Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Энэ дэлхий дээр жилдээ 100 тэрбум гаруй янз бүрийн хувцас үйлдвэрлэдэг гэдэг тооцоо байдаг юм байна. Ийм их хэмжээний юм жил болгон шинээр гарч, хуучинтайгаа нийлээд ирэхээр багтаж шингэмээргүй их болох нь ойлгомжтой болов уу. Ийм учраас барууны улс орнуудын олон брэндүүд хуучин хувцсыг дахин боловсруулснаар экологи, байгаль дэлхийгээ хамгаалж, эдийн засгийн хэмнэлт гаргахад хэрэгтэй, энэ тал дээр ажиллаж байна мэтээр сайн сайхан зүйл ярин, өөрийн реклам сурталчилгааг давхар хийдэг нэг аргатай билээ. Эдэн дундаас H&M болон Zara брэндүүд бусдаасаа чанга дуугарч ялгардаг бололтой.

Гэтэл үнэндээ дээр дурдсан 100 тэрбум хувцаснаас ердөө л нэг хувийг нь дахин боловсруулж, үлдсэнийг нь яаж ч чаддаггүй юм байна. Өмнө хэлсэн хоёр брэнд нь жилдээ дунджаар 3 тэрбум орчим хувцас үйлдвэрлэж, хуучин хувцасныхаа 10 гаруй хувийг дахин боловсруулдаг ба энэ бол салбар дотроо л том тоо гэнэ.
Харин үлдсэн 90 хувийг яадаг хэрэг вэ? Ихэнх нь Гана зэрэг Африкийн улсууд, тэр дотроо Аккра хэмээх Ганын нийслэл хот руу бөөн бөөнөөр нь аваачна.
Ядуу зүдүү хүмүүс тэрхүү хувцаснаас дуртайгаа хүссэн хэмжээгээр авах учир их л сайн зүйл хийж байгаа мэт санагдах байх. Бодит байдал дээрээ тэрхүү хуучин хувцаснуудын 40 гаран хувь нь өмсөх ямар ч аргагүй болж хуучирсан эд байдаг учир ердөө л хог болдог байна. Тэр их хэмжээний хогийг хаана хаях вэ?

Далайн эрэг орчинд зүгээр л асгаад болоо. Хэрэгтэйг нь хэн нэг нь түүж аваад хэрэггүй нь тэндээ үлдэх ба Африкийн 10 гаруй улсын эрэг нь чухам ийм хог-хувцсанд “живж” байгаа юм.
Африкийн олон орон цаашдаа иймэрхүү импортыг хориглохыг оролдож байгаа боловч одоогоор шинээр хог нэмэгдсээр, далайн эрэг орчимд шинэ хогон уул овоо боссоор.
Яагаад тэр их хувцас үйлдвэрлэж болдог юм бол худалдан авагчдаас цуглуулж авсан хуучин хувцсыг дахин боловсруулж болдоггүй хэрэг вэ?

Хариулт нь мөнгө зардал. Хуучин хувцсыг ялгаж ангилан дахин боловсруулахад багагүй мөнгө, цаг зарцуулах ба энэ нь эдийн засгийн ашиггүй гэдэг нь тодорхой болонгуут үйлдвэрлэгч нар холхон газар луу хог болгоод явуулчих нь илүү зардал багатай байдаг юм байна. Харин Европ болон бусад нутагт болохоор байгаль дэлхийгээ хайрлаж байгаа тухай гоё гоё бичигтэй сурталчилгаа тавиад, худалдан авагч нар нь ч түүнийг нь дэмжиж хуучин хувцсаа өгсөөр. Өнөөгийн байдлаар Аккра дахь хувцас-хогон овоо нь 20 метрийн өндөртэй, өч төчнөөн га газар эзэлсэн гэх ба энэ хогийн гарал үүсэл нь Их Британи, Европын холбооны улсууд, Хойд Америк, Австрали зэрэг улс гэнэ лээ.







