Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Энэ жил болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэрт кино жүжигчин Уилл Смит нь хөтлөгч Крис Рокыг алгадаад, дараа нь олны өмнө хэлж болохгүй үгээр хэлж доромжилсон бөөн шуугиан гараад авсныг олонх нь мэдэж байгаа байх.
Тэгвэл Оскарын тайзнаа гаргасан үйлдлийнхээ төлөө Уилл Смит хэдхэн өдрийн өмнө Крис Рокоос дахин уучлалт гуйжээ. У.Смит гуравдугаар сард болсон үйл явдлын дараахан уучлалт гуйсан. Энэ нь хангалтгүй байсан бололтой тэрээр энэ удаад инстаграм хуудастаа урт гэгчийн мэдэгдэл нийтэлжээ. Үүнд нь “Би гурван сарын турш өөртэйгөө тулж ажилласан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр хэчнээн олон хүнийг шархлуулснаа ойлгосон. Кристэй холбоо барьсан боловч тэр ярихад бэлэн биш байна гэсэн. Крис, чамаас уучлалт гуйж байна. Миний зан авирыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан байх. Чи хэзээ ярихад бэлэн болно тэр үед чинь би бэлэн байна” гэж У.Смит хэлжээ. Жүжигчин эр ингээд зогссонгүй К.Рокийн ээж, гэр бүл, дүү нараас нь ч бас уучлалт гуйжээ. Мөн олон нийтэд хандаж “Хэрвээ та бүхэн хүлээж чадвал Крис бид хоёр дахин найзууд болж чадна гэдгээ амлаж байна” гээд эцэст нь өөрийн эхнэр Жада Пинкетт Смитээс уучлалт гуйж, энэ явдалтай тэр ямар ч хамаагүй гэж мэдэгджээ.
Холливудын тэргүүн зэрэглэлийн одыг шалдаа бууж, дахин дахин уучлалт гуйлгах шалтгаан байх нь ээ. Шоу бизнес, тэр тусмаа кино урлагтай холбоотой янз бүрийн явдал байнга гарч л байдаг боловч энэ удаагийн явдал өөрийн эрхгүй анхаарал татах зарим нэг онцлог агуулж байгаа юм шиг санагдана.
Учир нь гайтай энэ алгадалтаас болж Уилл Смит сайн дураараа Америкийн кино академийн гишүүнээс татгалзаж, уучлал гуйсан ба дараа нь өнөө Кино академи нь мань эрийн гишүүнчлэлийг 10 жилийн турш түдгэлзүүлжээ. Тэгвэл урьд өмнө ингэж сайн дураараа энэ гишүүнчлэлээс татгалзсан тун цөөхөн тохиолдол байх бөгөөд өнөө алдарт Харви Вайнштейн, жүжигчин Билл Косби, найруулагч Роман Полански, зураглаач Адам Киммел зэрэг нөхдүүд л ингэсэн байна. Энэ бүх нөхдүүд нь ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлтэй холбогдсон бөгөөд энэ бол үнэхээр бузар муухай хэрэг нь ойлгомжтой.
Уилл Смит нь тэгэхээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн дайтай гэмт хэрэг хийсэн хүн болж таарч байгаа бололтой.
Явдал учир ингээд дууссангүй. Нэтфликсийн зүгээс Уилл Смит гол дүрд нь тоглох байсан Fast and Loose хэмээх кино төслөө дээрх явдлаас болж зогсоож байгаагаа мэдэгдсэн бол Sony компани нь The Bad Guys-4 кинондоо Уилл Смитийг тоглуулахгүй байхаар шийдсэн байна.
Удалгүй араас нь Apple+ нь Уилл Смиттэй хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ… гэх мэт. Нөгөө юм л бол хүйсээ солиулах, биналь биш байх… гэх мэтийн ойлгомжгүй баатруудыг алдаршуулан гайхуулдаг Дисней нь бүр ч ширүүн догшин байгаа сурагтай. Нэг ёсондоо энэ хугацаанд нийгмээрээ мань эрийг гадуурхан хавчиж эхэлжээ.
