Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
40 жилийн өмнө Зимбабве улс нь Африктаа л баян тарган, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүн орнуудын нэг байсан гэдэг. Харин одоо энд инфляци хамгийн дээд хэмжээнд хүрч, хүн ардын 95 хувь нь ажилгүй, ДОХ өвчний халдвараар тэргүүн тун дээгүүр бичигдэж байгаа гээд муу муухай юм болгоноор шахам л тэргүүлж байгаа улс болон хувирчээ.
XX зуунд колонийн систем уналтад орж, Их Британи улс өөрсдийн харьяанд байгаа улс орнуудыг хянах боломжоо алдсанаар Родезийн (1980 оноос өмнө Родезия гэсэн нэртэй байв) Ерөнхийлөгч Ян Смит нь тусгаар тогтнолоо зарлан, энэ талаар “эзэдтэйгээ” ширүүхэн яриа хэлэлцээ явуулж эхэллээ.
Харин Лондон тусгаар тогтнолыг нь зөвшөөрөх нэг болзол тавьсан нь засгийн эрхийг нутгийн хар арьстнуудад өгөх гэсэн зүйл байв. Цаг үеэ мэдэрч байгаа нь энэ. Харин Ян Смит зэрэг цагаан арьстнууд үүнийг нь зөвшөөрсөнгүй төдийгүй 1965 онд тусгаар тогтнолоо зарласан байна.

Шинэ засаг төр нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжихгүй гэж амлавч үнэндээ улс орныг, хөрөнгө санхүүг нь зөвхөн цагаан арьстнууд барих бодлогыг хэрэгжүүлж байв. Алтны болон ховор элемент олборлох уул уурхайнууд асар их орлого олж, цаг агаарын тааламжтай нөхцөлд үр тариаг ч арвин ихээр хурааж, олсон мөнгөөрөө бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, эмнэлгийн үйлчилгээг эрс сайжруулах, вакцин болон урьдчилан сэргийлэх ажлыг өөр шатанд гарган, улс орныг бүхэлд нь хамарсан төмөр замын бүтэц бий болгож, дэд бүтцийн олон байгууламж барин тодорхой амжилтад хүрч байсан боловч хөрөнгө мөнгөний ихэнх нь цагаан арьстнуудын гарт хэвээр.
Ийм байдлыг хар арьстнууд удаан хүлээж тэвчилгүй, улс орноороо чөлөөтэй зорчих, засаглалд ямар нэг байдлаар оролцох эрхийн төлөө тэмцэж, босож эхэллээ.
1980-аад онд барууны улс орнуудын шахалт шаардлагын дор энэ улсад анх удаа бүх нийтийг хамарсан сонгууль зохион байгуулж, ялагчаар нь бослогын удирдагч Роберт Мугабе ялан Ерөнхийлөгч болсон юм. Түүний хийсэн хамгийн анхны ажил нь улсныхаа нэрийг Зимбабве болгон өөрчилж, нийгэм эдийн засгийн эрс шинэчлэл хийх байлаа.
Энэ хүн засгийн эрхийг 40 жил барихдаа “Мөнхийн Ерөнхийлөгч” гэсэн нэртэй болсон төдийгүй гэргий нь улс орны чухал шийдвэр гаргахад дэндүү гэмээр идэвхтэй оролцож эхэлжээ.
Эхний арван жил улс орны эдийн засаг инерцээрээ “хэвийн” явж байсан ба гол шалтгаан нь олон сая хямд ажиллах хүчтэй болсон явдал байв. Дээр нь шинэ Ерөнхийлөгч маань алдар хүндээ өсгөх хамгийн сайн арга болох эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжинд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэн ба хөрөнгийн эх үүсвэр нь ердөө л мөнгө хэвлэх явдал байж. Үр дүнд нь инфляци гаарч, үйлдвэрлэл суларч эхэлжээ.
Хүн ам дургүйцэж эхлэх нь ойлгомжтой. Хариуд нь Ерөнхийлөгч нь улс орны болохгүй бүтэхгүй юмыг цагаан арьстнуудад тохон, тэдний мэдэлд байсан газрыг хүчээр улсад хурааж авах тушаал гаргасан ба тухайн үед газар тариалангийн 80 хувийг цагаан арьстнууд эрхэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг бүрдүүлж байсан юм.
