Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
1554 онд Туркийн Султаны цэцэрлэгээр зугаалж явсан Австрийн элчин нэгэн сайхан цэцэг олж харжээ. Гоо сайхан, уян налархай зүйлийг дээдлэх, шүтэх, тийм зүйлээр чамирхах нь хэрээс хэтэрч байсан европчуудын нэг болсон хүний хувьд зүгээр өнгөрч чадалгүй цэцгийн нэр усыг нь асууж, яаж ургуулах талаар нэлээд зүйл заалгаж авсан байна. Дараа нь мань эр нутаг буцахдаа Вена дахь хааны цэцэрлэгт өнөөх цэцгээ үрээр тарьж ургуулжээ. Үүнээс хойш хааны ордны цэцэрлэгч нар нь хойд нутгийн хүйтэн агаарт ургах чадвартай уг цэцгийн шинэ сорт гаргах гэж чамгүй ажилласны үр дүн гарч Европ даяар уг цэцэг алдаршиж эхэлсэн он жил нь 1594 он байлаа.
Ийнхүү Европ даяар “Алтан зул цэцгийн солиорол” гээч эхэлсэн бөгөөд ялангуяа Нидерландад ийм цэцэгтэй байх нь баян тарган, хүч нөлөөтэй, сайн язгуур угсаатай хүний шинж болж хувирсан байна. Алтан зул цэцэг хүнд бэлэглэх хамгийн сайн бэлэг болж, цэцгийн үнэ ч төдий чинээ өссөөр, сүүлдээ бүр…
1623 онд алтанзул цэцгийн Viceroy хэмээх сортын нэг баглаа, эсвэл үр үндэс нь 1000 гульден үнэ хүрч байсан гэдэг. Энэ нь хэр их юм бол?
Тухайн үеийн Нидерландын дундаж давхаргын хүний жилийн орлого нь дунджаар 150 гульден байжээ. Өөрөөр хэлбэл нэг цэцэг авахын тулд уг хүн 7-8 жил тасралтгүй ажиллаж, олсон мөнгөө огт үрэлгүй хадгалж цуглуулж байж л нэг “өвс ногооны хэлтэрхий” авах чадалтай болох байв.
Өөр нэг жишээ, тухайн үед 1 тонн тос нь (юуны тос юм бүү мэд) 100 гульден, 30 гахай 300 гульден байсан гэхээр Алтанзул цэцэг гээч нь ямар аймаар үнэтэй байсан нь тодорхой болох бизээ. Бүр нэг удаагийн арилжаагаар 6000 гульден төлж байж нэг баглаа цэцэг авсан түүх ч бий гэнэ.
Тухайн үед хадамд гарч байгаа охины инжинд Semper augustus хэмээх сортын алтанзул цэцэг дагалдвал ёстой л хорвоод олдошгүй сайн бэр болж хувирдаг тийм цаг байж.
Магадгүй зарим нэг онцгой явдлаас болж ийм үнэд хүрсэн ганц нэг тохиолдлыг ингэж дэвэргэсэн байж болох юм гэж бодож байгаа хүн байгаа л байх. Тэгвэл 1635 онд 40 ширхэг алтанзул цэцгийг аманд багтахад хэцүү тоо гэмээр 100 000 гульденээр зарж байсан ба хувь хүнд ийм их хэмжээний мөнгө бэлнээр байх нь ховор учир ихэнхдээ газар, мал амьтан, аж ахуй оруулан зардаг байв. Ганц цэцгийн төлөө хэд хэдэн га эдлэнгээ, хэдэн арван жилийн турш барьсан чулуун байшингаа, хэдэн жилийн турш ургуулсан улаан буудайн ургацаа өгч байж ганцхан цэцгийн үндэс, үр авах нь байдаг л зүйл. Дараа нь үүнийгээ ургуулж зараад өмнөхөөсөө хэд дахин том байшин сав, газартай болох хойно. Хүн болгон л үүний төлөө тэмцэж, үр үндэс олохын төлөө “алалцсаар”.
Нидерланд Испанийн хооронд болсон удаан үргэлжилсэн дайныг зогсоож, хоёр тал зарим нэг тохиролцоонд хүрснээр Нидерландын хойд хэсгийг эдийн засгийн онцгой бүс болгож, худалдаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд дэндүү сайхан гэмээр боломж бүрдүүлжээ. Ингэснээр уг газар нутагт бизнес ёстой л толгой эргэм хурдтай явагдаж, нутгийнхан баяжин, нэг нэгнээсээ илүү баян тарган болох гэж, яваандаа илүү язгуур угсаатай болж харагдах гэж өрсөлдөж эхэлсэн нь ийнхүү алтанзул цэцгийг мандан бадрахад хүргэсэн гэдэг.

Алтанзул цэцгийн наймаа бол улирлын шинж чанартай зүйл. 5-р сараас эхлэн 10-р сар хүртэл наймааны алтан үе байх ба олон наймаачид (тухайн үед уг наймаанд оролцдоггүй хүн гэж Нидерландад байсангүй гэх) аль болох хавар цэцгээ зарах сонирхолтой байв. Учир нь өвөл ургуулахад хэцүү энэ цэцгийг яаж ийж ургуулж, хавар гэхэд дэлбээлүүлээд зах зээл дээр гаргаад ирвэл намар зарснаас 3-4 дахин их ашиг олох боломжтой.
Ийнхүү эрэлт улам нэмэгдэж бүх худалдаа энэ бизнест бүрэн дарагдсан ба энд тэндгүй цэцгийн том бирж бий болон ирээдүйд ургуулах цэцгийн наймаа ёстой л “цэцэглэж” эхэлсэн байна.
1634 онд энэ наймааны тал нь “цаасан худалдаа буюу”дараа нь тарьж ургуулах ёстой цэцэг болж, зах зээлд өнөөх алдартай “хөөс” бий болох нь тэр. Хөөс хагарахаар юу болдог тэр бүхэн номоороо болсноор эхлээд цэцгийн үнэ 10-20 дахин унаж эхэлснээ цаашдаа бүр үнэгүй шахам болжээ.
Энэ уналт Нидерландын бүх л эдийн засгийг татан унагасан ба хамаг бизнес нь энэ гайтай цэцэгт түшиглэж байсан учир жинхэнэ эдийн засгийн хямрал эхэлж олон зуун мянган хүн орон байргүй, идэх хоолгүй болж сүйрсэн байна. Улмаар Испанийг ч урдаа сөхрүүлж чадсан, тив дэлхийгээр олон арван колонитой болсон Нидерланд нь ид хүчирхэгжиж яваад Европын жирийн нэгэн жижгэвтэр улс болж унасан түүх энэ цэцгээс эхлэлтэй.
Эдийн засагчид” Голланд өвчин” гэж ярих нь элбэг. Тэрхүү өвчин нь чухам энэ цэцгийн бизнес байсан бөгөөд энэ хямрал тухайн улсад бараг 200 гаруй жилийн турш нөлөөлсөн гэдэг. Одоо ч гэсэн “Голланд өвчний” шинж тэмдэг өөр хэлбэрээр хаа сайгүй бий болсоор байгааг мэддэг чаддаг хүмүүс нь анхааруулж байгааг дахин нурших нь илүүц биз ээ.