Өнгөрсөн бямба гаригийн орой АНУ-ын Калифорнид нэгэн бүжгийн клубын танхимд 72 настай хятад эрэгтэй зэвсэгт халдлага үйлдэж 11 хүний амийг авч одсоноос хоёрхон хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр даваа гарагт Калифорнид дахин нэг зэвсэгт этгээд цагдаа нарт баривчлагдахаасаа өмнө долоон хүнийг буудаж хөнөөсөн дуулиант хэрэг гараад байна. Хэргийг мөн л өндөр настай хятад эрэгтэй үйлдсэн нь олны анхаарлыг татаж байгаа бөгөөд хоёр өдрийн зайтай үйлдэгдсэн олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагууд Америкийг цочроогоод байна.
Сүүлийн халдлага нь Сан Франциско хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд орших Half Moon Bay хотод болсон ба халдлага үйлдсэн этгээдийг нутгийн оршин суугч 67 настай Жао Чунли гэдэг аж. Хоёрхон хоногийн өмнө ази гаралтай иргэд цагаан сарын баяр тэмдэглэх үеэр олон хүний амийг хөнөөсөн хэргийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх, эмгэнэл илэрхийлэх ажиллагаа зохион байгуулагдаж байгаа үед дахин ижил төстэй хэрэг ийн үйлдэгджээ.

67 настай Жао Чунли гэгч нь даваа гарагт ойролцоо хоёр газарт халдлага үйлдэж долоон хүнийг буудаж хөнөөчихөөд улмаар хэргийн газраасаа зайлан одсон ч хоёр цагийн дараа Сан-Матео тойргийн цагдаагийн газрын үүдэнд ирж байгаа камерын бичлэг хэвлэлээр цацагджээ. Эхний дөрвөн хохирогчийг орон нутгийн цагаар 14:22 (GMT 00:22) цагийн орчим мөөгний фермээс олсон бол үлдсэн гурвыг нь мөн ойролцоох фермийн газраас олжээ. Мөрдөн байцаагчид хэргийн шалтгааныг хараахан мэдээлээгүй байна.
Сан Матео тойргийн шериф Кристина Корпус хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сэжигтнийг 16:40 цагийн орчимд орон нутгийн цагдаагийн газар руу машин жолоодож явахад нь баривчилсан гэжээ. Түүнээс халдлагад ашигласан байж болзошгүй хагас автомат гар буу олдсон бөгөөд үйлдсэн хэргийнхээ талаар цагдаа нарт ихээхэн нээлттэй мэдүүлэг өгч байгаа гэж тэр нэмж хэлжээ.
Хатагтай Корпус нэмж хэлэхдээ найм дахь хохирогч эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа хэмээлээ.

Half Moon Bay хотын удирдах зөвлөлийн гишүүн Дебби Раддок NBC телевизэд мэдээлснээр хохирогчдыг хятад гаралтай хөдөө аж ахуй эрхлэгчид байсан, энэ хэргийг хохирогчидтой хамт ажилладаг, бусадтайгаа хэвийн бус харилцаатай сэтгэлзүйн цочрол бүхий хятад ажилчин нь үйлдсэн хэмээжээ.
Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом түүнийг Халф Мун Бэй дэх буудлагын талаар мэдээлэл авахаар авч явахдаа Монтерей цэцэрлэгт хүрээлэн дэх бүжгийн клубт очиж амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд гарч явахад энэхүү мэдээлэлд дурдаж буй дараагийн халдлага үйлдэгдсэн тухай мэдээллийг авчээ. Тэрээр энэ тухайгаа твиттер хаягаараа жиргэхдээ “Хохирогчдын ар гэрийнхэн, гэрчүүдтэй уулзах үеэр өөр нэг зэвсэгт халдлага болж олон хүн үрэгдсэн тухай мэдээлэл авлаа. Энэ удаад Half Moon Bay-гийн хохирогчдод эмгэнэл илэрхийлж байна” хэмээн амбан захирагч дурджээ. Хэрэг явдал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены анхааралд ч өртсөн тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Карин Жан Пьер твиттертээ бичжээ.

