Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
2021 оны тооцоогоор Энэтхэг болон Хятад улсад амьдарч байгаа хүний тоо нь дэлхийн нийт хүн амын 1/3-тэй тэнцүү байна гэж гарсан байдаг. Хятадад 1,4 тэрбум, Энэтхэгт 1,38 тэрбум (2020 оны статистик) хүн оршин суух ба нийт зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 3,5-4 тэрбум хүн буюу дэлхий маань нийт 7-8 тэрбум хүнтэй гэхээр тэдний тал нь тэрхэн жижиг хэсэг дээр шавааралдан байдаг болж таарч байгаа юм.
Чухам ямар шалтгаанаас энэ бүс нутагт ийм их хүн амьдардаг, төрж өсдөг юм бол?
Түүхийн турш дорно дахина буюу Азийн нутаг дэвсгэр дээр амьдрах хүний тоо нь Европыг бодвол бараг байнга 3 дахин их байсан бөгөөд манай эриний өмнөх 1000 жилийн үед ч ийм байсан бололтой гэж эрдэмтэн түүхчид тооцдог. XVIII зууны эхээр энэ тооны зөрөө нэлээд багасаж ойртсон ч XX зуунаас эхлэн Азийн хүн амын тоо огцом өсөж эхэлсэн байна.
Энэ бүс нутгийн Хятад Энэтхэг зэрэг улсад хамгийн их хүн амьдран суудаг бол араас нь Индонез, Пакистан залгах ба Азийн хамгийн олон хүнтэй 15 улс дотор Бангладеш, Япон, Филиппин зэрэг “өчүүхэн” гэмээр газар нутагтай улсууд ч ордог гэнэ. Зүгээр л зөнгөөрөө энэ бүс нутагт ийм хүн чихцэлдэн суухгүй нь ойлгомжтой бөгөөд үүний шалтгааныг тайлбарласан олон үзэл бодол байдгаас хамгийн бодит үнэн байж болох нөхцөлийг сонирхуулъя.
Ер нь хүн амын тоо, өсөлт нь олон хүчин зүйлээс шалтгаалах ба өвчин зовлон, байгалийн гамшиг, эмнэлгийн үйлчилгээ, улс төрийн нөхцөл байдал…гээд тоолж баршгүй их зүйл гарах биз. Гэхдээ хамгийн чухал хоёр зүйл үүнд нөлөөлсөн гэж үздэг нь цаг агаар, хоол хүнс юм.
Энэтхэг болон Хятадын хамгийн их хүн оршин суудаг хэсэг нь тропик болон субтропик орчинд байрлах ба эндхийн цаг агаар нь зөөлөн дулаан, чийглэг байх нь ойлгомжтой. Чухам ийм газар л газар тариалан хөгжиж таарах ба дээрх хоёр улсын нутаг дэвсгэр дээр байрлах газар тариалангийн бүс нь дэлхийн нийт газар тариалангийн 25%-тай тэнцдэг байна.
Дэлхийн нийт хүн амын 35 хувьтай (зүүн өмнөд Азийг тэр чигээр нь оруулбал бүр 50% хүрэх нь) тэнцэх хүмүүсийг дэлхийн нийт тариалангийн 25%-тай тэнцэх хэмжээний тариалангийн талбайгаар тэжээж барах уу? Номоороо бол хангалттай байтугай бүр ихээхэн илүү гарах юм байна.
Түүхийн туршид Европын сэрүүвтэр бүсэд амьдардаг ажилсаг хүмүүс нь бас ч харьцангуй механикжсан газар тариалан дээрээ зуны хэдэн сарын туршид зүтгэж зүтгэж байж улаан буудайн нэг ургац авах бол Энэтхэг-Хятадын хойгт будаагаа тариад жилдээ хоёр ургац хурааж авна. Бүр зарим тохиолдолд 3 ургац ч хурааж авах боломжтой гэнэ.
Ингээд ч зогсохгүй хурааж авах хүнсний илчлэг чанар бас их ялгаатай. 1 акр газар тарьсан улаан буудай нь 4 сая калор өгдөг бол ийм хэмжээний газар тарьсан будаа нь 11 сая калор агуулдаг байна. Тэгэхээр будаа тарьдаг нутагт хамаагүй илүү их хүн амьдран суух боломжтой нь ойлгомжтой биз ээ.
Үүнээс гадна тахиа, гахай болон бусад ан амьтан тэжээн хоол хүнсэндээ хэрэглэх арга нь мөн л Энэтхэг-Хятадын хойгоос гаралтай гэдэг. Эрт урьдын цагт амьдран суух, өлсөхгүй байх хамгийн боломжтой газар нь чухам энэ нутаг байсан бололтой.
P.S
Энэтхэг Хятадын хойгт хамгийн их хүн амьдардаг нь тодорхой бол харин хамгийн шигүү хүнтэй хот нь хаана байдаг вэ? Бодвол Энэтхэг Хятад хоёрын нэгэнд баймаар мэт боловч тийм биш юм. Филиппиний нийслэл Манила хотын 42 км/кв газарт бараг 2 сая хүн амьдран суудаг бөгөөд манай Улаанбаатар хотын хэмжээг 4,704 км/кв (Википедиа, Багануур, налайх орсон бололтой) гэж үзээд Манила хот шиг шигүү хүн амтай гэж тооцвол тун ч айхтар тоо гарч таарах байх.
1950-аад оноос хойш эрчимтэй хөгжин тэлж байгаа энэ хотод одоо олон шинэ орон сууц, офис, худалдааны аварга төвүүд, далайн боомт, эмнэлэг үйлчилгээний цогцолбор баригдсаар байна. Хэдийгээр энэ хотод гэмт хэрэг, экологийн асуудал, авто машины түгжрэл зэрэг хүнд бэрхшээл гарч ирэх ч ээлж дараалан шийдсээр. Ямар ч байсан 42 кв/км газар нутагтаа 2 сая хүн багтаагаад, дээр нь том том төвүүд ажиллуулаад, нэмж бариад, жилд сая давсан жуулчин аваад байгааг бодоход болж бүтээд л байгаа бололтой. Харин 4,704 кв/км нутагтай, 1,8 сая оршин суугчтай хот ингэж чадаж байгаа юм болов уу…