ОХУ болон Украины дайны эргэн тойронд ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Ирвэс-2 танкууд байлдааны ажиллагаа явагдаж байгаа бүсэд ирэх эсэх тухай мэдээлэл олны анхааралд байсаар байна. Өнгөрсөн баасан гаригт Германы Рамштейн дахь агаарын цэргийн баазад Европ Холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар чуулж, энэ уулзалтаас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн багцуудыг хэлэлцэж тохирсон. Эндээс олны анхаарлыг татсан гол асуудал бол Герман улс олон жилийн өмнө Оросын Т-90 танкуудтай өрсөлдөхөөр тусгайлан бүтээсэн Ирвэс-2 танкийг Украины зэвсэгт хүчинд тусламж болгон өгөх эсэх тухай асуудал байв. Дэлхий даяар 2000 гаруй Ирвэс-2 танк байдаг. Эдгээр танкуудаас 300 орчим нь байхад л Оросыг ялж чадна гэж Украины Ерөнхийлөгч Зеленьский өмнө нь онцлон тэмдэглэсэн. Ажиглагчдын үзэж байгаагаар дайтагч талууд байлдааны ажиллагаа эхэлснээс хойшхи жил гаруйн хугацаанд агаараас цэргийн төхөөрөмж болон обьектод цохилт өгөх төрөл бүрийн зэвсгүүдийг олноор хэрэглэсэн. Дрон, пуужин болон агаараас цохилт өгөх байлдааны онгоц, нисдэг тэргүүд ихээр ашиглагдаж байсан ба ийм төрлийн зэвсэглэлээс нь Украин төдийгүй ОХУ-ын зэвсэгт хүчинд ч ихээхэн хорогдол үүссэн байгаа аж. Тиймээс сүүлийн саруудад газар дээрх явган цэрэг, өөрөө явагч техникүүдийн зууралдсан байлдааны ажиллагаа фронтод зонхилох болсноор Украин улс нь өрнөдийн орнуудаас танк, өөрөө явагч хуягт хэрэгслүүдийг тусламж болгон өгөхийг хүчтэй шаардаж эхэлсэн юм. Өмнө нь агаараас эсэргүүцэн хамгаалан системүүдийг онцлон АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудаас хүсч байсан бол байлдааны ажиллагааны төрх байдал өөрчлөгдөх тусам танк, хуягт хэрэгслүүдийг нийлүүлэхийг нэг талдаа гуйх нөгөө талдаа шаардах болсон. Тиймээс Герман улсын зүгээс Ирвэс-2 танкийг 300 орчмыг нийлүүлэхэд л фронт дээр байдал огцом өөрчлөгдөнө гэж Украины тал үзэж байгаа бололтой. Өмнө нь Афганистан, Сирид байлдааны ажиллагаанд оролцож байсан Ирвэс-2 танкийн хувьд 100 ширхгийг Украинд нийлүүлэхэд байдал хангалттай өөрчлөгдөнө гэж НАТО-гийн шинжээчид үзэж байгаа аж.

Рамштайн дахь уулзалтад Ирвэс танкуудыг Украинд нийлүүлэх сэдэв хүчтэй яригдсан ч Германы Засгийн газар асар ихээр болгоомжилсон хэвээр байгаа юм. Тухайлбал Германы Гадаад хэргийн сайд Анна Баербок Польш улс өөрт байдаг Ирвэс-2 танкуудаа Украин руу илгээвэл Герман замд нь саад болохгүй гэж мэдэгдсэн. Тэрээр Польш улсад ямар ч экспортын зөвшөөрөл өгөх шаардлагагүй гэдгийг онцолжээ. Харин Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки хэлэхдээ “Бид Берлинээс зөвшөөрөл хүснэ. Гэхдээ тэд зөвшөөрөхгүй байсан ч Польш энэ танкуудыг Украин руу илгээх болно” гэсэн байна. Польш улс Украинд 14 ширхэг Ирвэс-2 танк өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн. Берлин үйлдвэрлэсэн танкийг нь дахин экспорт хийхэд Польшийн талд саад хийхгүйгээ мэдэгдсэн нь бусад улс орнуудад ч зөвшөөрөх нөхцөл болж байгаа юм. Европын ихэнх улсаас гадна Канад, Индонез, Катар зэрэг улсуудын армийн зэвсэглэлд энэхүү танк өргөн ашиглагддаг байна. 1970-аад онд Баруун Германы Krauss-Maffei Wegmann фирмд бүтээсэн Германы гол байлдааны танк юм. Энэ нь 1970-аад онд бүтээгдсэн бөгөөд өмнөх Ирвэс 1-ийн дараа гарсан бөгөөд бараг 20 өөр орны зэвсэглэлд байдаг. Ирвэс нь 44 миль / цаг хурдтай, 275 миль зайд хүрэх боломжтой. Энэ нь 120 мм-ийн гөлгөр нүхтэй их буу, 7.62 мм-ийн пулемёт, автомат гранат харвах төхөөрөмжөөр зэвсэглэсэн. Уг танк нь баллистик болон мина хамгаалалттай бөгөөд Косово, Сири, Афганистаны дайнд ашиглаж байжээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Германд биднийг аврах хүч бий. Гэвч Герман зөвшөөрөөгүй байна. Экспортын хууль үүнд саад болж байна. Герман улс эцсийн дүндээ танк нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид Британийн танкийг аль хэдийнэ хүлээн авсан. Тэд анх үүнийг боломжгүй гэж хэлж байсан ч эцсийн эцэст бид хүссэндээ хүрсэн. Энэ удаад ч бас хүссэндээ хүрнэ” гэж мэдэгджээ. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “Хойшлогдсон өдөр бүр украинчуудын үхэл нэмэгдэж байна. Түргэн шийдвэрлэх хэрэгтэй” гэж твиттер хуудастаа дурджээ.
