Бээжингийн удаа дараагийн анхааруулга, ноцтой мэдэгдлүүдийг үл тоон дэлхийн нийтийн анхаарлын төвд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси өчигдөр 22.44 цагт Тайванийн нийслэл Тайпэй хотод газардлаа. Тэрбээр Азийн дөрвөн улсаар хийх айлчлалаа ням гаригт эхлүүлсэн бөгөөд айлчлалын талаархи албан ёсны мэдээлэлдээ Тайпэйд буух эсэхээ нууцалж байсан юм.
Н.Пелосигийн онгоц газардсаны дараа Хятадын Засгийн газар Тайванийн хоолойд томоохон цэргийн сургуулилалт зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Мөн үүнтэй зэрэгцэн Н.Пелоси твиттер хуудастаа “Манай төлөөлөгчдийн айлчлал Тайванийн эрч хүчтэй ардчиллыг АНУ тууштай дэмжиж буйн илрэл юм. Бид Энэтхэгийн далай-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн түншлэл, ардчилсан засаглалд анхаарлаа хандуулах болно. Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын өмнө тулгараад байгаа өнөө үед 23 сая хүн амтай Тайвань улстай Америк эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” хэмээн жиргэсэн байна.
Нэнси Пелоси бол АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарын дараа эрэмбэлэгддэг тус улсын төрийн өндөр албан тушаалтан. Түүний айлчлал хамгийн сүүлд 1997 онд АНУ-ын спикер асан Ньют Гингрич Тайваньд айлчилснаас хойш 25 жилийн дараа хийгдэж буй Америкийн хамгийн өндөр албан тушаалтны айлчлал болж байна.
Н.Пелосигийн онгоц Тайвань арал дээр газардахаас өмнө Малайзаас хөөрсөн түүний онгоцны маршрутыг онлайнаар 2.9 сая хэрэглэгч, Тайваньд газардах үед 700 000 хэрэглэгч нэгэн зэрэг ажигласнаас Flightradar24 хэмээх нисэх онгоцны хөдөлгөөнийг цахимаар хянадаг вэбсайт ачаалаа даалгүй унасан ба Тайванийн Ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудас хакерийн довтолгоонд өртөж 20 минут орчим хаагдсан.
АНУ-ын зэвсэгт хүчний найман сөнөөгч онгоц дагалдан ниссэн Н.Пелосигийн маршрут Млайзын нийслэл Куала Лумпураас Тайвань хүртэлх 4.5 цагийн маршрутын оронд Филиппинийг тойрон 7 цаг ниссэнтэй зэрэгцэн тус улсын тэнгисийн цэргийн байлдааны дөрвөн хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист, Тайванийн арлын зүүн талд орж ирсэн юм. Н.Пелосигийн онгоцны маршрутыг сүүлийн үед БНХАУ-ын тэнгисийн цэргийн идэвхжил өндөр байгаа Өмнөд Хятадын тэнгисийг захалж ниссэнтэй холбон тайлбарлаж байна.
Улмаар Н.Пелосигийн онгоц Тайваньд газардахтай зэрэгцэн Хятадын байлдааны нисэх онгоцууд тус арлын агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тухайлбал Тайванийн Үндэсний Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, мягмар гаригийн турш Хятадын 21 байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд (ADIZ) нэвтэрсэн бөгөөд эдгээр нь БНХАУ-ын зэвсэглэлд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн J-16 сөнөөгч онгоц 10, J-11 сөнөөгч онгоц 8, Y-9 онгоц 1, Y-8 цахим тагнуулын нисэх онгоц 1, KJ-500 агаарын десантын зарлан мэдээлэх, хянах онгоц 1 тус тус багтсан хэмээн тайлан мэдээндээ дурджээ. Дашрамд дурдахад J-16 сөнөөгч онгоцыг ОХУ-ын СУ-30 сөнөөгчийн суурин дээр сайжруулсан байдлаар бүтээсэн гэж үздэг.
Хятадын талаас байлдааны онгоцууд агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан Тайванийн талаас радиогоор сэрэмжлүүлэг өгч, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг байршуулсан байна. БНХАУ-ын зүгээс Тайванийн ADIZ бүс рүү байлдааны онгоцоо байнга илгээдэг. Өнгөрсөн оны 10-р сарын 4-ний өдөр Хятадын талаас нийт 56 онгоц тус бүсэд нэвтэрсэн байна.
Дэлхий нийтээр БНХАУ-АНУ, Тайванийн хурцадмал харилцааны төв цэгийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бернсийг Хятадын ГХЯ-наас дуудаж эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна.
Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаа нь “Нэг Хятадын зарчмыг ноцтой зөрчсөн асуудал” бөгөөд энэ нь Хятад, Америкийн харилцаанд ноцтой нөлөө үзүүлнэ гэж Хятадын ГХЯ-наас олон нийтэд хандан мэдээлэл хийсэн юм. Улмаар Пелосигийн айлчлалтай зэрэгцүүлэн Тайванийг тойрсон томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг ноцтой байдлаар явуулахаа Бээжингээс мэдэгдсэн байна.
Үүний хариуд CNN-д ярилцлага өгөхдөө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “Манай улсын зүгээс баримталж буй бодлогод ямар ч өөрчлөлт ороогүй. Бид сүүлийн хэдэн өдөр энд маш тодорхой хэлж байгаа. Хятадын талаас энэ айлчлалтай холбоотойгоор ноцтой арга хэмжээ авах шалтаг болон шалтгаан байх ёсгүй” гэж тэр хэлсэн юм.
АНУ-ын засаг захиргаа 1979 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон ба Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч тус арал дээр тогтсон ардчилсан засаглалыг батлан хамгаалахад туслахаа байнга илэрхийлж, зэвсэг техник нийлүүлдэг юм.
1949 онд Хятадын иргэний дайн дууссаны дараа эх газрын хөрөнгөтнүүд Тайвань аралд тусгаар тогтнолоо зарлаж байв. Бээжин тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд ирээдүйд зэвсгийн хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгэдэггүй.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Н.Пелосигийн айлчлал “тохиромжгүй цаг үе”-д болж буйг хүлээн зөвшөөрсөн ч гүйцэтгэх засаглалын тэргүүн хууль тогтоох байгууллагын тэргүүний айлчлалд саад хийх боломжгүйг тайлбарласан юм.