Даваа гарагт Турк улсын өмнөд, Сири улсын хойд бүсэд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 21,000 давсныг албаны эх сурвалжууд мэдээллээ. Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлээд дөрөв хонож байна. Дэлхийн 95 улс тусламж үзүүлэх санал тавьсан тухай Бүгд найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу өчигдөр Анкарад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. “Бид дэлхийн 95 улсаас тусламж үзүүлэх санал хүлээж аваад байна. Одоо 56 улсын 6,479 аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Өөр 19 улсын аврагчид 24 цагийн дотор ирэх төлөвтэй байна” гэж тэр мэдээлсэн юм. Тэгвэл иргэний дайны нөхцөл байдалд байгаа Сири улсын хувьд байгалийн гамшиг бүр ч илүү хүнд байдалд оруулаад байна. Амиа алдагсдын тооны харьцаа Туркийн нутаг дэвсгэрт илүү их байсан бол энэ харьцаа улам бүр ойртсоор байгаа нь Сири дэх аврах ажиллагаа хангалттай явагдахгүй, бараг байхгүй шахам гэж хэлж болохоор байгаатай холбоотой аж. Учир нь иргэний дайны нөхцөл байдалд байгаа Сири улсын газар хөдлөлтөд өртсөн хойд нутаг тус улсын сөрөг хүчин, босогчдын хяналтад байдаг газар нутаг юм байна. Мөн Сири улс олон улсын хоригт байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Тиймээс зэвсэгт бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож, Сирид аврагчдыг илгээх ажил Туркт явагдаж байгаа аврах ажиллагаа шиг өргөн далайцтай болж чадахгүй нь мэдээж юм. Гэсэн хэдий ч өчигдөр НҮБ-ын тусламжийн ачааг тээвэрлэсэн зургаан автомашинтай эхний багахан цуваа Туркийн хилийг давж, Сири улсын нутагт хүрчээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Сири улсыг зорьсон байна. Өвлийн хүйтэнд олон мянган хүн орон байр, хоол хүнс, ус, цахилгаангүй хүнд нөхцөлд амьдарч байгаа нь хоёрдогч гамшгийг эхлүүлж болзошгүйг тус байгууллага анхааруулсан юм. Тухайлбал ийм хүнд хэцүү нөхцөл байдал нь газар хөдлөлтөөс ч илүү олон хүний аминд хүрэх эрсдэлтэй гэж ДЭМБ үзэж байна.
Түүнчлэн хүнд нөхцөлд орсон Сирийн албан ёсны Засгийн газраас олон улсын хоригийг цуцлахыг уриалж байгаа. Тухайн үед барууны орнууд шуурхай хариу өгөөгүй, харин хоёрдугаар сарын 9-н буюу газар хөдөлснөөс хойш гурван өдрийн дараа л эхний шийдвэрүүд гарчээ. Тодруулбал, Сирийн эсрэг тавьсан АНУ-ын хориг газар хөдлөлттэй холбоотой тусламж үзүүлэх мөнгөн гуйвуулгад хамаарахгүй болсон байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, хоригийг цуцалсан энэ шийдвэр 2023 оны наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүчинтэй байх аж. Мөн газрын тос, Сирийн Засгийн газар болон бусад этгээд зэрэг хоригт багтсан этгээдүүдтэй хамтран ажиллах зорилгоор хийх гүйлгээнүүд урьдын адил хориглогдсон хэвээр байх болно гэж АНУ-ын Сангийн яам онцолжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хохирол амссан Сирид АНУ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 85 сая доллар зарцуулахаар болсон байна.
Одоогоор Сирид хэдэн зуун мянган хүн өвлийн хүйтэнд орон гэргүй болоод байгаа. Тэдгээр иргэд түр хоргодох байр, сүм хийд болон сүйрсэн барилгуудын нурангид байрлаж байна. Сирийн иргэний хамгаалалтын “Цагаан дуулгатнууд” хэмээх сайн дурын байгууллагын ажилтан Моуса Зидан пүрэв гарагт CNN-д яриа өгөхдөө “Идлиб дэх олон мянган гэр бүл машиндаа, цэцэрлэгт хүрээлэн, гудамжинд унтаж байна. Орон гэр нь бүтэн байгаа хүмүүс ч одоогоор гэртээ байхаас айж байгаа, тэд өдрийн цагаар л гэр лүүгээ түр зуур очдог, дараа нь дахин газар хөдлөлт болохоос айж, шөнөдөө өөр газар хоног төөрүүлдэг. Цаг агаарын тэсгим хүйтэн нөхцөл байдал нуранги дороос хүмүүсийг гаргаж авах ажлыг улам хүндрүүлж байна. Бидэнд амьд үлдсэн хүмүүсийг хайж, аврахад тусламж хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Мөн Зидан Моуса твиттер хуудастаа “Бид дахиад л дэлхий дахинаас хаягдсан юм шиг санагдаж байна. Хэн ч бидэнд туслаагүй” хэмээн жиргэснийг хэвлэлүүд онцолжээ. Сирийн иргэний хамгаалалтын “Цагаан дуулгатнууд” байгууллагын твиттер хуудаст “Аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар одоо бөхөж байна” гэж мэдэгджээ.
