Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Саяхан ОХУ нь өөрийн иргэн, зэвсгийн наймаачин Виктор Бутыг АНУ-ын сагсчин Бриттни Грайнераар сольж авсныг олон хүн санаж байгаа байх. 2010 онд Тайландад байсан Бутыг америкчууд баривчлахыг нутгийнхнаас гуйн-тушааж байж өөртөө шилжүүлж шоронд хийсэн ба оросууд энэ нөхрийг гаргаж авах гэж уйгагүй үзэж байсан билээ. Тэгтэл гэнэт хар тамхины хэргээр ял авсан америк бүсгүйгээр сольж авах болсон нь Путины хувьд ялалт байв.
Викторыг авахын тулд олон жил хөөцөлдсөн гэхээр тэр зүгээр нэг зэвсгийн наймаачин, ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн нөхөр төдий биш нь ойлгомжтой. Бодвол тусгай албадын гар хөл байсан байж таарна. Ийм нөхрийг мөн төдий хэмжээний “жинтэй” этгээдээр сольдог нь бараг л тогтсон зүйл бөгөөд америкчууд Бутыг алдарт Сноуденаар солих тухай нууц санал хүсэлт гаргаж байсан гэдэг яриа бий. Гэтэл сүүлдээ жирийн нэг сагсчин, тэр тусмаа эх орноо янз янзаар хэлдэг, хараадаг бүсгүй байдаг.

Хоёр удаагийн олимпийн аварга бүсгүй нь Оросын багт тоглож байхдаа амралтаараа нутагтаа очоод буцаж ирэхдээ 1 грамм хар тамхи авч яваад нисэх буудал дээр баригдсан хүн бөгөөд АНУ-д хар арьстнуудыг хавчиж боолчилж байсныг, ийм байгааг эсэргүүцэн тоглолтын өмнө АНУ-ын төрийн дуулал явахад зааланд зогсохгүй, хувцас солих өрөөнд сууж байдаг, үүнийгээ хэвлэл мэдээлэлд хэлж ярих дуртай эмэгтэй.
Америкчууд энэ солилцоог тэнцвэртэй гэж ойлгуулах гэж дотоодын мэдээллийн “зах зээл”-д нэлээд том кампани өрнүүлж байсан ч хэрэг явдал дууссаны дараа Дональд Трампаас эхлээд олон хүн галзууртлаа уурласан билээ. Тун хачирхалтай солилцоо! Цаана нь бидний мэдэхгүй их л нарийн юм байгаа биз.
Гэтэл үүнээс илүү хачин юм өмнөхөн нь болсон нь яагаад ч юм чимээ анир багатай өнгөрлөө. Энэ бол Хятадын Хуавей компанийн ирээдүйн эзэн, Хуавейн гүнж хэмээн алдаршсан Мэн Вань Жоуг Канадын хоёр иргэнээр сольсон явдал юм.
Хуавей нь цагтаа 5G сүлжээг хөгжүүлэх тал дээр хамгийн их амжилт олж байсан компани бөгөөд америкчуудын хувьд тун “дургүй хүргэсэн“ газрын нэг байлаа. Ер нь энэ чиглэлийн Хятадын компаниудыг америкчууд нүд үзүүрлэдэг тухай энд яриад яахав. Ямар ч байсан Хуавейг элдэв янзаар оролдсоор байгаад Google-ийн янз бүрийн юмыг энэ компанийн бүтээгдэхүүнд хэрэглэх боломжгүй болгосон нь үнэн. Үүгээрээ уг компанийг дуусгах болно гэсэн ч Хятадын дотоодын зах зээлийн хүчинд Хуавей нь байсаар л байна.

