Хятадын талын ноцтой эсэргүүцлийг үл тоон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси орон нутгийн цагаар мягмар гаригийн үдшээр Тайваньд ирэх төлөвтэй байна гэж Тайванийн хэвлэлд мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар Н.Пелоси маргааш нь арлыг орхиж явах төлөвтэй байгаа гэнэ. Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайз улсуудад айлчлахаар ням гаригт Америкаас ниссэн. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэлд Тайваньд хийх айлчлалын талаар дурдаагүй хэдий ч хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлснээр Н.Пелоси Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан Хятадын эрх баригчид газар нутгийнх нь салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа бололтой.
АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Тайваньд айлчилбал энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд Америкийн дээрээсээ гурав дахь том албан тушаалтны тус аралд хийсэн анхны айлчлал болох юм. Хэрэв айлчлал болбол Хятад улс хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Бээжин Вашингтонд удаа дараа анхааруулсан билээ.
Тухайлбал Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми өнөөдөр буюу мягмар гарагт Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлжээ. Хятадын тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, сургуулилалт наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
“Наймдугаар сарын 2-ны 00:00 цагаас наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Вэб хуудсанд координатыг нь зааж өгсөн тухайн бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгдэлд дурджээ.
Эдгээр нь Хятад улс энэ өдрүүдэд тэнгист хийж байгаа цорын ганц сургуулилалт биш юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улс Өмнөд Хятадын тэнгист Гуандун, Хайнань мужид цэргийн сургууль хийжээ. Мөн бямба гарагт Тайванийн хоолойн нөгөө эрэгт орших Фүжянь мужийн зүүн хэсгийн усанд байлдааны буудлагатай сургууль хийсэн байна.
Харин Тайванийн талаас наймдугаар сарын 2-4-ний хооронд Зэвсэгт хүчнийхээ байлдааны бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлж магадгүй хэмээжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 2-4-ний 12.00 цаг хүртэл арми нь байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлж, Хятадын Ардын Чөлөөлөх Армиас учирч болзошгүй аюулаас хамааран тохируулна гэж Тайванийн мэдээллийн агентлаг онцлон тэмдэглэжээ.
Н.Пелосигийн Азид хийх айлчлал түүнийг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээ цацагдсаны дараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Хэрэв айлчлал болбол Хятад улс хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Бээжин Вашингтонд удаа дараа анхааруулсан. Айлчлал явагдвад Хятадын эрх баригчид “гар хумхин суухгүй” гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь даваа гарагт дахин мэдэгдсэн юм.