Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
2011 онд 77 хүнийг буудан хөнөөж, 151 хүнийг хүнд хөнгөн шархдуулсан Андерс Брейвик гээчийг дэлхий даяараа мэднэ. Тэр олон хүн хөнөөсөн энэ нөхөр 21 жилийн ял авсан бөгөөд одоо Норвеги дахь “Ила” хэмээх шоронд хоригдож байгаа юм.
Хоёр гурван жилийн өмнө энэ хүн өөрийн хоригдож байгаа нөхцөлийг “тарчлаан зовоох хамгийн хүнд хэлбэр” хэмээн нэрлэсэн бөгөөд өөртэй нь яг л “мал мэт” харьцаж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдэж байсан билээ.
Өдөр болгон салхинд гардаг хугацааг нэмэгдүүлэх, гадаад ертөнцтэй харьцах боломжийг нь илүү чөлөөтэй болгох гэх мэт олон шаардлага тавьсан ба түүний хамгийн их зэвүүцэн дургүйцэж байгаа зүйл нь PlayStation-3 тоглоомын консол өгөөгүй явдал гэнэ. Гурав болон дөрөвдүгээр үеийн тоглоом, тэр дундаа “насанд хүрэгчдийн тоглоом” тоглож болдог шинэ юм гарчихаад байхад хуучин PlayStation-2-оор тоглуулна гэдэг тун ч муухай тамлалт байж таарч байгаа бололтой.
Ер нь энэ нөхөр гурван өрөө бүхий байр-шоронд ганцаараа хоригддог ба тэнд нь бэлтгэлийн тусгай өрөө, хөргөгч, зурагт гээд бүх л хэрэгцээт зүйлс байдаг, өдөр болгон нэг цаг салхинд гарах эрхтэй юм гэнэ лээ. Ийм “муухай” орчинд хүн хорьдог норвегичуудыг ёстой яалтай билээ.

Норвеги улсын шорон гяндан угаасаа дэлхийд алдартай. Сүүлийн үед улам бүр алдаршиж, олны анхааралд өртөж, гадаад дотоодын улс туршлагыг нь судлах нь элбэгшсээр байгаа юм. Ялангуяа Халден хэмээх нэртэй шоронд орсон хүн бол ёстой л жаргаж, эсвэл зовдог гэж хэлж болох бололтой.

250 хүнийг хорих “хүчин чадалтай” энэ шорон нь 32 гектар газар эзэлдэг, ой модтой сайхан газар байрлана. Тэнд дандаа хүнд гэмт хэрэг болох хүн хөнөөсөн, зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, хар тамхи зардаг, хүчиндэгч зэрэг нөхдүүдийг аваачдаг юм байна.

Энэ хүний шаар болсон гэмт хэрэгтнүүд нь зурагт чөлөөтэй үзэх эрхтэй, биеийн тамирын орчин үеийн хэрэгсэл бүхий зааланд бэлтгэл хийдэг, шоронгийн тансаг хоолноос уйдвал хүссэн хоолоо өөрөө хийх боломжтой, бүр дуу зохиож, дуулж түүнийгээ сайн төхөөрөмж дээр бичиж болдог юм байна. Чухам ийм байж л хүнийг хүмүүжүүлж, эргээд нийгэмд орох боломжийг нь бүрдүүлдэг гэж норвегичууд сайрхах дуртай гэнэ.
За тэгээд хоригдол хүн номын санд орох, жижигхэн тусгай дэлгүүрээс юм авах, тусгай байранд гэрийнхэнтэйгээ уулзах, бүр тэндээ ойр дотны хүнтэйгээ хонож болно. Тэр тусгай байр гэдэг нь манайхаар бол “хаус”.
Энэ шоронгийн хорих өрөө нь 12 кв/метр хэмжээтэй, нэг хүнийг хорих зориулалттай ба энд тусдаа усанд орох, бие засах өрөөтэй, зурагт, мини хөргөгчтэй, хананд нь урлагийн сайхан бүтээлүүд өлгөөтэй байдаг гээд бод доо. Шоронгийн хананд өлгөх гэж сая гаруй доллараар өчнөөн сайхан гар зураг авч тавьсан юм байж. Ёстой юу ч хэлэх вэ.

Хоригдох өрөөндөө оройн 21 цагаас өглөөний 7 цаг 30 минут хүртэл байх ёстой бол үлдсэн цагт нь “люкс амралтын” газрынхаа хашаан дотор юу хүссэнээ хийнэ. Заримдаа хашаанаас гарч нарсан ойгоор ганцаараа зугаалж ч болно. Ганцаараа шүү.
Ер нь бол өрөөндөө хэвтээд байгаагүйнх нь төлөө тодорхой хэмжээний мөнгө өгдөг дүрэмтэй юм байна.
Хорих газрын хашааны дээгүүр элдэв өргөстэй төмөр энэ тэр байхгүй, хуяг нь ихэнхдээ эмэгтэй хүмүүс байх ба хөлбөмбөг, сагс болон бусад спортоор тоглохдоо хуяг хоригдол нийлж холилдоод л бөмбөг хөөгөөд байна.
Ийм шоронд ямарваа нэг зөрчил бараг гардаггүй, тун цөөхөн тохиолдох маргааны үеэр маргалдагч хоёрыг жижигхэн сүмд аваачиж, ламтан сургаал айлдсаар гар хөлийг нь бариулж байж л гаргана. Үгүй бол өдөржин шөнөжин тэндээ шашны зан үйл, хүний сайн сайхан амьдрал… мэтийн юм сонссоор байх ёстой.

10-12 өрөөний дунд нэг зочдын өрөө гэмээр том зааланд хоригдлууд дуртай үедээ орж зурагт үзэх, тоглох боломжтой бөгөөд энд зөөлөн буйдан болон хүнд хэрэгтэй бүх л юмс бий. Том оо гээчийн зурагтад PlayStation, Xbox залгаатай, тэрэнд нь зориулсан олон янзын тоглоом бэлэн. Гал тогоонд орчин үеийн хоол хийх хэрэгсэл, үл зэврэх гангаар хийсэн төрөл бүрийн хутга…
Энэ бүхний үр дүнд Халден шоронд хоригдож байгаад суллагдсан хүмүүсийн 20 хувь нь л дахин гэмт хэрэг үйлддэг, энэ нь дэлхийн бусад улс орны шоронтой харьцуулахад маш бага тоо юм гэнэ лээ. (Жишээ АНУ-д энэ тоо 76 хувьтай аж)
Нэг иймэрхүү. Норвеги улс нь газрын баялаг ихтэй, үүгээрээ ч баяжсан улс орон. Гэхдээ алуурчид, хүчиндэгч, хар тамхины наймаачид нь шоронд орсон хойноо жирийн хүн ард, шударгаар хөдөлмөрлөж яваа хүмүүсээс илүү тансаг, зовлонгүй амьдардаг нь чухам хэр зөв байдаг юм бол. Шоронд хийх нь шийтгэх биш хүмүүжүүлэх зорилготой хэмээн тайлбарладаг ч над мэтийн тэнэг хүнд энэ нь үнэндээ ойлгомжгүй, утгагүй санагдана.
Ene zuger amraltin gazar ym ym yy shoron ym yy xax