Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Манай дэлхийн найман тэрбум хүний хамгийн сайн мэдэх хоёр дууг та нэрлэж чадах уу? Нэг нь удахгүй болох шинэ жилтэй холбоотой… гэж хэлж дуусаагүй байхад л хүн болгон нээрээ “Jingle Bells” шүү дээ гэж дуу алдах болов уу. Энэ бол яах аргагүй хамгийн алдартай дууны нэг бөгөөд биднийг залхааж ядартал энд тэнд гонгинох цаг нь тун ч дөхөж байна.
Тэгвэл энэ дууны түүх бас л учир утгатай юм билээ.
Дууг зохиосон хүн нь Жеймс Лорд Пьерпонт гээч эр бөгөөд 1857 онд уг дуугаа бүтээжээ. Энэ хүн нь хар арьстнуудыг зарц боол байлгах явдлыг дэмждэг учраас гэрийнхэнтэйгээ муудалцаж, хаясан, Конфедераци буюу боолын ёсыг хэвээр хадгалахын төлөө тэмцэгч нарыг дэндүү идэвхтэй дэмждэг, тэдний сүлд дууг зохиосон, бас байнга л авгай хүүхний асуудалд ордог… ер нь л адал явдалтай нөхөр байж.

Анх энэ дуу нь Jingle Bells биш One Horse Open Sleigh гэсэн нэрээр Массачуссетсд болдог нэгэн баяраар олонд хүрсэн бөгөөд дуулж байгаа хүн нь хар өнгөөр нүүрээ будсан цагаан арьстан. Хөнгөн, хөгжилтэй маягийн дууг “хар болсон цагаан хүн”, тэр тусмаа иргэний дайн эхлэхийн өмнөхөн өмнөд мужид дуулж эхэлсэн гэхээр юм юмны учир ойлгогдож эхлэх болов уу. Дээр нь энэ дуунд ямар нэг шинэ жил, Christmas-тай холбоотой ганц ч үг байхгүй бөгөөд “замдаа дайралдсан охид бүсгүйчүүдтэй найзалж, наргиж…” гэх мэтийн үгтэй гэж байдаг. Ийм ч учраас энэ дууг сүм хийдэд дуулах гэж оролдоод хөөгдөж байсан түүхтэй юм гэнэ лээ. Харин өнөөгийн Jingle Bells гэсэн нэрийг авч, шинэ жилтэй холбон дуулж эхэлсний дараа л (XX зуунд) уг дуу нь нийт хүн төрөлхтний “сүлд дуу” болох шахтлаа алдаршсан юм байна.
Арьс өнгөтэй холбоотой аливаа зүйлийг ёстой л ангуучилж байгаа барууны нийгмийн “цензорын” хаагуур нь энэ дуу гараад явчихсан юм бүү мэд. Хэн нэг идэвхтэй тэмцэгч нь гэнэт “Black Lives Matter” гээд орилоод босоод ирвэл Jingle Bells маань хоригдоод, хаагдаад таг болохыг үгүйсгэх арга алга.
Хүмүүн төрөлхтний хамгийн гэрэл гэгээтэй баяр болох шинэ жилийн сүлд дуу маань нэг ийм түүхтэй юм билээ.
P.S.
Энэ хорвоогийн хамгийн агуу детектив зохиолч Агата Кристигийн “Ten Little Niggers” (Арван бяцхан хар хүүхдүүд) хэмээх алдарт зохиолын нэрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн өөрчилж, хуучин нэрийг нь хориглож үгүй болгосон гэхээр яваандаа юу ч болоо билээ. Jingle Bells-ээ сонсогдож байгаа дээр нь сонсож л байя.
Дараагийн алдартай дуу нь юу байж болох вэ? Энд зарим нэг нь төрсөн өдрийн дуу гэж хэлж магадгүй. Тэгвэл тэрнээс дутахгүй алдартай нэг дуу, үнэндээ бол ая, бүр тодруулбал нэгэн марш байдаг нь Мендельсоны марш! Яагаа вэ нөгөө хурим болоход эгшгилдэг сүртэй сайхан тэр ая маань шүү дээ.