2018 онд Хуавейн гүнж Канадад ирэхэд нисэх буудал дээрээс шууд барьж авчээ. Шалтгаан нь тус компани нь Ираны эсрэг нэг хоригийг зөрчсөн үйлдэл хийсэн гэнэ. Энэ бол шалтгаан гэхээсээ шалтаг гэх нь илүү үнэнд ойрхон болов уу
Америкчуудын хүсэлтээр Канадын Засгийн газар хатагтайг баривчилж авсны дараа Хятадад ч Канадад ч элдэв жагсаал цуглаан болж байсан нь цөөнгүй. Гэсэн ч канадчууд энэ эмэгтэйг Америкт өгөлгүй байгаад л байсан ба яг тэр үед хятадууд Канадын хоёр ч иргэнийг бас барьж авсантай холбоотой байж болох юм.
Хоёр улсын харилцаа сайдаж муудсаар…
Гэтэл сая есдүгээр сард Канадын шүүх Мэн Вань Жоуд тулгаж байсан гэмт хэргийн тухай материалыг гэнэт, чимээгүйхэн хаасан ба үүнийг мэдсэн америкчууд тэр даруй уг хүнийг өөрийн талд шилжүүлэхийг шаардсан байна. Тэдний хувьд харамсалтай нь амралтын өдөр байж таарсан тул Канадын шүүх уг хүсэлт шаардлагыг хянаж үзэж “амжаагүй” байх хооронд нөгөөх нь яваад өгчээ.
Канадын шүүх шийдвэрээ гаргахад Ванкуверын нисэх буудал дээр хуавейн тусгай онгоц зогсож байсан ба энэ онгоцыг шинээр будаж, Хуавей гэсэн ганц нэр харагдахааргүй болгосон ба хажуу бөөр дээр нь China Southern гэсэн нэр бичсэн, мөн энэ нэрээр бүртгүүлсэн байв. Бүсгүйг авчирсан машинаас “гүнж” хар хурдаараа гүйж гаран онгоцонд ороход хэзээ мөдгүй хөөрөхөд бэлэн онгоц тэр даруй газраас тасарчээ.
Энэ онгоцны явсан траектор нь хүртэл өвөрмөц. Канадаас Хонконг явдаг маршрутаас өөр, бараг дөрвөн цаг хэмнэх агаарын шугамаар явахдаа транспондероо унтраасан гэдгийг хэлэх хэрэгтэй. Транспондер гэдэг маань ямар компанийн ямар онгоц, ямар чиглэлд явааг тодорхойлдог холбооны автомат хэрэгсэл.
Номхон далайн олон арал, нутгуудад байдаг Америкийн цэргийн баазуудыг яаж ч мэднэ гэж тооцсон болов уу. Бас энэ онгоц гадагшаа ямар ч холбоо барилгүй явсан ба зөвхөн Оросын хилд, Оросын агаараас хамгаалах системийн бүсэд орж ирсний дараа транспондероо асааж, холбоо харилцаагаа барьж эхэлсэн байна.

Энэ онгоц ингэж Оросын, дараа нь Монголын агаарын хилээр амар мэнд явж байхдаа “удахгүй очих нь ээ” хэмээн Хятад руу мессеж явуулж, хэсэг хугацааны дараа Шинженьд газардахад бараг л сансрын нисгэгч угтаж авч байгаа аятай юм болсон гэнэ.
Канадчууд Мэний оронд Майкл Спейвор, Майкл Ковриг хэмээх (хятадууд энэ хоёрыг тагнаж туршсан хэргээр барьсан) иргэдээ дараа нь хүлээн авч, Ерөнхий сайд Жастин Трюдо нь энэ явдлыг өөрсдийн ялалт хэмээн мэдэгдэхэд америкчууд шүдээ зуусаар хоцорлоо.

Мэн онгоцноос буухдаа “Хятад хэмээх хүчирхэг улс орон намайг хамгаалаагүй бол би хэзээ ч эрх чөлөөтэй болохгүй байсан билээ” хэмээн хэлэхэд угтан цугласан олон хүмүүс уухайлан хашхирч байжээ.
P.S
Хүчирхэг улсууд нээрээ л сайхан юм. Өөрийн иргэний эрх ашгийг хамгаалах гэж, өөр бусад улсаас чөлөөлүүлэх гэж эцсээ хүртэл үзэж байхад нөгөө тал нь улсынх нь эрх ашигт хортой үйлдэл хийсэн хүнийг ямар ч аргаар хамаагүй барьж шийтгэх гэж зүтгээд л…
Монгол Улсын олон чухал нууцыг барьж байсан иргэн маань Казахстанд оччихсон, тэндхийн иргэн, төрийн ажилтан болж, эрх мэдэлтэй баян тарган яваа тухай яриа байж л байдаг. Манай талаас нууцаа хадгалах гэж юу хийсэн, ямар арга хэмжээ авсан талаар би лав ямар нэг зүйл сонссонгүй. Тэр ч битгий хэл Ерөнхий сайд байсан хүн нь хэрэгт холбогдох болоод ирэхээрээ зүгээр л зугтаад явчихдаг. Хамаг юмны зангилаа дээр сууж байсан Ерөнхий сайд шүү дээ. Ийм юм дэлхийн бусад улс оронд олон гардаг ч ямар нэгэн байдлаар араас нь хөөцөлдөж, бүтсэн бүтээгүй янз бүрийн арга хэмжээ авч, буцааж авчрах гэж оролддог л юм билээ. Харин манайд яадаг юм бүү мэд. Бараг идэж ханаад, гадагшаа гар гэж байгаа юм шиг чимээгүй өнгөрөөдөг юм биш үү гэмээр. Эсвэл ямар нэг нууц энэ тэр гэсэн юмгүй улс орон юм болов уу?