Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Дэлхийн Хоёрдугаар дайнаар тодрон гарсан агуу ас-уудын ноён оргилын нэг болох А.Покрышкины дуртдатгал дээр нэгэн сонирхолтой хэсэг бий. Тэнд бичсэнээр бол алдар хүндийнхээ оргилд нэгэнт хүрч, Зөвлөлтийн агаарын нисэх хүчинд ихээхэн нэр нөлөөтэй болоод байсан энэ эр “Оросуудын” хийж байгаа шинэ сөнөөгчүүдийг үзэхээр очсон байна. Эхэлж Яковлевтай уулзаж, шинэ ЯК-3 онгоцыг нь үзэж байхдаа зэвсэглэл сул, онгоцны бүхээгийн тав тух эвгүй зэрэг олон дутагдлыг анзаарч, энэ тухай зохион бүтээгчид хэлэхэд өнөөх нь яагаад ч юм огт сонирхохгүй, хэлж байгаа үгийг нь сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй “гөлийчихөөд” суугаад байсан гэдэг. Харин Лавочкин дээр очоод ЛА-7 онгоцыг хараад магтаж, баярлаж, өдөржин онгоц онгоц дээр очин радио холбоог нь залгаж үзэн явж байсан тухайгаа бичсэн нь бий. Нэг үгээр хэлэхэд Як-3 нь энэ агуу амьтанд таалагдсангүй.
Тэгвэл Покрышкины санаанд хүрээгүй энэ онгоц нь чухам ямархуу эд байсан талаар одоо сонирхуулъя.
Зөвлөлтийн хувьд агуу их эх орны дайндаа тодорхой амжилт олж эхэлсэн тэр цаг үед Германы нисэх хүчний шинэ онгоцнууд дахиад л гай тарьж эхэлжээ. Шинэхэн Густав болон Фоккер-той тулахад ЯК-1 – ийн хурд хүч дутаж, яаралтай илүү сайн онгоц хийх шаардлага амин чухал болж ирлээ. Зөвлөлтийн зохион бүтээгчид зүгээр суулгүй янз бүрийн юм хийж бодож сэтгэж байсны нэг нь ЯК-3 хэмээх хөнгөн сөнөөгч байв.
Шинэ хүчирхэг онгоц хийхэд хамгийн түрүүнд хүчтэй, аль болох жин багатай хөдөлгүүр хэрэгтэй. Гэтэл Зөвлөлтийн хувьд ихээхэн найдвар тавьж байсан МП-106, МП-107 хөдөлгүүрүүд нь бүтэлгүй болж хүч султай МП-105 л гар дор бэлэн байсан учраас онгоцны аэродинамик чанарыг дээд зэргээр сайжруулж, болох бүх л хэмжээгээр хөнгөлж байж Мессер-тэй өрсөлдөх боломжтой болох нь тодорхой байлаа. Яковлев юун түрүүнд байгаа ганц мотороо өөрчлөн сайжруулах тал дээр хөдөлгүүр зохион бүтээгч Климовтой хамтран ажилласны дүнд моторын хүчийг бараг 80 мориор нэмж чаджээ. Дараа нь аэродинамик тал дээр олон том өөрчлөлт хийж, элдэв радиатор болон энд тэндээс сэрийж болох бүх л юмыг онгоцны их биеийн рүү гүн суулгаж, арын дугуйг эвхдэг болгох зэргээр зүтгэсний дүнд тун ч сайхан галбиртай, цэвэрхэн онгоц бий боллоо.
Ялангуяа шинэ далавч уу …
Онгоцны хурданд нөлөөлдөг хамгийн гол зүйл бол духны эсэргүүцэл. Тэгвэл онгоцны духны эсэргүүцэл гэдэг маань үндсэндээ далавч билээ. Яковлев бага хүчтэй мотороор илүү хурд гаргахын тулд Як-1 онгоцны далавчийг илүү жижиг болгохыг хичээж байсан бөгөөд далавчны хэмжээ багасах нь онгоцны маневрлах чадварт, хөөрч буухад хамгийн муу нөлөөтэй зүйл. Гэсэн ч тэрээр шинэ онгоцныхоо маневрлах чадварыг бууруулахгүйгээр илүү жижиг далавч тавьж (Як-1-ийн далавчны талбай нь 17,5 метр бол Як-3-ынх 14,5) чадсан юм.
Ингээд зогсохгүй онгоцоо хөнгөлөхийн тулд зарим модон эд ангийг төмрөөр сольж, нисгэгчийн хамгаалалтын заримыг нь авч, заримыг нь өөрчилсний дүнд шинэ онгоц нь ЯК-1-ээс бараг 200 кг хөнгөн болж, хурд нь 4250 метрийн өндөрт 650 км/цаг хүрсэн нь Мессерийн хамгийн сүүлийн загвараас 30-40 км/цаг илүү хурдтай байлаа.
1944 оны дундаас шинэ Як фронтод ирсний дараа Мессер-үүд өөрийн гол давуу тал болох шумбалтаар дайрч зугтах аргаа хэрэглэхэд хүндрэлтэй болсон ба дайралтын дараа огцом өндөр аван аюулгүй бүс рүү гардаг байсан нь ч бүтэхээ больж эхэллээ. Шалтгаан нь Як-3.
