Европ тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд эхэлж хагас шигшээд өрсөлдөх эхний хоёр баг тодорлоо. Өнгөрсөн шөний тоглолтуудаас ХБНГУ болон Грекийн шигшээ багуудын тоглолт хамгийн сонирхолтой нь байсан юм. Грекийн шигшээ баг чансаагаар илүү, дээрээс нь өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Яианнис Антетокоунмпо байгаа учраас хожих боломж илүү гэж таамаглаж байсан. Гэсэн ч тоглолтын үр дүн эсрэгээрээ байж, сагсан бөмбөг бол багийн спорт гэдгийг Германчууд харууллаа. Герман улсын шигшээ баг тоглолтын турш талбайн давуу талаа тун сайн ашиглаж чадсан юм. Улмаар тоглолт үндсэн цагт 107:96 харьцаатай Германы хожлоор өндөрлөсөн юм.
Яианнис Антетокоунмпо тэргүүтэй Грекийн шигшээ баг ийнхүү хагас шигшээ шатнаас хасагдлаа. Германы багаас Деннис Шрөдер 26 оноо авч багаа оноогоор тэргүүлсэн бол Даниэл Тейс 16 удаа самбараас бөмбөг авсан нь мөн тэргүүлэх статистик үзүүлэлт болжээ. Эхний хагаст Грекийн баг 61:57 харьцаатай тэргүүлсэн ч талбайн эзэн баг болох Герман хоёрдугаар хагаст оноог барьж, цаашлаад илүү гарсанаар 9 онооны зөрүүтэй хожсон юм.
Гуравдугаар үед Антетокоунмпогийн довтолгоонууд удаа дараа амжилттай болж байсан ч энэ нь багтаа ялалт авчирхад хангалттай байсангүй. Германчууд өрсөлдөгчөө 3-р үед 26:10-аар илүүрхэж, тоглолтын тооны харьцааг 83:71 болгосон. Улмаар сүүлийн буюу 4-р үед энэхүү онооны тэргүүллээ хадгалсаар өөрийн талбайдаа маш чухал тоглолтод хожиж, хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барилаа. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга, хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Антетокоунмпо энэ тоглолтонд нийт 31 оноо авч, 8 оновчтой дамжуулалт, 7 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүллээ. Энэ тоглолтод Йоханнес Тиманн спортын бус алдаа гаргаж талбайгаас хөөгдсөн байна.

Энэ шатанд Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг Финландын багтай учраа тааран тоглож 100:90 харьцаатай үндсэн цагт хожлоо. Испани нэгдүгээр үед 11 онооны зөрүүтэй тэргүүлсэн бол гуравдугаар үеийн төгсгөлд зургаан онооны илүүтэй тэргүүлж бай.. Улмаар Финландууд онооны зөрүүг 84-82 болгон ойртуулснаар тэдэнд боломж гарч ирсэн. Гэвч Испанийн багийн ахлагч Руди Фернандезын хоёр дараалсан гурван онооны шидэлт амжилттай болсоноор шийдвэрлэх үед Испаний шигшээ баг хожих нь тодорхой болсон юм. Тэрээр нийтдээ 15 оноо авсан байна. Мөн ах дүү Эрнангомез нар маш сайн тоглолоо. Хуанчо Эрнангомез 15 оноо авсан бол Вилли Эрнангомез 27 оноогоор багаа тэргүүлжээ. Финландуудаас хоёр хоногийн өмнөх тоглолтонд манлайлсан Лаури Маркканен дахин багаа тэргүүлэн тоглож энэ удаад 35 оноо авсан байна. Дараагийн шатанд Испани, Германы багууд учраа тааран тоглохоор боллоо.
Өнөөдөр шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолт болно. Өнгөрсөн удаагийн Европын аварга Словенийн баг Польштой тоглох бол Олимпийн мөнгөн медальт Францын шигшээ баг Италийн багтай тоглох юм.