Өмнөх мэдээлэл: 72 настай эрэгтэй цагаан сар тэмдэглэх гэж байсан хүмүүс рүү гал нээж 10 хүний аминд хүрчээ
АНУ-ын Калифорни мужийн Монтерей Парк хотод болж байсан Хятадын цагаан сарын баярын үеэр зэвсэгт этгээд гал нээж 10 хүний аминд хүрч, түүнчлэн 10 хүн хүндээр шархаджээ. Тус хотыг Калифорни дахь бага Ази гэж нэрлэдэг бөгөөд учир нь тус хотод 60 мянга гаруй хүн оршин суудгаас нийт оршин суугчдынх нь 65 хувь нь ази гаралтай хүмүүс аж. Зэвсэгт этгээд цагаан сарын баяраа тэмдэглэхээр олон хүн цугласан гудамжин дахь бүжгийн клубт байсан хүмүүс рүү гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтсан байна. Зэвсэгт этгээд Star Ballroom Dance Studio клуб рүү буу барьж ороод харагдсан болгон руугаа буудаж эхэлсэн ба тэндээсээ гарч хажуугийнх нь бүжгийн клуб руу нэвтрэх гэж оролдсон ч хоёр үйлчлүүлэгч зэвсгийг нь булааж чадсаны дараа зугтсан байна. Гэрчүүд түүнийг настай туранхай өвгөн байсан тул бууг нь булаахад хялбархан байсан гэж мэдүүлжээ. Түүнийг бүжгийн клубээс зугтсаныг гэрчүүд мэдээлсний дараа цагдаа нар цагаан өнгийн фургон машиныг нь хайж эхэлсэн байна.
Улмаар АНУ-ын цагдаа, тусгай албаныхан шаргуу мөрдөлт явуулж хэрэг үйлдэгдснээс 12 цагийн дараа гэмт этгээдийнх гэж үзэж байсан цагаан өнгийн фургон машиныг бүсэлж цонхыг нь хагалан нэвтрэхэд дотор нь байсан этгээд нас барсан байдалтай олджээ. Машинд байсан сэжигтэн этгээд болох 72 настай Ху Кан Тран гэгчийг өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа аж.
Орон нутгийн цагаар бямба гарагийн 22:00 цагт халдлага гарах үед олон мянган хүн цагаан сарын фестивальд оролцохоор цугласан байжээ. Бямба гарагийн орой эхлэх баярын ёслолд хүмүүс сарны тооллоор шинэ оноо угтахаар олон мянгаараа цугласан байжээ. Ням гарагт үргэлжлэх ёстой байсан баярын арга хэмжээг халдлагатай холбогдуулан цуцалсан байна.
Монтерей-Парк хотод 60 мянган оршин суугч байдгаас ази гаралтай хүмүүс их байдаг тул жил бүр сарны тооллоор шинэ он угтах наадмыг нэлээн хөл хөдөлгөөнтэй зохион байгуулж, цагаан арьстнууд ч энэ баярыг нь үзэхээр олноороо цугладаг аж. Хотын бараг бүх оршин суугч энэ наадамд оролцдог бөгөөд бямба гарагт ч олноороо нэг дор цуглах үед энэ хэрэг болжээ.

“Лос-Анжелес Таймс” сонинд хэргийн нэгэн гэрчийн өгүүлснээр, гурван хүн зоогийн газарт нь гүйж орж ирээд, хаалгаа түгжихийг гуйн, гудамжинд автомат буутай хүн гал нээж байна хэмээн хэлсэн гэнэ. Гэмт этгээд цугласан олон руу гал нээсний улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан нь баттай болоод байна.
Удалгүй цагдаагийн газраас мэдээлэл хийж энэ хэргийг үйлдсэн эр хэргийн газраас зугтаж чадсан, эрх чөлөөтэй яваа гэж олон нийтэд анхааруулсан байна. Хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулж байна гэж Лос-Анжелесийн Шерифийн газрын ахмад Эндрю Мейер сэтгүүлчдэд мэдээлээд гэмт этгээдийн нэрийг мэдэж байгаа ч баривчлах үйл явцад хүндрэл учруулж болзошгүй тул мэдээллийг задруулахгүй гэжээ.
Ингээд удалгүй “Sky news” агентлагаас өнөөдөр /2023.01.23/ мэдээлснээр сэжигтэн этгээд цагаан өнгийн фургон машиндаа өөрийгөө буудаж хөнөөсөн байхыг цагдаа нар олжээ. Зэвсэгт этгээдийг Ху Кан Тран гэдэг бөгөөд 72 настай. Цагдаа нар фургон машиныг тэсрэх аюултай занга байж магадгүй хэмээн тактикийн ажиллагааны машинууд болон тэсрэх бөмбөгийн багийн хуягласан машинаар бүсэлсэн зургууд хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм.

Бүхээгтэй машин гэмт хэрэг үйлдэгдсэн газраас 20 км зайтай Торранс хэмээх жижиг хотод байсан гэнэ. Цагдаагийнхан машиныг бүслэн, арын цонхыг нь хагалж дотогш нэвтрэхэд гэмт этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон гэж сүүлд нь Лос Анжелес дүүргийн шериф Роберт Луна мэдээлжээ.
Мөрдөн байцаагчид хэрэгтний цагаан фургон машин дотроос түүнийг бүжгийн студитэй холбоо бүхий хэд хэдэн нотлох баримт олсон ба өөр гэрчүүдийн мэдээлж байгаагаар гэмт этгээд нь бүжгийн клубын байнгын ивээн тэтгэгч, бүжгийн хичээл заадаг бүжгийн багш эмэгтэй түүний хуучин эхнэр гэжээ. Тиймээс энэхүү дуулиант гэмт хэргийг хувь хүмүүсийн хоорондын харилцаа, үл ойлголцлоос үүдэлтэй үйлдэгдсэн байж болох юм хэмээн анхны таамаглалуудыг гаргажээ.