад түүнийг нэгэнт муу ёрын сүнсний мэдэлд очсон гэх мухар сүсгийн үүднээс шалавхан хөдөөлүүлнэ. Талийгаачийн өмнө мах, сүү тавьж орхих агаад дотно хүмүүс нь ирж хоол хүнс өргөдөг заншилтай.
Булшны нь нүхний дэргэд эмээл хазаар зэрэг өвч бүрэн тоног хэрэглэлтэй унаа морийг нь алж, нөгөө ертөнцөд үйлчлүүлэхээр гэр ахуйн хэрэгсэл, нум сум мэтийн хамт талийгаачтай хамт нүхэнд хийж хөдөөлүүлнэ. Оршуулах ёслолд оролцогсод цөм хоёр түүдгийн дундуур гарч ариусах агаад гэр орон, эдлэл хэрэглэлийг нь ч бас ариутган цэвэрлэсний эцэст талийгаачийг дурсан найр цэнгэл хийнэ.
Татаар овог, аймгуудын сүсэг бишрэл, зан үйл нь Дундад Азийн нүүдэлчид, зэрлэг овог аймгуудынхтай ихээхэн төстэй. Тэд өөрсдөө Тэнгэр (Tangri) гэж дууддаг дээд оршихуйг шүтэж, нар, сар, уул, ус мөрөн, байгалийн хүчийг дээдлэн үздэг. Наранд мөргөхийн тулд гэрээсээ гарч чанх урагшаа харан өвдөг сөхрөн сууж залбирах бөгөөд айраг сархад уухдаа нэг хэсгийг дээш цацан тэнгэр, газартаа өргөдөг заншилтай. Бурхнаа тэд онгон гэж нэрлэх бөгөөд мод юм уу, эсгийгээр дүрслэн үйлдэж гэрийн хананд өлгөн өмнө нь очиж залбирал мөргөл хийх агаад юм идэж уухдаа хамгийн сайн сайхан хэсгийг нь түүндээ зориулж мах, сүү мэтийг уруул аманд нь түрхэж мялаана.
Түүнээс гадна өч төчнөөн янзын мухар сүсэг байдаг. Жишээлбэл хүн нас барна гэдэг нь зөвхөн өөр ертөнцөд л шилжиж байгаа хэрэг, тэнд очоод мөн л энд байсан шигээ амьдрана гэж тэд үздэг аж. Ямарваа зовлон гамшиг тохиолдвол хорон муу хүчний нөлөө гэж үзэн элдэв тахилга, өргөл мэтээр тэднийг аргадаж тайтгаруулна, чингэхдээ лам хувраг, тахилч бөө нарын туслалцааг авдаг аж.
Тэд нь мэргэч төлгөч, шид үйлдэгч, зүүд тайлагч, шувууны нисэлт юм уу, амьтны гэдэс дотроор ирээдүйг зөгнөж мэдэгч, зурхайч, эмч домч нарын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Шидтэн бүр өөр өөрийн онгон шүтээнтэй, тэдэнтэйгээ харьцдаг, тэднийхээ тусламжтайгаар одоо, өнгөрсөн, ирээдүйн нууцыг олж мэддэг гэж үзнэ.
Чингэхдээ хэнгэрэг цан цохин, уншлага шившлэг хийж, онгодоо оруулж, заримдаа муужирч унахдаа хүрэн байж онгодтойгоо ярилцах бөгөөд хачин жигтэй хөдөлгөөн хийж, үсэрч харайж янз бүийн юм болно. Нүүдэлчид энэ бүхэнд үнэнээсээ итгэдэг учир бүхий л тохиолдолд тэдэнтэйгээ зөвлөлдөх бөгөөд хэлсэн, хийсэн нь биелдэггүй юм аа ч гэсэн тэднийхээ ур чадварт итгэсэн хэвээр байдаг байна.
Нүүдэлчдийн ахуй амьдрал өөрөө тэднийг цэргийн албанд онцгой зохицуулж, нийцүүлж өгдөг байжээ. Тэдний үнэрлэх, сонсох, харах эрхтэн нь яг л зэрлэг амьтдынх шиг хөгжиж, маш сонор соргог болсон байдаг. Тэд хар багаасаа дөрвөн улирлын турш задгай тэнгэрийн дор халуун, хүйтнийг амсан хатуужиж, морь унаж, нум сум харваж өссөөр дайн байлдааны төлөө төрж өссөн юм шиг болдог байна.
Харахад доожоогүй юм шиг жижигхэн морьд нь бас л эцэж цуцах, тэнгэр хурмастын муухай аашлахыг сайн даадаг, маш хурдан, унаж яваа эзэн нь хоёр гараараа нум сум харваж байхад биеийн нь хөдөлгөөнийг соргогоор мэдэрдэг ажээ. Татаар монголчууд зөвхөн морио унаж л байлдаж дайтдаг учир аян дайнд явахдаа хэд хэдэн морьтой явна. Тэд бодын ширээр хийсэн хуяг дуулгаар биеэ хамгаална. Гол зэвсэг нь нум сум. Тэд нэлээд алсаас довтолгооноо эхэлж нум сум харван дайснаа сандраан түгшээж улмаар гэдрэг ухраахдаа давхилт дундаа тасралтгүй харвана. Ингэхдээ тэд гардан байлдаанд орж зууралдан тулалдахаас ихэд зайлсхийнэ. Агт морьд нь тарга тэвээрэг сайн авсан үе буюу намрын улиралд аян дайнаа гол төлөв эхэлдэг агаад дайсан этгээдтэйгээ тулгарсан үедээ удирдагчаа гол дундаа хийж хүрээлэн байлдана. Татаар монгол цэргүүдийн аян дайнд авч явдаг хамаг хэрэгсэл, ачаа тээш нь гэвэл жижигхэн гэр, идээ цагаа хийх борви, тулам, тогоо төдийхөн бөгөөд амьдрах гол арга хэрэгсэл нь болох мал сүргийнхээ нэг хэсгийг авч явдаг ажээ. Аахар шаахар зүйлээ дотор нь хийж сайтар үлээж хийлсэн тулмаа мориныхоо сүүлнээс уяж, өөрсдөө дээр нь суун ямар ч гол усыг гатална.
Отог, овгийн тэргүүнүүдийг ноён (Noyan) юм уу, тайж (Taпschi) гэх ба тэд нь хаандаа захирагдана. Хэргэм зэргийг үе залгамжлах аж. Овог аймаг болгон тодорхой нэгжүүдэд хуваагдаж, бүгд нийлж нэг хүрээг бүрдүүлнэ. Жил бүр харьяа ноёндоо тодорхой тооны мал өргөдөг ч тэд нь хязгааргүй эрхтэй учир бүх эд хөрөнгө, тэр ч байтугай амь биеийг нь ч мэдэж шийддэг байв. Цэрэг дайны зохион байгуулалт бүхий татаар монгол овог аймгууд хоорондоо байнга тэмцэлдэж байсан ба нэгэн хүний жолоон дор нэгдэн нийлсэн хойноо зөвхөн Азийг төдийгүй, Европын нэг хэсгийг ч байлдан эзэлсэн бөлгөө.