Дээш татаад нэмэргүй, доош огцом шумбаад ч ялгаагүй, хэвтээ чиглэлд бүр хол дутуу…Мессерүүдийн хувьд урт шумбалтаар л Як-3-аас зугтааж чадаж байсан ба Як-3 нь ийм шумбалтаар “ясан хэдрэгийг” удаан хугацаагаар хөөвөл далавч гэмтэж, салж бутрах аюултай байсан юм. Гэхдээ шинэ Як шумбалтын эхэн хэсэгт илүү хурд авч дайсныхаа сүүлэнд наалдаж авч чаддаг байсан учир урт шумбалтаар зугтах боломж ер нь л тааруухан байв. Нэг ёсондоо дорнот фронт дээр Як-3, Ла-7 нар эзэн сууж авчээ.
Нийтлэлийн эхэнд Покрышкин энэ онгоцыг голж байсан тухай бичсэн мөртлөө дараа нь магтаад байгаа нь танд хачирхалтай санагдаж магадгүй. Ганцхан Покрышкин ч биш орчин цагийн зарим агаарын дайны түүх судлаачид энэ онгоцыг муулах нь зөндөө бөгөөд шулуун хурд, өндөр авах хурд гэсэн хоёр гол үзүүлэлтэд анхаарч бусад бүх юмыг гаргуунд гаргасан зүйл гэх мэтээр их бичдэг.
Энэ тухайд өөрийн ойлголтоор бяцхан тайлбар хийх гэж оролдъё.
Покрышкин бол дайны дунд үеэс эхлэн дайсны сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцыг фронтын цаана барьж аван устгадаг, ерөнхийдөө чөлөөт агналтаар “хичээллэж” байсан хүн болохоор харьцангуй сулхан зэвсэгтэй (Покрышкины аэрокобра-гийн 37 мм-ийн их бууны хажууд Як-ын 20 мм-ийн ШВАК бол тун ч чөргөр эд. Бас Америкийн супер радио-холбоог Зөвлөлтийн тааруухан холбоотой харьцуулах хэрэггүй биз ээ), дэндүү бага шатахуунтай онгоцыг тоохгүй байх нь аргагүй юм.
Чухам эндээс л Як-3 онгоцны гол онцлог ялгаа, давуу болон сул тал харагдаж эхлэх болов уу
Як-3 нь фронт орчимд дайсны сөнөөгчийг дарах зориулалтай учир фронт даван, хол газар нисэж очих шаардлага байсангүй. Тийм учраас маш бага шатахууны савтай байсан ба энэ нь дахиад л нөгөө жин “хэмнэх”-эд чухал нөлөөтэй. Дээр нь жин багатай онгоц маань (ЯК-3 нь 2400 кг жинтэй байхад Густав бараг 4000 кг хүрч байлаа) маневрлах чадвар илүү өндөртэй гэсэн үг. Тэгээд ч тухайн үед Зөвлөлтөд хүнд сөнөөгч болох Ла-7, аэрокобра гэсэн хүчирхэг сөнөөгч онгоцнууд байсан билээ.
Як-3 нь нэг ширхэг 20 мм-ийн их буутай, хоёр ширхэг 12,7 мм-ийн пулемёттой гэхээр тухайн үеийн бусад сөнөөгчөөс харьцангуй сулхан зэвсэглэлтэй гэж хэлж болно. Энэ нь мөн л жин, зориулалтай холбоотой бөгөөд дайсны сөнөөгчтэй тулахад хангалттай хүч. Харин томоохон бөмбөгдөгч онгоцонд энэ нь жижигдэж сулдах нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч шинэ “Яшка” нь бөмбөгдөгчтэй биш сөнөөгч онгоцтой л тулалдын тулд хийгдсэн гэдгийг дахин хэлье. Харин үүнийг дутагдал гэх үү, давуу тал гэх үү…маргаантай л юм.
Яковлев онгоцоо хөнгөлөхийн тулд олон чухал хуяг хамгаалалтыг авч хаясан тухай бичсэн ярьсан зүйлс зөндөө бий. Үнэхээр ч тэгсэн бөгөөд тэрээр лав бүхээгийн духны хуяг болох зузаан “шилийг” байхгүй болгосон нь яах аргагүй үнэн зүйл. Гэхдээ тэрхүү “шил” нь винтовын калибр буюу 7,62 мм-ийн сумнаас л хамгаалах ба тухайн үед Германы нисэх хүчинд ийм жижигхэн бууг тавьсан онгоц гэж байхгүй болсон үе байлаа.
Тэрээр духны хамгаалалтыг авч хаясан ч бүхээгийн арын шил, нисгэгчийн нурууны хуягийг илүү зузаалж, хэлбэрийг өөрчилснөөр ганцхан араас биш ар-хажуугаас буудсан сумнаас нисгэгчийг хамгаалах боломжтой болсон байна. Энэ бүхнээс харахад Як-3-ыг маш сул хамгаалалтай, бараг Зеро-той адилхан шахам гэж хэлж бичих нь дэндүү өрөөсгөл зүйл болов уу. Ямар ч бай дайны төгсгөл хэсэгт энэ онгоцыг авсан нисэх хүчний анги нэгтгэлүүдийн дайсны онгоцыг устгасан статистик огцом өсөж байсан бөгөөд Францын Норманд- Неман хорооныхон чухам энэ онгоцыг холбоотны бусад бүх сөнөөгчөөс илүү гэж үзэн сонгож авч байсан нь ихээхэн юм хэлж өгч байгаа биз ээ.