Тайчуудын Амбагай 1148 оны үед Хабул ханыг нас барсны дараа Хамаг Монголын хан болон өргөмжлөгджээ. Тэрээр Тайчуудын Сэнгүн билгийн хөвгүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай лянхуагийн хөвгүүн билээ. Тэд Бодончарийн хөвгүүн Хабич баатарын удам юм.
Хамаг Монголын хан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарийн жич хүү Хайду, Хайдугийн жич хөвгүүд нь Хабул хан, Амбагай хоёр болно. Хабул ханы өвөг эцэг Байшинхор догшин, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду. Хабул хан нас барахдаа хан суудлыг долоон хөвгүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгийн хүү Амбагайг Хамаг Монголын хан болгохоор нэр заажээ.
Амбагай ханыг татарууд найрамдал байгуулах нэрийдлээр хуурч, тэр аргад нь Амбагай хан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ. Улмаар Татарын Айргууд, Буйргууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай ханыг барин авч Хойд Хятадын Алтан улсад хүргүүлжээ. Алтан улсын хаан нь одоогийн Жунду хотод (одоогийн Бээжин) сууж байв.
Алтан улс баригдаж ирсэн Амбагай ханыг модон илжигт хадаж тарчлаан хороожээ. Нууц товчоонд дурдсанаар Амбагай хан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож “Хабул ханы долоон хөвүүний дундах Хутула, өөрийн арван хөвүүний дундах Хадаан тайшид очиж хамгийн хан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авагтун” гэж захисан байдаг.
Хожим Чингис хаан Татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хан төдийгүй Хабул ханы ахмад хөвгүүн Охинбархаг, өөрийн эцэг Есүхэй баатар нарын өшөөг авсан хэрэг юм.
Мөн татаар аймгийнхан Чингисийн өвөг дээдсүүдээс гадна Есүхэй баатрын тангараг тавьсан анд, хожмын Тэмүжиний холбоотой хүчирхэг Хэрэйд аймгийн эзэн Тоорил ханы өвөг эцэг Маркус үхэгт ханыг ч мөн барьж Алтан улсад хүргүүлэн хороолгож байж. Энэ ч учир шалтаг хожим Тэмүжин, Тоорил нарыг холбоотон болоход хүргэж байсан гэж үзэж болно.