Гэсэн ч Leopard 2 буюу Ирвэс-2 танкийг нийлүүлэх тал дээр нэгдсэн тохиролцоонд хүрэх эсэх дээр Герман улс шийдвэрээ гаргаж чадаагүй хэвээр байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайванч гадаад бодлого сахих болсон Германы эрх баригчид ийм төрлийн зэвсэг нийлүүлбэл гадаадад өрнөж буй дайнд илүү гүнзгий татагдан орохоос болгоомжилж байгаа нь мэдээж. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Шийдвэр хэзээ эцэслэн гарахыг, ямар шийдвэр гарахыг бид одоогоор хэлэх боломжгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Холбоотнуудын төлөөлөл болсон хэд хэдэн улс Украины эрх баригчдын шүүмжлэлийг дэмжиж, Германы Засгийн газарт түргэн шийдвэрээ гаргахыг уриалсан байна. Тухайлбал Балтийн тэнгисийн эрэг хавийн орнууд болох Латви, Эстони, Литвийн удирдагчид танкуудаа илгээхийг Германы талд уриалжээ.

“Энэ бол Оросын эзлэн түрэмгийллийг зогсооход Украинд туслах, Европ тивд энх тайван байдлыг богино хугацаанд тогтооход чухал шаардлагатай зэвсэг. Герман улс Европын тэргүүлэгч гүрнийхээ хувьд энэ тал дээр онцгой үүрэг хүлээх ёстой” гэж Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич мэдэгдсэн байна. АНУ өөрийн үйлдвэрийн Abrams танкийг Украинд илгээхээс татгалзаж байгаа нь хүмүүсийг сургах, засвар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй гэж үзэж байгаатай холбоотой юм.
Өмнө нь Германы эрх баригчид хэрвээ АНУ өөрийн танкийг Украинд илгээвэл жишгийг дагахаа амлаж байжээ.
Leopard 2 танк нь анх 1979 онд үйлдвэрлэгдэж байжээ. Уг танк 500 км-ийн хязгаар дотор тулалдах, 68 км/цаг хурдлах чадвартай бөгөөд 120 мм-ийн их буунаас гадна хоёр ширхэг хөнгөн пулемётоор тоноглогдсон байдаг.
Саяхан Киевт зочилсон АНУ-ын Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грэм бүх талуудыг Украинд танк нийлүүлэхийг уриалсан байна. Тэрээр “Германчуудад хэлэх нь, Украинд шаардлагатай танкуудыг нь илгээхийг уриалж байна. Путин Украинд ялагдах нь танай үндэсний эрх ашигт нийцнэ. Байдены засаг захиргаанд хэлэх нь, бусдад үлгэр жишээ болох үүднээс Америкийн танкуудыг Украинд илгээхийг уриалж байна” гэж тэр твиттер хуудастаа мэдэгджээ.
Энэ дашрамд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак өөрийн улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллест хандан Украинд үзүүлэх дэмжлэгээ идэвхжүүлэхийг даалгажээ. Тэр дундаа танк илгээх ажлыг илүү хурдлуулахыг даалгасан аж. “Бид шинэ үеийн цэргийн технологиор Украинд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж байна. Байлдааны танкууд нь Украинд тоглоомыг өөрчлөх боломж олгох нь тодорхой” гэж Сунак хэлжээ. “Financial Times” сонинд бичсэнээр Их Британи “Challenger 2” нэртэй байлдааны үндсэн танкаа илгээх төлөвтэй байна.
Польш, Их Британийн танк илгээх шийдвэр нь бусад улсыг ч бас идэвхжүүлнэ гэж өрнөдийн ажиглагчид үзэж байна. АНУ явган цэргийн байлдааны машин нийлүүлэх бол Герман, Франц улсуудын зүгээс Мардер байлдааны машин, AMX-10 RC машинуудыг илгээх юм. Гэхдээ АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдэгдсэнээр, Киевийн хүсээд байгаа Абрамс танкийг Украинд өгөх төлөвлөгөө Вашингтонд одоогоор байхгүй аж.