Өнгөрөгч ням гарагт Аль-Кайда террорист байгууллагын тэргүүн Айман Аль Завахириг АНУ-ын Тагнуулын Төв газраас дроны цохилтоор устгасан тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн. Үүний дараа Аиман Аль Завахирийг Афганистаны нийслэл Кабул дахь гэрт нь устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан ёсны мэдэгдэл хийлээ.
Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ “Түүний гэр бүлийн гишүүдээс хэн нь ч бэртэж гэмтээгүй, энгийн иргэд амь үрэгдээгүй. Даалгавар бүрэн биелэгдсэнийг баталгаажуулсны дараа би энэ мэдээг Америкийн ард түмэнтэй хуваалцаж байна. Шударга ёс ялж байна” хэмээн тэрээр дурджээ. Аль Завахири нь 1998 оноос хойш Осама Бин Ладены туслахаар Аль Каида бүлгийн хоёр дахь хүн хэмээгдэн ажиллаж байгаад түүнийг хороогдсоноос хойш албан ёсоор залгамжлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байжээ. Осама Бин Ладен болон Аиман Аль Завахири нарыг 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын нутаг дэвсгэрт гарсан террорист халдлагыг зохион байгуулагчид гэж үздэг.
Осама Бин Ладен Аль-Кайдагийн нүүр царай, мөнгө санхүүгийн эх үүсвэр байсан бол Аиман Аль Завахири нь гол тактик боловсруулагч, зохион байгуулагч байсан гэж АНУ-ын хүчнийхэн үздэг аж.
Аль Завахири үхсэн гэсэн цуурхал удаан хугацаанд тарж байсан юм. Харин энэ оны дөрөвдүгээр сард хижабын (нүүрний хаалт) хоригийг эсэргүүцсэн Энэтхэгийн мусульман шашинт эмэгтэйг сайшааж байгаа Завахири дүрслэгдсэн бичлэг нийтэд ил болсон. Энэ нь түүнийг амьд байгааг батлах баримт болсон ба гурван сарын турш ТТГ тусгай ажиллагаа явуулсны үр дүнд ийнхүү Кабулд устгаж чаджээ.
Одоогийн байдлаар цахим сүлжээнд Айман аль Завахирийг устгасан нисгэгчгүй дроны сэдэв олны анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ.
Дроны цохилтын үеэр ямар ч дэлбэрэлт болоогүй бөгөөд өөр бусад хүний амь нас хэлмэгдээгүй байна. Тиймээс АНУ уг ажиллагаанд Hellfire R9X хэмээх нууц зэвсгээ ашигласан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ нь тэсрэх дэлбэрэх хошуугүй, харин маш хурц 6 хутган жад бүхий пуужин юм байна.

Пентагон, Тагнуулын Төв газрын аль нь ч “нинжа” гэгддэг энэхүү нууц зэвсгийн талаар албан ёсны мэдээлэл тарааж байгаагүй юм. Анх 2017 оны гуравдугаар сард Сирийн нутаг дэвсгэрт Аль-Кайдагийн удирдагчдын нэг Абу Аль Хаир Аль Масригийн амийг хөнөөх ажиллагаанд уг зэвсгийг ашигласнаар мэргэжилтнүүд, зэвсэг сонирхогчид энэ тухай мэддэг болжээ.
Тухайн үед Масригийн сууж явсан автомашины дээвэрт том нүх гарч, салоны доторх хэсэг, сууж явсан хүмүүсийн хамт олон хэсэг хэрчигдсэн байсан юм. Харин автомашины урд хамар болон хойд хэсэг огт хөндөгдөөгүй байжээ.
Үүнээс өмнө явуулсан бүх дроны ажиллагааны үеэр үргэлж томоохон дэлбэрэлт болж, гэмгүй хүмүүсийн амь нас, эд хөрөнгө хэлмэгддэг байсан юм.

Энэ ажиллагааны дараа Hellfire R9X хэмээх нууц пуужингийн талаар зарим мэдээлэл задарч байжээ.
Тухайлбал уг пуужин нь зургаан ширхэг маш хурц хутгатай. Байнд хүрэх үеэрээ эдгээр нь тал тал руу задарч, эргэн тойрны бүх биет зүйлийг маш хурдтай хэрчдэг байна.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр ням гарагийн өглөө Завахири гэрийнхээ тагтан дээр ганцаар зогсож байхад ТТГ-ынхан хоёр ширхэг Hellfire пуужинг дроноос Завахири руу харвасан байна.
Ажиллагааны дараа тараасан гэрэл зургуудаас үзвэл тагтны цонх хагарсан ч барилгын бусад хэсэг огт хөндөгдөөгүй байжээ. Тухайн үед Завахиритэй хамт байсан гэр бүлийнхэн нь эсэн мэнд үлдсэн байна.