Гурван жилийн дотор энэ ажлаа гүйцэтгээд, оронд нь эдийн засаг, аж ахуйн мэдлэггүй нөхдүүд болох нэр алдартай хүмүүс, цэргийнхэн зэрэг хүмүүс (Ерөнхийлөгчийн ойрын найз нөхдүүд) эзэн сууснаар газар тариалан сүйрч, ажилгүйдэл, хүнсний хомсдол бий боллоо. Дээрээс нь хар расизм хэрэгжүүлж байгаагийнх нь төлөө барууны элдэв хориг бий болсноор бүр ч дордож эхэлсэн гэдэг.
Энэ үед инфляцийн түвшин нэлээд даруухнаар өсөж (20-50 хувь) байсан бол Ерөнхийлөгч Мугабе гуай яруу алдар олохын тулд хажуу хөрштэйгөө дайн хийснээр эдийн засаг бүр ч лойх нь тодорхой.
2001 онд инфляци 112 хувьд хүрсэн бол 2005 онд 586 хувь. 2007 онд гиперинфляци болж, мөнгөний ханш уналт 79,6 тэрбум хувьд хүрчээ. 79 600 000 000 хувь буюу ойролцоогоор 800 сая дахин! (олон тэгээс болж будлиагүй байх хэмээн найдаж байна)
Байдал ийм болсны дараа засаг төр инфляцийн тухай элдэв тоо мэдээг хориглон, үнэ ханш өсөхийг хууль бус гэж зарласан ч ямар олигтой ялгаа гарав гэж дээ. Лонх усны үнэ цагт хоёр дахин, өдөрт 50 дахин өсч байжээ. Урьд өмнө ийм юм болж л байсан, цаашид ч болох л зүйл. (Талхны үнэ 200 тэрбумд хүрсэн түүх нийтлэлийг уншаарай)

Ард түмэн мөнгийг ариун цэврийн цаасны зориулалтаар ашиглаж эхэлсний дараа засаг төр үүнийг нь хориглосон хууль гаргасан байна. Бодвол Ерөнхийлөгчийн зураг тэнд байсан юм байлгүй.
2009 онд Мугабе нь мөнгө хэвлэхийг хориглож… гадаадын валютын бүсэд орох шийдвэр гаргаснаар доллар, юань, евро үндсэн мөнгө нь болж инфляци ч зогслоо. Энэ гадаад валютыг дотоодоо хэвлэж чадахгүй хойно… ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн ханш уналтыг л зогсоосон төдий зүйл байсан юм.
2017 онд цэргийн эргэлт гарч Мугабег түлхэн унаган Эмерсон Мнангагва хэмээх эр Ерөнхийлөгч болоод бүр ч зоригтой шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байна. Жишээ нь цалингаа нэмүүлэхийг шаардан жагссан эрүүл мэндийн 3000 ажилчдыг ажлаас нь зүгээр л халаад хаялаа. Дараа нь шатахууны үнийг нэг литрт 3,31 доллар болтол нэмсэн нь тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр үнэтэй шатахуунтай газар болж болж хувирчээ. Ард түмэн уурлаж цухалдаж, жагсаж, босож эхлэх ба хариуд нь Ерөнхийлөгч интернэтийг тастаж зогсоосноор дотоод болон гадаад гүйлгээ гэж юм байхгүй болно.
Дараа нь Ерөнхийлөгч Зимбабвегийн шинэ доллар гээчийг гарган гүйлгээнд оруулж, зогсоо зайгүй хэвлэж эхэлснээр инфляцийн хоёр дахь давлагаа ирж байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 хувьд хүрээд байгаа юм гэнэ. (Энэ бол 2022 оны намрын тоо) 14 сая ажилгүй хүн нь (бараг л бүх хүн ам нь гэсэн үг) амьдрахын тулд ёстой л юм болгоныг хийж байгаа бөгөөд, 3 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон болж, улс оронд эдийн засаг гэхээр юм үнэндээ байхгүй болжээ. Юм нэг уруудахаараа тун хэцүү гэдгийг Зимбабве болон өөр бусад улсын түүх хэлээд л байх шиг!