Аль-Арабия телевизийн мэдээлснээр, Сирийн сөрөг хүчнийхэн хянадаг Идлиб, Алеппо зэрэг мужуудад байдал нэн хүнд байгаа аж. Энэ бүс нутагт тусламж огт ирэхгүй байгаа, төрөл бүрийн зэвсэгт бүлэглэлүүд хянадаг хяналт шалгалтын цэгүүд, эвдэрхий зам, хатуу ширүүн цаг уур гээд тусламж үзүүлэхэд саад болох хүчин зүйлс бишгүй гэнэ. “Бид өнөөг хүртэл НҮБ-аас ч, өөр улс орнуудаас ч ямар ч тусламж авсангүй. Тэд Туркэд, төв эрх баригчдын хяналтад байдаг хотуудад туслаж байна. Гэтэл бид яах болж байна. Бидэнд юу ч алга. Тэд биднийг хөсөр хаялаа” хэмээн Алеппогийн оршин суугч Аль-Арабия сувгийн сурвалжлагчид ярьжээ. Олон улсын зүгээс Сирийн ард түмэнд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа учир сиричүүд олны анхаарлыг татахын тулд олон нийтийн сүлжээг ихээхэн ашиглаж байна. Тэдний арга өөр өөр, зарим нь гомдоллож, нөгөө нь эргэцүүлэхийг уриалах аж.
“Улс төрийг хүнлэг байдалтай бүү хольж хутгаач. Миний авга ахын гэр бүл бүгдээрээ нурангинд дарагдсан, гэтэл бидэнд хэн ч туслахгүй байна. Учир нь нуранги зайлуулах техник байхгүй. Бидэнд юу ч алга. Тиймээс бидэнд туслахыг гуйж байна” гэж Сирийн оршин суугч эмэгтэй Инстаграм хуудсандаа бичжээ.
“Олон улсын хувьд энэ бол гутамшиг. Энэ чинь юу болоод байгаа юм бэ? Тусламж хаана байна аа? Олон мянган хүн нурангинд дарагдсан байна. Хүмүүс хуруу хумсаа хугалан барин цемент, хайргыг гараараа малтаж байна. Хүүхдүүд нурангин дороос ээжүүдээ хайж байна! Барууныхан хаана байна, хүний эрхийг хамгаалагчид, өнөөх НҮБ хаана байна! Та нар хааччихсан юм бэ?” гэж Сирийн блогчид бичжээ.
Сирид иргэний дайн эхэлсэнтэй холбоотойгоор барууны орнууд анх 2011 онд энэ улсын эсрэг хориг тавьсан. Тэр үеэс хойш хориг арга хэмжээг жил бүр сунгаж байгаа юм. Хоригийн жагсаалтад газрын тосны хориг, зарим төрлийн хөрөнгө оруулалтын хязгаарлалт, Европын холбоон дахь Сирийн төв банкны хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээнүүд багтдаг. 2020 онд Цезарийн хууль гэгдэх хориг хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь Сирийн Засгийн газартай хамтран ажилладаг гадаадын компаниудад хариуцлага тооцох багц хориг юм.
Газар хөдлөлтийн улмаас хил дамнасан тусламж нийлүүлэлтийн хэлхээ тасалдсан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын хэвлэлийн алба мэдэгдсэнийг Ройтерс дамжуулж байв. Газар хөдөлсний дараа зам эвдэрч, логистикийн бусад хүндрэлүүд гарсны улмаас Сири рүү хүрэх тусламжийг түр зогсоожээ.
Газар хөдлөлтийн бүс нутгаас 16 нярайг Туркийн Ерөнхийлөгчийн онгоцоор тээвэрлэн Анкарад хүргэжээ
Туркийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 1500-д хүрчээ
SHADAR SAID AA YU GEJ BODOJ BNA> YUM BODOHGUI YUM UU????
za yu boduulmaar baina