Францын хөлбөмбөгшийн шигшээ баг болох Английн “Челси” клубийн хагас хамгаалагч Нголо Канте ирэх 11-р сард Катар улсад эхлэх ДАШТ-д гуяны арын булчингийн гэмтлээс болж оролцох боломжгүй болжээ. Тэрээр өнгөрсөн 8-р сарын 14-ний өдөр Английн “Премьер лиг”-ийн тэмцээний хүрээнд Лондон хотын “Стэмфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд “Тоттенхэм” багтай 2:2 харьцаатай тэнцсэн тоглолтын үеэр гэмтсэн юм.
Клубийн зүгээс 31 настай Франц хагас хамгаалагчийг дөрвөн сарын хугацаанд талбайд гарах боломжгүй гэж мэдээлжээ. 2018 оны дэлхийн аварга Францын шигшээ багийн хувьд энэ жилийн ДАШТ-д аваргаа хамгаалах зорилготой оролцоно. Багийн амжилтад хамгийн чухал нөлөөтэй тоглогчдын нэг гэмтсэн нь тэдний хувьд томоохон гарз болж байна. Гурван өнгөтнүүд тэмцээний эхний тоглолтоо 11-р сарын 22-нд Австралийн шигшээ багтай хийнэ.

Мөн Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Диегу Жота энэ жилийн ДАШТ-д оролцох боломжгүй болжээ. Тэрээр Английн “Премьер лиг”-ийн тэмцээний хүрээнд өнгөрсөн тойрогт “Ливерпүүл” клуб “Манчестер Сити” багийг 1:0 харьцаатай хожсон тоглолтод хөлийн булчингаа гэмтээсэн юм. Жотагийн хувьд хэсэгтээ Гана, Уругвай, БНСУ-ын багуудтай өрсөлдөх Португалийн шигшээ багийн гарааны довтлогчоор тоглох байсан. Тэд “H” хэсэгт багтан өрсөлдөх юм. Мөн Португалийн шигшээ багийн тамирчдаас “Вүлверхэмптон” багт тоглодог жигүүрийн тоглогч Педро Нету өнгөрсөн долоо хоногт шагайндаа гэмтэл авч мэс засал хийлгэхээр болсон учраас шигшээ багтаа тоглох боломжгүй болоод байна.

ХБНГУ-ын хөлбөмбөгийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд болж байна. Урд шөнө 8 тоглолт болсоноос онцлох тоглолт “РБ Лайпциг” болон “Хамбург” багуудын хооронд боллоо.
Тоглолт Германы Лайпциг хотын “Ред Булл” аренад явагдсан юм. Эхний үед талбайн эзэд 2 гоолын зөрүүтэй тэргүүлсэн. Гоолуудыг Данийн шигшээ багийн довтлогч Юссуф Поульсен 33 болон 36 дахь минутад ердөө 3 минутын зайтай оруулсан байна. Эхний гоолыг Мохамед Симаканы хөндлөн дамжуулалтаар оруулсан бол 2 дахь гоолыг сөрөг довтолгоогоор Андре Силвагийн дамжуулалтаар оруулжээ. Тоглолтын 2-р үед “Лайпциг” дахин 2 гоол орууллаа. 69 дэх минутад Эмиль Форсбергийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтаар Мохамед Симакан хаалганд мөргөж багийнхаа 3 дахь гоолыг оруулсан байна. Улмаар 4 дэх гоолыг мөн сөрөг довтолгоогоор Бенжамин Хенрихс оруулжээ. Ийнхүү Марко Розе дасгалжуулагчтай “РБ Лайпциг” баг тэмцээний 3-р шатанд буюу шөвгийн 16-д шалгарлаа.

Жил бүрийн оны шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг Баллон д’Ор шагналын энэ жилийн эзэн Карим Бензема болон оны шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн Тибау Коурто нарт “Реал Мадрид” клубын хамт олон болон тамирчдын зүгээс баяр хүргэн угтан авсан байна. Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багаас энэ жил Франц довтлогч Карим Бензема оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр шалгарсан бол Бельги хаалгач Тибау Коурто алдарт хаалгач Лев Яшины нэрэмжит шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн юм. Өнгөрсөн улирал “Реал Мадрид” клуб гайхалтай амжилттай улирлыг өнгөрүүлж Испанийн “Ла лиг” болон Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигт түрүүлэхэд эдгээр тоглогчид чухал үүргийг гүйцэтгэсэн юм.