Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
АНУ-ын Вермонт мужийн нэгэн сургуулийн волейболын эмэгтэй багт шинэ гишүүн нэмэгдсэн нь өөрийгөө трансжендер хэмээн нэрлэсэн “хүү” байжээ. Урьд өмнө өөрийгөө ингэж нэрлэх эрхтэй байхын тулд эмч нарын үзлэгт орж, тэднээр янз бүрийн баталгаа гаргуулж, хүйсийн өөрчлөлт орж байгаа тухай тодорхой хяналтад орох… гэх мэтийн зөндөө л юм болдог байж.
Харин одоо бол их амархан болсон бололтой ба багшдаа хандан өөрийгөө трансжендер гэж хэлэхэд, тэгж үзэж байгаагаа мэдэгдэхэд л хангалттай. Тэр даруй “хөвгүүн” байсан хүн “охин” болж хувирах бөгөөд (энэ нь ч бас маргаантай буюу одоогоор бараг 30 гаруй хүйс бий болсон гэсэн юм саяхан харж байлаа) ингэснээр эмэгтэйчүүдийн ямар ч өрөөнд орох эрхтэй болдог болжээ. Дээрх тохиолдолд ч гэсэн яг л энэ замаар явсан байна.
Хүүхдүүд юм чинь жаахан үймүүлсэн л биз, хувцсаа сольж байгаа охид харахыг хүссэн нэг дүрсгүй бандийг… гэж зарим нэг нь бодож болох юм. Тэр тусмаа АНУ-д иймэрхүү юмыг эрүүгийн байтугай ёс суртахууны хувьд авч хэлэлцэх зүйл биш гэж үздэг болсон өнөө цагт байх л юм!
Харин саяхан “хүү” байгаад “охин” болсон өнөөх этгээд нь охидын өрөөнд орж ирээд янз бүрийн болох болохгүй юм ярьж, хувцсаа сольж байсан охидыг элдэв дээдээр хэлж доромжилж, нөгөө хэд нь ч зүгээр байлгүй бас бус хариуг нь өгсөн байна.
“Хэт хуучинсаг” үзэлтэй охид трансжендерийн энэ байдалд дургүйцэн, аав ээждээ болсон явдлыг ярьснаар жинхэнэ юм эхэллээ. Тэдгээр охидын эцэг эх нь ийм муухай явдлыг зогсоохыг шаардан сургуулийн захиргаанд хандсан ба хамгийн анхны шаардлага нь тухайн трансжендерийг охидын өрөөнд орохыг нэг хэсэгтээ хориглох, тэнд байгаа хүүхдүүдийг айлгаж ичээхийг нь болиулах тухай зүйл байв.

Тэдний үзсэнээр бол сургуулийн захиргаа уг этгээдтэй, бас эцэг эхтэй нь уулзаж, хүйсийн асуудлыг нь нэг мөр болгох хэрэгтэй үүний дараа тухайн хүний биеэ авч явах байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах ёстой гэж ойлгож байжээ.Үүний тулд эхлээд уг трансжендерт хувцас солих тусгай өрөө гаргаж өгөх нь хамгийн анхны, хамгийн зөв шийдвэр байх болов уу гэсэн санал бас давхар хавчуулаад авсан гэж байдаг. Логикоор бол бүх юм зөв зүйтэй байгаа биз? Тэнэг гэдэг нь.
Харин орчин цагийн барууны ертөнцөд бидний ойлгодог логик гээч зүйл нэлээд өөр, бүр зарим тохиолдолд шал эсрэгээрээ байдаг явдал зөндөө.
Гомдол гаргасан охидын эцэг эхэд сургуулийн захиргаанаас хариу өглөө. Энэхүү хариунд “трансжендер хүнийг бусдаас ялгаваралан гадуурхах нь тэвчиж боломгүй үйлдэл” гэж үзэж байгаа тухай, Вермонт мужийн хуулинд энэ тухай тодорхой заасныг иш татаад, трансжендер биш харин охидууд хүсвэл өөр өрөөнд орж хувцас сольж болохыг анхааруулсан байна. Гэхдээ энэхүү өөр өрөө гэдэг нь яг бие засах зориулалттай тэр нэг жижигхэн өрөө гэнэ. Трансжендер хүний хажууд хувцас солиход хэцүү байгаа бол тийшээ л ор!
Хэрвээ трансжендер тийшээ орж хувцсаа сольсон бол ялгаварлан гадуурхсан хэрэг болдог, охидыг тийшээ орохыг шаардах нь хууль номын дагуу болдог… мундаг сэтгэлгээ гэхээс өөр юу гэхэв.
Юм ингээд дууссангүй. Эцэг эхчүүдэд хандсан захидалд “сургуулийн зүгээс трансжендер хүнийг бэлгийн ямар нэг хэлбэрийн дарамтад оруулах явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд охидын өрөөнд байсан охидын биеэ авч яваа байдлыг эрс шүүмжилсэн” байна. Өөрөөр хэлбэл охидын өрөөнд орж ирэхдээ янз бүрийн юм ярьсан трансжендер нөхөр биш харин хариуг нь барьсан охид л буруутай болж, өнөөх маань бүр хохирогч болж хоцорчээ. Бүр энэ хэргийг мөрдөн шалгах ёстой гэсэн аймаар үг тэр захидалд байсныг яана. Тэгэхдээ трансжендерийн үйлдлийг биш харин охидын хариу үйлдлийг л шалгана гэнэ.
Удахгүй хэн нэг эмэгтэйг нэг эр хүчиндэж, дараа нь хохирогч эмэгтэй нь өөрөө хүчингийн хэргээр ял авах цаг дөхөж байгаа бололтой.
P.S. Саяхандаа… Америкийн нэгэн мужид гэмт хэрэгтнийг урьдчилсан хорих төвд аваачихад өнөөх нь өөрийгөө трансжендер гэж нэрлэж, эмэгтэйчүүдийн өрөөнд хорихыг шаардсаны дагуу оруулж, өнөөх нь тэнд байсан хоёр ч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан тухай барууны шар ногоон хэвлэл шуугиж байж билээ. Үнэн худлыг нь хэн мэдэх вэ. Гэхдээ жинхэнээсээ ийм юм болсон бол гайхах юм ч алга л бололтой.