Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
- Эрдэнэхүүгийн Мөнхжаргал нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат, 1996 оны 5 сарын 31-нд төрсөн.
- 2019- Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн өлзийт начин Э.Төгөлдөрт өвдөг шороодон үзүүрлэж ” Аймгийн заан ” цол хүртсэн.
- 2022- Багахангай дүүргийн баяр наадамд аймгийн арслан Б.Очирхүүгээр 7 даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн.
2022 оны сар шинийн барилдаанд түрүүлж, Монгол даяар нэрээ дуурсгасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргалыг бөх сонирхогчид, бөхийн хорхойтон олон түмэн наадмаар улсын цол хүртэх төдийгүй нэлээн дээгүүр баилдана гэж тооцоолж хүлээлт үүсгэж байв. Харамсалтай нь сар шинийн түрүү бөх маань улсын наадмын нэгийн даваанд аймгийн начин С.Пүрэв-Очирт өвдөг шороодож олон хүний таамгийг будлиулсан. Гэвч наадмын дараахан болсон Багахангай дүүргийн наадамд зодоглон түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.
Түүнээс хойш заалны барилдаанд түүнийг хэрхэн барилдаж байгааг тоймловоос:
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойд зориулсан, “Нутгийн Буян” группийн нэрэмжит барилдаанд дөрөв давж тавын даваанд улсын начин Б.Даваа-очирт өвдөг шороодсон.
Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойд зориулсан барилдаанд хоёр давж, гурвын даваанд а.а Б.Өсөхбаярт өвдөг шороодсон.
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд хоёр давж гурвын даваанд мөн аймгийн арслан Б.Өсөхбаярт тахим буулгасан.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан барилдаанд дөрөв давж, тавын даваанд хүчит заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодсон.
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаанд нэгийн даваанд улсын начин Б.Сосорбарамд өвдөг шороодсон байна.
Түүний хэвлэлд өгч байсан ярилцлагуудаас:
– Би аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. Cap шинийн барилдаанд түрүүлчихээд баяраа хуваалцахаар гэр рүүгээ их яарсан. Гэр бүлийнхэн маань идээ битүүлгээ засчихсан, их сайхан хүлээж авсан. Баяраа хуваалцаад ээжийнхээ гарын цайг уух мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй гоё байлаа. Аав минь надаас ч илүү баярласан. Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулсан гэж бодож байна. Сэтгэл дүүрэн сайхан байна. Энэ их баярыг минь хуваалцаж, баяр хүргэж байгаа ард түмэндээ их талархах юм. Бусдын амжилтад баярлаж талархдаг сүү шиг сэтгэлтэй түмэн юм аа, монголчууд. Энэ бүхнийг амжилтаараа хариулахын тулд илүү их хөдөлмөрлөж, өндөр амжилт үзүүлэх ёстойгоо л ухамсарлаж байна.
– П.Бүрэнтөгс аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж давж байсан юм. Энэ удаа барилдааныг түргэн шийдэхийг л зорьж гарсан. Барилдаан удааширч шуудагны барьцад хүрвэл надад ашиггүйг сайн ойлгож байлаа. Гараад л шийдэмгий барилдаж давсан. Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Таван минутын дотор л ажиллаад асуудлаа шийднэ. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахдаа ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоос олж авсан давуу тал байх. 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орж байлаа. Тэр цагаас хойш жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Харамсалтай нь бэртэл аваад түр завсарласан. Энэ хугацаанд жин ч нэмсэн. Ингээд 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй.
Тэгээд сумын заануудын барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаас барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхийн бэлтгэлээ түлхүү хийх болсон. Хажуугаар нь их спортын бэлтгэлээ орхиогүй. Ц.Шийрэв багшаасаа зөвлөгөө аваад жүдогийн бэлтгэлээ базааж л байлаа.
– Миний аав цэргийн начин цолтой бөх хүн. Мөн улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, Ц.Дуламсүрэн гээд ах дүү гурван бөхтэй аав талаараа садан болдог. Удмыг нь залгаад л барилдаж байна. Өдрийн сонин, 2022.02.28
Э.Мөнхжаргалын багш гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Арван хэдхэн настай өндөр бор хүүг цэргийн начин н.Эрдэнэхүү анх надад авчирч байсан юм. Тухайн үед “Хүүгээ сайн бөх болгомоор байна” гээд л надад захиж үлдээсэн. Ямар ч шалтгаантай байсан бэлтгэлээс хоцорч, тасалдаггүй, жижиг дасгалуудыг чин сэтгэлээсээ хийдэг жаахан хүү зааланд гүйж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Миний гарт ирэхдээ 60 орчим кг-ын жинтэй л байсан. Өдөр тутмын бэлтгэлд өөрийгөө бүрэн дайчилж их спортын сууриа зөв тавьсны үр дүн гарлаа л гэж багш хүний хувьд дүгнэж байна.
