
Өнөө өглөө Туркийн өмнөд , Сири улсын хойд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөж, хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1500 гаруй хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байна. Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сиритэй хиллэдэг Газиантеп хот аж.
АНУ-ын Геологийн газарзүйн хүрээлэнгийн мэдээлснээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар үүрээр 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км гүнд болсон байна. Газар хөдлөлт Туркийн нийслэл Анкара болон бусад хотууд болон бүс нутагт мэдрэгдсэн байна. Тодруулбал газар хөдлөлтийг Турк, Сири, Ливан, Кипр, Израиль даяар сая сая хүн мэдэрчээ.
Олон тооны барилга нурж, олон хүн дарагдсан тухай мэдээлэл ирж байна. Диярбакир дахь BBC-ийн сурвалжлагч тус хотын худалдааны төв нурсан талаар мэдээлэв. Тэгвэл эхний газар хөдлөлтөөс 12 цаг хүрэхгүй хугацаанд энэ бүс нутагт хоёр дахь хүчтэй газар хөдлөлт болсон тухай BBC мэдээллээ.

Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв (EMSC) урьдчилсан мэдээгээр Туркийн Кахраманмараш хотоос зүүн хойд зүгт 67 км зайд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 1939 оноос хойш тус улсад болсон хамгийн том гамшиг гэж тодорхойлсон бөгөөд Туркээс гадна Сири улсад энэхүү газар хөдлөлтөөр 320 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан тухай Сирийн төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Байгалийн гамшиг тохиосон бүс нутагт олон зуун барилга байшин сүйдсэн тул нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар цаг мөчтэй уралдаж байна. Турк улс олон улсын тусламж хүссэн уриалга гаргасны дараа дэлхийн удирдагчид тусламж илгээхээ амлаж байна. Турк улсын ихэнх хотуудаар энэхүү өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байхад энэхүү газар хөдлөлт тохиолдсоноор маш олон иргэд гудамжинд гарсан, цаг агаарын нөхцөл байдал ч зарим бүс нутгуудаар гамшгийн хэмжээнд хүрээд байгаа аж.

Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн тухай CNN агентлагийн цаг уурч, цаг агаар, орчны гамшгийн байдлын шинжээч Чад Майерс нэлээн сонирхолтой тайлбар хийжээ. Тэрээр яагаад газар хөдлөлт ийм хүчтэй болсныг тайлбарлахдаа 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт нь энэ бүс нутагт 1999 оноос хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт. Газар хөдлөлтийн шалтгаан нь энэ бүс нутгийн хувьд туйлын өвөрмөц. Араб, Ойрхи Дорнод болон Евразийн хоёр том тектоник хавтан Туркийн зүүн өмнөд мужуудын дор нийлдэг. Энэ хоёр тектоник хавтангийн нийлж байгаа хагарлын шугамын дагуу тогтмол газар хөдлөлт явагддаг бөгөөд энэ удаа маш хүчтэй болсноос нэг талаас нөгөө тал руу 100 миль гаруй зайтай газрын гадараг гулссан хэмээн Майерс тодруулжээ. Газар хөдлөлт судлаачид энэ үйл явдлыг цохилтот гулсалт гэж нэрлэдэг ба хавтангууд хоорондоо хүчтэй тулгарч, үүнээс болж хөрсний өнгөн гадаргуу томоохон талбайд гулсдаг гэнэ. Тодруулбал энэ үйл явц нь босоо чиглэлд газар хагарах бус, хэвтээ чиглэлд газрын хөрсийг хөдөлдөгөөрөө онцлог. Тиймээс Турк дахь энэхүү газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын гол гамшгийг газрын хөрсний гулсалт гэж тэрээр тайлбарлаж байгаа аж.



