Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
“Яндаж боломгүй далай шиг
Яасан баян нутаг вэ?…”
Ийм үгээр өсөж хүмүүжсэн монголчууд бид яагаад юм ч гадаад, дотоодоос гуйлга гуйгаад, хошуу дэвсээд л явдаг нь их сонин! Магадгүй газар доорхи баялаг маань нэгэн цагт “яндаж дуусах хэмжээтэй байж” болох ч ядаж л хүнээс гуйлга гуйхгүй хэмжээний юм хөрсөн дор маань байгаа бололтой. Тэгээд яагаад…?
Орчин үеийн нарийн техник технологи, суурь шинжлэх ухааны нөөц муутай ч газар доорхи баялгаараа хэн хүнийг атаархуулан амьдардаг улс цөөнгүй. Тэдний нэг болох Бахрейн улсын тухай цөөхөн хэдэн сонирхолтой мэдээллийг чадан ядан цуглуулснаа хуваалцъя гэж бодлоо. Цаашдаа мөн иймэрхүү улсуудын тухай үргэлжлүүлэн бичих сонирхол байгаа юм шүү. Өөрийн улс орны өнөөгийн байдалтай харьцуулж үзэхэд бас сонин байх болов уу.

Персийн буланд орших өчүүхэн жижиг улс болох Бахрейн нь ердөө л 760 кв.км газар нутагтай гэнэ. 1,5 сая кв.км нутагтай бидэнд энэ тоо бол бүр хэтэрхий жижигхэн сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ жижигхэн оронд, 300 000 гаруй иргэнтэй (гаднаас ирсэн хүмүүс биш уугуул иргэд) улсад ядуурал гэж байхгүй, бүгд орон гэртэй, татвар төлдөггүй, улсаас янз бүрийн өндөр тэтгэмж хангалт авдаг ба энэ бүхний эх уурхай нь газрын баялгаас олох орлого юм билээ.
Бахрейн улс 1971 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд хамгийн сайн найз нь АНУ. Энд Америкийн тэнгисийн цэргийн 5-р флот байрладаг болохоор ийм найзаас салах ямар ч боломжгүй нь ойлгомжтой болов уу. Тэр тусмаа 1932 онд Бахрейнд асар их нефтийн нөөц олдож хамаг бүхний хайрыг татсаныг хэлэх үү.
Одоо энэ улсын төсвийн 85 хувийг нефтээс олох орлого бүрдүүлдэг ба уугуул иргэн нь татвар төлөх шаардлага үгүй. Бас бүх л төрлийн сургууль үнэгүй бөгөөд хэн хүссэн нь гадаад дотоодын ямар ч их, дээд, доод, бага сургуульд сурах хүсэлтэй л бол улс бүхнийг даана. Үүний тулд тухайн сургууль цэцэрлэгийн төлбөрийн нэхэмжлэлийг авч улсын зохих байгууллагад өгөхөд л хангалттай.
Бас нэг онцгой зүйл нь эмнэлэг. Эмнэлэг нь ямар ч үнэ төлбөргүйгээс гадна гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай бол улс бүх зардлыг нь даадаг байна. Сайхан уу? Сайхан байлгүй яахав. Ингээд зогсохгүй та гадаад явж эмчлүүлэхэд таныг дагаж явах хүний зардал, хоол, орон байрыг ч улс хариуцна.
Энэ улсын бас нэг гайхуулдаг юм нь өндөр насны тэтгэвэр. Тэтгэвэрт гарсан хүн өмнө нь ажиллаж байсан цалингийнхаа 53 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг сар бүр авдаг нь их биш юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ дэндүү гэмээр өндөр цалинтай улс шүү гэдгийг тооцох хэрэгтэй болов уу. Ингээд зогсохгүй өөр олон төрлийн өч төчнөөн дэмжлэг байдаг юм гэсэн.
Энэ бүхнээс харахад Бахрейн гэдэг диваажин мэт л санагдана.
Гэтэл үгүй юм байж. Дээр дурдсан бүх л хангамж нь зөвхөн нутгийн уугуул иргэдэд л олдох зүйл бөгөөд уугуул иргэдэд ч гэсэн санаа зовох, дургүйцэх зүйл мундахгүй. Үүний нэг нь тухайн улсад мусульман шашны хэт хатуу гэмээр ёс заншил, хууль үйлчилдэг байна. Мөн уугуул оршин суугчдын ихэнх нь шийтүүд, бага хэсэг нь суннитууд. Харин засаг барих хүмүүс нь цөөнх буюу суннитууд учир элдэв хэл ам гарах нь ойлгомжтой.

2011 онд шийтүүд засаг төрийн шийдвэрт өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж бас нэг жагсаал цуглаан болсон бөгөөд энэ үед эргэн тойронд нь “Арабын хавар” болж байсныг та санаж байгаа болов уу. (Египет, Йемен, Тунис, Сири, Ливи…)
АНУ тэргүүтэй баруун талын улсууд нь ардчиллыг дэмжиж, “дарангуйлагчдыг” унагах энэ хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, олон ч “дарангуйлагч” нарыг шороо үмхүүлсэн тэр үе шүү.
Бахрейнд болсон энэхүү жагсаал цуглаанд АНУ мөн л идэвхтэй оролцсон бөгөөд янз бүрийн зэвсэг техник нийлүүлж байсан гэдэг. Гэхдээ энэ удаа эсрэгээр буюу засаг төрд нь, “дарангуйлагч” нарт!
Ийнхүү улс орныг хамарсан нэг хөдөлгөөн тэгэсгээд дарагдаж олон ч хүн баригдаж, хоригдож, зарим нэг нь улс орноосоо хөөгдөж, өөр бусад нь цаазлуулснаар энэ бүх юм дууссан юм билээ. Бахрейн улсыг диваажин гэнэ үү, там гэнэ үү хүн болгон өөрийнхөөрөө дүгнэх биз ээ.