Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн байна. 1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон.
Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ.
Түүний хороо багтсан морьт дивиз 1939 оны тавдугаар сарын 19-нд Халхын голд маршлан очиж Номонхан, Бүрд овоо, Хайлаастайн гол орчмоор халдан довтолсон Японы 23 дугаар дивизийн толгойн ангиудтай тулалдсан юм. Тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Японы 2500 цэрэг, 75 пулемёт, 18 их буу, 8 хуягт машин, 40 гаруй нисэх онгоцоор дэмжүүлсэн арми довтолж, YI дивизийн ангиудыг шөнийн харанхуйгаар бүслэн, хүнд байдалд оруулсан байна. Энэ ширүүн байлдаанд дивизийн штабыг хамгаалж байсан Бага даргын сургуулийн суман ихээхэн хохирол үзэж, дивизийн дарга, хошууч Ч.Шарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар нарын олон дайчид амь үрэгдсэн юм. Харин хорооны дарга Л.Дандар дайснуудыг ойртуулж байгаад хүнд, хөнгөн пулемётын бөөн галаар хүчтэй цохилт өгч, эцэст нь дайсны өөдөөс морин цэргийн хүчээр хэдэнтээ дайралт хийж, дивизийнхээ штаб, анги, салбаруудыг бүслэлтээс гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Дивиз нь захирагчгүй болсон тул Дандарыг командлагчаар томилсон байна. Зөвлөлтийн цэргийн гол хүч ирэх хараахан болоогүй байхад япончууд 6 дугаар морьт дивизийг Халх голын зүүн эрэгт шахаж устгах зорилготойгоор дахин довтолсон юм. Энэ тухай нийтлэлч О.Цэнд-Аюуш ийн бичсэнээс цухас дурдвал “…Дараагийн цуст тулааны үеэр 17 дугаар морьт хорооны сумангийн дарга Экэй өөрийн зэвсэг нэгт нөхдийн хамт хамгийн түрүүнд тулаанд орж, Монгол морины гал дөрвөн туурайгаар дайсны буулгасан сумын мөндрийг сөрөн орлоо. Дандар хороогоо командлан итгэлт нөхрийн араас тулаанд дайран оров. Экэй дайсны бэхлэлтийн нэгдүгээр галын шугамыг сэт цохин морь нь шархадсан тул явганаар гардан тулаан хийхэд түүний ган сэлмийн үзүүрт дайсны олон цэрэг, дарга нар өртөв. Гэтэл дайсны их бууны сум Экэйгийн дэргэд тусч, Дандар түүн рүү очих гэтэл гурван япон цэрэг хориглолоо. Дандар тэдэнтэй цавчилдаж цөмийг унагаад эргэтэл Экэйгийн баруун гар нь сэлмээ тас атгасан хэвээр хүрэн шинелийнхээ ханцуйд санжигнан, халуун цус нь урсаж байлаа. Гэсэн ч Экэй зүүн гараараа гар буугаа сугалж байлдтал удалгүй түүний сум дуусч, түүнийг нь мэдсэн юм шиг хоёр самурай нуувчнаас гарч ирэв. Экэй нэгэн япон цэргийн бууны жадыг суг татан авч өрөөсөн гараараа сүлбэж орхитол, хариугүй үхэж байсан нэг япон сумангийн даргыг буудаж хөнөөлөө. Үүнийг үзсэн Дандар галзуурсан барс мэт тулалдаж, өмнөө хөндөлссөн бүхнийг хяргасаар эрхэм нөхөр дээрээ иртэл Экэй амьсгал хураажээ. Энэ тулаанд манайхан яллаа.”