1843 онд Шекспирийн бичсэн “Зуны шөнийн зүүд” (A Midsummer Night’s Dream) хошин жүжгийг тавихдаа Мендельсоноор зарим нэг ая бичүүлсэн байна. Нэгэнт хошин шог юм болохоор хамгийн инээдтэй хэсэг дээр өвөрмөц ая байж таарах гээд байдаг. Мендельсон ч тэрэнд нь таарсан сайхан юм хийгээд өгсөн нь бидний сайн мэдэх тэр марш.

Одоо чухам ямар хэсэг дээр энэ ая явсан бэ гэхээр:
Сахиусан тэнгэрийн гүнж болох Титани гээчийг нэгэн муу санаатан хортой ургамлаар хордуулан тархи толгойг нь эргүүлснээс болж энэ бүсгүй “алингараа алдан”, анхалж таарсан эрд л дурлахаар болсон юм гэнэ. Ингээд элий балай болсон Титани тэнэж яваад нэгэн харц эртэй таарч, түүндээ дурлаж, унаж тусах ба өнөөх эр нь бас л нэг муу санаат шидтэний “ачаар” илжгэн толгойтой болчихсон юм байж. Титани тэрийг нь ойлгох сөхөөгүй болохоор бушуухан л хуримаа хийх гэж яаран, “илжиг”-ээ чирсээр гэрлэх ёслол хийдэг газар давхиж очин ёс төртэй гэр бүл болж байх үед нь “хуримын марш” маань ёслол төгөлдөр эгшиглэж эхэлнэ. Оюун ухаан нь мангуурсан гүнж, илжгэн толгойтой харц хоёрын хурим хийж байгаа нь, дээр нь энэ сүртэй ая явахаар тухайн үеийн хүмүүсийн элгийг автал инээлгэдэг байсан байлгүй.
Айхтар нэрд гараагүй байсан Мендельсоны энэ зохиолыг тухайн үед хүмүүс бараг анзаараагүй ба хошин шогийн бас нэг тааруухан ая гэсэн байдалтайгаар үл тоосон бололтой. Харин дараа нь, Мендельсон нэртэй төртэй хөгжмийн зохиолч болсноос хойш Английн хатан хааны охин нь Пруссын Фридрихтэй гэр бүл болох ёслолдоо энэ маршийг ашиглажээ. Шалтгаан нь их энгийн буюу ихэс дээдсийн хурим найранд шинэ өвөрмөц гоё ая дуу хэрэгтэй, дээр нь нэртэй сайн хөгжмийн зохиолчийнх байх ёстой гэсэн шаардлагын дагуу хайж түүж үзтэл эрт урьд бичсэн, хуримын ёслолд таарах нэг ая байсан нь агуу Мендельсоны бичсэн зүйл байв. Үүнээс илүү таарах юм гэж хаа байхав гээд өнөө маршийг хуримандаа ашигласнаар дэлгэрэн тархаж өнөө цагт бүр ч ихээр газар авсан түүхтэй юм билээ. Британийн гүнж чухам яах гэж энэ маршийг сонгосон талаар нэлээд маргадаг ба зарим нэгний үзэж байгаагаар гүнжтэн ухаантай, боловсролтой хүн байсан болохоор албаар энэ аяыг сонгож авч, өөрийн болон дэр нэгтгэж байгаа хүний гарал үүслийг нууцаар илэрхийлсэн байх гэдэг таамаг байдаг юм гэсэн. Ямар ч байсан хошин жүжгийн хамгийн доогтой, инээдтэй хэсгийг тодотгох зорилготой бичсэн энэ ая одоо хүн хоорондын хамгийн нандин харилцааг эхлүүлэх нэг чухал ёслол болсон нь сонирхолтой, бас хачирхалтай.