Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Саяхан Украины ерөнхийлөгч АНУ-д айлчилж, агаараас эсэргүүцэн хамгаалах Patriot системийг авахаар болсон нь багагүй шуугиан тариад байгаа билээ. Одоогоор чухам аль үеийн пэтриотыг Киевт нийлүүлэх нь ойлгомжгүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн PAC-3 лав биш болов уу гэж олонх тоймчид үзэж байна. “Энэ мундаг нарийн техникийнхээ нууцыг оросуудад алдахаас айж байгаа учраас” гэсэн тайлбар ихэнх нь байх боловч өөр бас ихээхэн утга учиртай юмс ч харагдана.
Жишээ нь “АНУ Украинд 1,8 тэрбум долларын үнэтэй ганцхан Patriot–ийн баттарей нийлүүлснээр дайны тэнгэрт айхтар өөрчлөлт орохгүй, тийм боломж ч байхгүй. Байден Украинд орчин үеийн сайн систем өгсөн төдий нэр зүүж байгаа ба үнэндээ америкчууд Пэтриотийг нийлүүлж байгаа нь энэ дайныг улам бүр сунжруулах гэсэн ээлжит нэг оролдлого төдий зүйл билээ…” гэх мэт. Үнэнээс айхтар хол зөрөөгүй таамаг болов уу.
Raytheon Technologies компанийн бүтээл, дэлхийн 20 гаран улсын агаарын хилийг хамгаалж байгаа Patriot гээч нь яг ямар зүйл байдгийг сонирхъё.

Нэг батарей гэдэг нь удирдлагын төв болох AN/MSQ-104, хамгийн орчин үеийн радиолокацийн станц болох AN/MPQ-65 (өмнөх загвар болох PAC-2 нь AN/MPQ-53), газар-агаар ангиллын пуужин хөөргөх 8 суурь, зенитийн удирлагатай пуужингууд (нэг бүрийн үнэ нь 3-4 сая доллар) , цахилгаан генератор, холбооны нарийн төвөгтэй хэрэгслүүд, 30 метр хүртэл өндөртэй антенн, техникийн үйлчилгээ хийх явуулын том автомашинууд, радио болон тактикийн далдлалтууд.
Энэ их эд зүйлсийг байлдааны бэлэн байдалд оруулан байрлуулахад ойролцоогоор 1 кв/км газар шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл Patriot-ыг хаана байрлуулсныг олж мэдэхэд нэг их төвөггүй гэсэн үг. Тэр тусмаа ОХУ мэтийн хүчирхэг тагнуулын техниктэй улсын хувьд бүр ч ойлгомжтой.
Энэ системийг дэлгэхэд 60 гаруй хүн ажилладаг, байлдааны бэлэн байдалд ороод 30 гаруй хүний байнгын ажиллагаа шаарддаг гэхээр ямар том, нарийн зэвсэг гэдэг нь ойлгомжтой ба PAC-3 хувилбар нь 100-200 км-ийн зайд нисэж байгаа байг буудах боломжтой, дайсны онгоцыг устгах магадлал нь 0,8-0,9 бол тактикийн пуужинд энэ тоо 0,6-0,8 байна. Өөрөөр хэлбэл дайсны 10 онгоц руу пуужин харвалаа гэхэд 8-9-ийг устгах боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ нь ямар нэг радио болон бусад саадгүй үед бөгөөд яг байлдааны нөхцөлд энэ тоо нэлээд буурах нь тодорхой.
Персийн буланд болсон дайны үеэр Иракийн “Скад” пуужингийн эсрэг Пэтриотыг хэрэглэж олон ч пуужинг байнд хүрэхээс өмнө олноор нь устгаж байсан тухай мундаг сайхан статистикууд энд тэнд харагддаг. Гэхдээ мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар, аль 60-аад оны Зөвлөлтийн пуужинг устгахад ихээхэн бэрхшээл гарч байсан ба пэтриотын үр дүнг тухайн үеийн Зөвлөлтийн цэргийнхэн 0,4, Пентагон 0,6 гэсэн амжилттай гэж тооцсон байна. Өөрөөр хэлбэл бараг 2 пуужин харваж байж нэг байг устгах нь. Энд хоёр юмыг анзаарах ёстой нь, 1-рт тухайн үед PAC-1 хувилбар байсныг, 2-рт хуучин Скад нь баллистик пуужин байсан зэрэг юм.

Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн хамгийн амархан бай бол траекторыг нь тодорхойлох боломжтой тактикийн баллистик пуужингууд байдаг (тив алгасан нисэх цөмийн баллистик пуужингаас тусдаа зүйл ярьж байгааг хэлэх хэрэггүй биз) учир Пэтриот тэр дайнаар хэр амжилттай тулалдсан тухай зарим нэг ойлголт авч болох биз ээ.
Өнөөгийн Саудын Арабт Пэтриотын хамгийн сүүлийн хувилбар болох PAC-3 бий. 2018 онд Йеменийн зэвсэгт дайчид Иранд үйлдвэрлэсэн далавчит пуужин, дрон зэрэг 25-30 нисэх биетээр Саудын Арабын нефть боловсруулах том үйлдвэрийг дайрч, ямархуу хохирол учруулсан талаар тухайн үед их ярьж бичиж билээ. Хамгийн орчин үеийн, маш үнэтэй Пэтриот систем нь “орчин үеийн гэхэд тун хэцүү“ далавчит пуужин, дроны дайралтыг амархан няцаамаар санагдавч бодит байдал дээр нам өндрөөр ирж байгаа, нислэгийн чиглэлээ өөрчлөх чадалтай биетүүдийг бүгдийг нь барьж авч чадалгүй, сайн муугаараа мөн ч их хэлүүлж билээ. Бодвол тэрнээс хойш америкчууд бас зөндөө л өөрчлөлт сайжруулалт хийгээ байлгүй.
Харин энэ удаа буюу Орос-Украины дайны үеэр оросууд илүү орчин үеийн, нарийн төвөгтэй пуужин олноор ашиглах болохоор ганц Пэтриотын батарей ер нь яах бол?
Оросуудын хувьд энэ системийг Украинд байрлуулахад тэр дор нь устгах гэж оролдох нь ойлгомжтой. Иран зэрэг улсыг бодвол оросуудад янз бүрийн олон пуужин бий бөгөөд радиолокацийн эсрэг хэрэглэдэг жижиг пуужингаас эхлээд Калибр, Х-101, Х-555 зэрэг далавчит пуужингууд, бүр алдарт Искандер мэтийн аймшигтай зэвсгийг ч хэрэглэх болов уу. Магадгүй бүр өнөө шив шинэхэн, дуунаас хэт хурдтай Кинжал, Цирконыг ч хэрэглэж болох юм.
Тэгвэл зарим хүмүүсийн үзэж байгаагаар америкчууд чухам үүнийг хүлээж байгаа бөгөөд ганц батарейгаар Оросын хамгийн сүүлийн үеийн нууц зэвсгийн тухай маш их мэдээлэл авах гэж л Пэтриотыг энд авчирсан бололтой. Үнэний хувь байгаа л байх.
Дээр нь Саудын Арабын дайралтын үеэр Йемений хусейтууд Ираны ”Шахид” дроныг ашигласнаар амжилтад хүрсэн гэдэг бөгөөд одоо оросууд Украинд тэрхүү Шахидын нэг хувилбар болох Герань-2 –ыг олноор хэрэглэж байгаа билээ. Цэрэг дайны үйл явцыг сонирхдог хүмүүсийн хувьд Америкийн Пэтриот систем Украинд ямархуу үр дүнтэй байх, энэ системээ хэр удаан хамгаалж чадах, америкчууд нэмж энэ системийг өгөх болов уу… зэрэг олон зүйл анхаарлыг нь татсаар байна.
Төстэй нийтлэл: Украины армийн “толгойн өвчин” болж байгаа Герань-2 дрон-камиказе