Нэгэн удаа Дандар баатар байлдааны ажиллагааны үеэр эртний самурайн сэлмийн арга барил өвч эзэмшсэн Их Наран улсын Квантуны армийн дэд хурандаа Азума гэгчтэй халз тулгаран амьдаар олзлохын тулд сэлмээр тулалдаж дийлээд улмаар дээр дороо орон ноцолдож аргагүйн эрхэнд гар буугаар буудан хороогоод бичиг баримт, стратегийн зураг зэрэг үнэт мэдээллийг олж баатарлаг гавьяа байгуулсан байдаг. Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавъяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29-нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Түүнийг баатар цолонд тодорхойлоход Маршал Х.Чойбалсан Дандарт зүгээр нэг баатар өгч болохгүй дээр нь Гарамгай гэдэг чимэг нэм хэмээн тушааснаар Монгол цэргийн түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа Монгол Улсын Гарамгай Баатар цолтон төрсөн гэдэг. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь Монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.
Л.Дандарын тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан, БНМАУ-ын Маршал, Ерөнхий сайд асан Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын сайд асан П.Шагдарсүрэн дурсахдаа “Тамсаг булагт 6-р морьт хорооны даргаар Дандарыг томилсон. Тэр үед би штабын даргаар хотоос томилогдон очоод Дандартай хамт байлдаж явсан. Дайн эхлэхээс өмнө хоёрхон сар цэргүүдтэй ажилласан. 1939 оны тавдугаар сарын 28-нд дайн эхэлсэн. Манай хорооны эсрэг 300 гаруй Япон цэрэг дайрсан. Бидний аз болж хориглосон газарт дайралт хийж Япончууд 100 гаруй хүнээ алуулж буцаад зугтсан. Тэр өдөр би дивизийн заставт байсан. Харин Дандар цэргүүдээ удирдаад шууд дайралтад орж байсан. Өөрөө пулемёт бариад дайрсан. Дарга хүн тэгж хамаагүй дайрч болохгүй. Аргагүй л баатар хүн байсан нь үүнээс харагдаж байгаа. Нэг өдрийн дотор ялалт байгуулаад ахлах дэслэгчээс шууд хурандаа болж байсан” хэмээн дайчин нөхрийнхөө тухай, дайны жилүүдийн тухай ярьсан юм.
Дандар баатар, маршал Чойбалсан, хорооны комиссар Пэлжээ нар. Халхын гол. 1939 он
1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож Хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дандар баатрын Алаг хэмээн алдаршсан морь нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын адуу бөгөөд цэргийн агтнаас Дандар баатар өөрөө сонгож авч унаж байсан гэдэг. Харамсалтай нь алаг морь 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн ачаа хөсөг чирэн Хянганы нурууг давах үед хавцал руу унаж осолдсон байдаг. Хожим дурсамжиндаа “Алаг морины маань тухай хүмүүс их асууна. Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн” гэж байжээ. Одсүрэн гэдэг нь Дандар баатрын цэргийн анд, дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаа нарын нэг юм.
Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэгчээр баатрын маань амьдралын замнал дандаа дардан цагаан байгаагүй. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Энэ явдалтай холбоотой цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа их явдаг. 1946 онд түүнд олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Шорон оронгоор хүртэл явж, хоригдол байхдаа харгалзаж байсан олзны япон цэргүүдээ ажил хийж чадахгүй байгааг нь шууд бууддаг байсан тухай, Оросын нэгэн генералыг найрын үеэр буудсан зэрэг мэдээллүүд олны ам дамжин яригддаг ч Дандар баатар өөрөө үгүйсгэсэн байдаг.
Шоронд хоригдсон үед нь түүнийг Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулж, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж, хятадуудын эрлийзүүдийг номхруулсан, баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан гэдэг.
Тусгайлан 3 удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспан баатрын эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаануудад оролцуулсан тухай түүхийн баримтуудад бий.
БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 09-р сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан. Үүний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 09-р сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн.
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч “Домогт Дандарын морин жолооч явлаа” хэмээн өгүүлээд “Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний морин жолооч явах хувь эртээ тохиосон юм” хэмээн өгүүлсэн байдаг.