Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Энэ зураг дээр 1906 оноос 2014 оны хооронд манай дэлхий дээр харь гаригийнхантай таарсан, уулзсан, харсан тохиолдлуудыг нэгтгэн үзүүлсэн байгаа нь энэ гэнэ. Үл ойлгогдох шалтгаанаар алсын од гаригийнхан маань англи хэлээр ярьдаг улсуудад их очдог бололтой ба бараг 90 хувь нь тийм улс орон байгаа биз?
Бас харь гаригийнхан үзэгдсэн газар нутгийн таван хувь нь англи хэлтэй улс орны соёлын нөлөө маш их тархсан улс орон бол үлдсэн 5 хувь нь англи хэл бараг харь гаригийн хэл шиг улс орнууд байна.

Манай улсын хувьд дэлхийн хөгжилтэй улс орнуудтай нэлээд ойрхон байгааг харахад “сайхан байгаа” гэж яана аа. Байгаль нуураар багцаалахад, Монгол нутагт хүн ам нь маш сийрэг суудаг гээд тооцоход лав л гурван том цэг байгаа бололтой. Миний ойлгож байгаагаар Ромбу гаригтай харилцаж байсан үе, Алтан цөгцний хэрэг, харь гаригийнхан манай нэг охиныг хөлөгтөө суулгаад Дарханы автобусны буудлыг харуулсан… зэрэг тохиолдлууд энд тэмдэглэгдсэн болов уу.
Бас нэг сонирхолтой зүйл нь энэ зураг нь transgender-ийн идэвхтэй бүстэй яг л таарч байгаа явдал юм. Transgender хэмээх үзэгдлийг монголоор чухам юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Ойлгож байгаагаараа хусчихвал хэрэгт орох аюултай учир англи нэрээр нь бичсэн нь энэ бөгөөд энд transgender-ийг ямар нэг байдлаар нүд үзүүрлэх тухай яриа огт үгүй юм шүү.
Энд харин манайхан нэлээд “доогуур” байр эзлэх бололтой.

Одоо антидепресант буюу сэтгэл санаа тайвшруулагч янз бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг хэмжээг улс орноор ялган харуулсан зургийг анхааръя. Дахиад л түрүүнийхтэй бараг адилхан. Яахав Африк зэрэг улсуудад ийм эм байдгийг огт мэдэхгүй шахам гэдгийг л нэмж үзүүлснээс өөр ялгарах юм олж харсангүй ээ. Эдгээр гурван зургийг хараад хүн болгонд янз бүрийн юм бодогдож таарах байх. Бодох нэг нь бодог, хараг. Миний хувьд зүгээр л сонин байна. Гурван янзын юмны тухай гурван зураг бүгд хоорондоо адилхан шахам байна гэдэг сонин биш гэж үү?