Жүжигчин хүний хувьд энэ бол дэндүү том шийтгэл гэдэг нь ойлгомжтой бөгөөд хүн хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Харин Смит нь юу гээчийг хийгээд ингэж амьтны ад болоод байгааг эргэн нэг саная.
Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтөлж байсан комедиан (хошин шогч юм уу алиалагч гэлтэй биш) Крис Рок нь элдэв дээдийн юм ярьж байхдаа Жада Пинкетт Смитийг удахгүй “Цэрэг Жейн-2” кинонд тоглохыг хүлээж байна гэсэн үг хэлж. Деми Мурын тоглосон “Цэрэг Жейн” (G.I. Jane) киноны гол дүрийн эмэгтэй үсээ хусуулж цэрэг болох гээд баахан зовсон явдал гардаг тийм л кино. Харин Жада Пинкетт Смит буюу Уилл Смитийн эхнэр нь үс унах өвчнөөр зовж, шаналж явдаг хүн бөгөөд энэ талаараа, уг өвчнөөс сэргийлэх талаар олон удаа ярьж бичиж байсан юм гэнэ.
Тэгтэл Крис Рок гуай нь тэр бүсгүйн өвчин зовлонгоор нь доог тохуу хийгээд нөхөрт нь алгадуулжээ. Дараа нь Уилл суудалдаа очиж суугаад “Миний эхнэрийн нэр чиний хараал идсэн амнаас гарах ёсгүй шүү…” гэх мэтийн юм хашхиран хэлсэн байна. Болсон явдал ердөө л энэ. Гэхдээ Оскарын шагналын тавцан дээр шүү.
Ганц нэг үс толгой яриа л биз, юун сүртэй хэрэг вэ гэх хүн байж магадгүй л юм. Баруун талд, үгүйдээ л толерант-либерал зан үйлийг бишрэн шүтэгч нар лав ингэж бодож байгаа бололтой буюу халзан толгой ярьсны төлөө хүч хэрэглэсэн нь бузар муухай явдал гэж уурссан нөхдүүд зөндөө.
Баруун талын сэтгэлгээ болон бидний сэтгэлгээ гэж их л өөр бололтой. Дэлхий нийтээрээ анхааран байдаг тайзан дээрээс эмэгтэй хүнийг, эхнэр хүнийг, хамгийн гол нь эх хүнийг үс толгойгүйгээр нь доромжилж болдог юм байж. Толерант нийгэм!
Аз болж Крис Рок ижил хүйстэн биш (янз бүрийн coming out зарлаагүй байх), хүйсээ солиулаагүй байж таардаг нь яамай. Тэгсэн бол хөөрхий Уилл ч баларсаан. Эсвэл Уилл цагаан арьстан байсан бол…
P.S
Холливудын бас нэг шуугианы эзэн Харви Ванштейны хэрэг явдал ч бас бөөн будлиан. Гоо сайхан залуухан хүүхнүүд том кинонд тоглож алдартай од болох үедээ “Харви Ванштейны ачаар би ийм хэмжээнд хүрлээ. Тэр хүнд би хэзээ төлж дийлэхгүй өртэй…” гэх мэтээр ярьж байснаа хэсэг хугацааны дараа буюу амьтан хүнд тоогдохоо болиод ирэхийн үед нөгөө Ванштейныгаа хэлэхийн муугаар хэлж эхэлсэн байдаг. “Надтай унтаж хэвтэх гэж янз бүрийн юм яриад… би аргагүйн эрхэнд… тэгээд од болгоно гээд…” гэж байсан тэдгээр зарим нөхдүүд нь өөрсдөө харин залуухан банди нарыг уруу татаж байсан тухай баримт ил болсон тухай юм үе үе харагддаг болж.
Нэг иймэрхүү нөхдүүд өөртэйгөө таарсан үл бүтэх нөхрийг муулан байж алдар хүнд, ашиг орлого олдог мөн ч сонирхолтой эрин үед амьдарч байна даа бид.