Э.Мөнхжаргал спортод хөл тавьсан эхний он жилүүдэд жүдо бөхөөр тууштай хичээллэж олон улсын хэд хэдэн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Эхлээд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод л түрүүлж байлаа. Дараа нь залуучуудын Азийн аваргад ч мөн түрүүлж алтан медаль хүртсэн. Ер нь тивийн хэмжээнд тодорч байсан юм. Харамсалтай нь бэртэл авсан. Ингээд спортоос түр завсарлага аваад эргэж ирэхдээ жин нэлээн нэмсэн. Тэр цагаас хойш үндэсний бөхийн бэлтгэл түлхүү хийж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд л үндэсний бөхийн бэлтгэл хийж байна.
-Цагаан сарын барилдаан даваа болгон чанга байсан. Үзүүр түрүүнд заан Пүрэвсайхантай үлдэхэд жаахан догдолсон шүү. Гэхдээ догдлолоо дараад барилдаандаа бүх анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлзүйгээ бэлтгээд хийх ёстой мэхээ хийж давсан. Түрүүлнэ гэж бол огт бодоогүй. Найм давж түрүүлчихээд “Би түрүүлчихлээ гэж үү” гэж бодсон шүү. Бөх хүнд айж, эмээнэ гэх зүйл байх ёсгүй гэж боддог. Адилхан л эн тэнцүү хүч бяраа үзэх гэж байгаа болохоор харин ч зөв сайхан барилдах нь чухал. Хэрэв айгаад байвал барилдаж чадахгүй шүү дээ. Тэгээд ч том, жижиг бөх гэж байхгүй, бүгд л хүчтэй өрсөлдөгч, хэнтэй ч, ямар ч хүчтэнтэй таарсан ухаан, хүчээ тэнцүүлэн барилдах ёстой гэж боддог. Барилдахад сэтгэлзүй тогтвортой, өндөр байх хэрэгтэй. Сэтгэлзүй унаад “Энэ бөхтэй барилдаад унах болов уу, давах боловуу” гэж бодох юм бол давахгүй байх магадлалтай. Сэтгэлзүйгээрээ л үйл хөдлөлөө барилдаанаа захирна шүү дээ. Ерөнхийдөө барилдахдаа би өөртөө “Давна, чадна” гэсэн бодлоор өөрийгөө хурцалж барилддаг.
-2019 оны улсын наадам миний хувьд хамгийн сургамжтай. Гурвын даваанд Гончигдамба гарьд амлаж аваад барилдсан барилдаан санаанаас ер гардаггүй юм. Би золгоод эхний золгоон дээрээс мушгиулаад уначихсан. Уг нь золгооноос салах боломж байсан ч буруу тактикийн алдаа гаргаад уначихсан юм. Улсын наадамд унасан алдаа, оноогоо сайн дүгнэн, өөртөө итгэлтэй барилдаж дараа нь гарьдыг давсан. Барьцанд хүрч, санасан мэхээ зоригтой, өөртөө итгэлтэй хийгээд давсан.
-Барьц сонгохгүй шууд золгож барилддаг болсон. Бөхчүүд золгож барилдаад их уддаг. Тиймээс энэ золгоог нэг талд нь шийдвэл гэж боддог. Арай өөрөөр шийдэх боломж байдаг юм болов уу. Золгоон дээр хэн идэвхтэй мэх хийх гээд яваад байна, хэн барьцнаас халаад мэх хийх гээд байна гэдгийг харгалзаж давуулдаг болвол арай өөр байх болов уу гэж боддог.
Аав, цэргийн начин У.Эрдэнэхүү: Би хүүдээ “Хэнээс ч айж эмээх зүйл байхгүй, хийх ёстой мэхээ хийгээд яваад барилдаарай” гэж хэлсэн захиасыг биелүүлсэнд баяртай байгаа. Анх чөлөөт бөхийн Энхээ багш дээр бэлтгэл хийж явж байсан. Яг бөхийн анхны А үсгийг заасан ачтай багш бол яах аргагүй Энхээ багш гэж хэлнэ. Би өөрөө зүлэг ногоон дэвжээн дээр гарч байсан болохоор бас л амаргүй байлаа. Хүүгийн барилдааныг үзэхдээ их түгшсэн, хазайхад нь дагаж хазайгаад бас сандардаг юм билээ шүү. Ер нь хүүдээ даруу байгаарай гэж захидаг. Би өөрөө улсын цолонд хүрээгүй ч миний хүү хүрэх байх гэж боддог” гэж ярьжээ.