Олимпийн дөрвөн удаагийн аварга, Европын таван удаагийн аварга, хөнгөн атлетикийн домог, “Нисдэг гэрийн эзэгтэй” хэмээгддэг тамирчин Фанни Бланкерс-Коэний тухай мэдээллийг хүргэж байна.
Фанни Бланкерс-Коэн гэж хэн бэ?
Фанни Бланкерс-Коэн 1918 оны дөрөвдүгээр сарын 26-нд Голландын Утрехт мужийн Лаге Вюрсе хотод төрсөн. Түүний аав нь төрийн түшээ хүн байсан хэдий ч бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн спортоор хичээллэдэг байжээ. Бланкерс-Коэн таван ахтай байсан бөгөөд өсвөр насандаа теннис, усанд сэлэлт, гимнастик, тэшүүр, туялзуур сэлэм, гүйлт зэрэг олон төрлийн спортод сонирхолтой нэгэн байв.
Тэрээр спортын авьяастай гэдэг нь багаасаа тодорхой байсан ч аль спортоор дагнан хичээллэхээ мэдэхгүй их л эргэлзэж байсан гэдэг. Харин түүнийг хөнгөн атлетикийн их замд оруулахад усанд сэлэлтийн дасгалжуулагч нь нөлөөлжээ. Тухайн үед Голландад хэд хэдэн шилдэг усанд сэлэгч байсан (жишээ нь Ри Мастенбрук ) тул гүйлтийн төрлөөр хичээллэвэл олимпийн эрх авах боломж илүү хэмээн зөвлөсөн байна.

Тэрээр 1940 оны 8-р сарын 29-нд Ян Бланкерс хэмээх өөрөөсөө 15 насаар ах дасгалжуулагчтай гэрлэж, нэрээ Бланкерс-Коэн болгон өөрчилжээ. Түүний нөхөр хөнгөн атлетикийн багийн дасгалжуулагч байсан ч эмэгтэйчүүд спортод оролцох ёсгүй гэж боддог байж. Харин Коэнд дурласны дараа түүний эмэгтэй тамирчдад хандах хандлага өөрчлөгдсөн гэдэг.
Амжилтын эхлэл
Тэрээр 1935 онд 17 настайдаа анхны хөнгөн атлетикийн тэмцээндээ оролцсон бөгөөд хараахан амжилт үзүүлж чадаагүй юм. Харин гурав дахь “том” тэмцээндээ амжилттай оролцож, 800 метрийн зайд улсынхаа дээд амжилтыг тогтоов.
800 метрийн зайд төвөггүйхэн уралдаж буй түүнийг харсан, хожим түүний нөхөр нь болсон хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ян Бланкерс 1936 оны олимпийн наадмын үндэсний тэмцээнд оролцож эрх авахад нь тусалсан байна.
Ингээд тэрээр 18 настайдаа 1936 онд Герман улсын Берлин хотод болсон Зуны олимпийн наадамд анх удаа оролцож, өндрийн харайлтын төрөлд Ү1, 4х100 метрийн буухиа уралдаанд тавдугаар байр эзэлжээ. Тэрээр энэ үеэр Америкийн тамирчин Жесси Оуэнсийн гарын үсгийг авсан бөгөөд энэ нь түүний хамгийн нандин мөчүүдийн нэг болсон гэдэг.
Тэрээр алхам алхмаар амжилтын оргил өөд тэмүүлсээр байв. Мөн 1936 оны олимпоос хойш хоёр жил улсдаа зохиогдсон тэмцээнүүдэд ойрын зайд тэргүүлдэг болжээ.

1938 онд тэрээр анхны дэлхийн дээд амжилтыг (100 ярд 11.0 секунд) тогтоож, олон улсын анхны медалиа хүртжээ. Вена хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 100, 200 метрийн гүйлтийн төрлүүдэд хүрэл медаль хүртсэн байна.
1937-1955 онуудад Голландын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс бөөрөнцөг түлхэлт, гурвын харайлтыг оролцуулаад хөнгөн атлетикийн бүх төрлөөс нийтдээ 58 алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Тэрээр 1940 оны олимпод оролцохоор бэлдэж байсан ч дэлхийн 2-р дайн эхэлснээр албан ёсоор цуцлагджээ. Хүн төрөлхтөн түүхэндээ 1916, 1940, 1944 оны зуны олимпийн наадмыг дайнаас болж үзэж чадаагүй билээ.
“Нисдэг гэрийн эзэгтэй”
Бланкерс-Коэн 1942 онд анхны хүүхэд болох Ян Жуниорыг төрүүлэхэд Голландын хэвлэлүүд түүний карьер дуусах нь энэ хэмээн мэдээлж байв. Тухайн үед гэр бүлтэй болсон шилдэг эмэгтэй тамирчид ховор байсан бөгөөд “тамирчин ээж” гэдгийг төсөөлшгүй байлаа. Гэвч Бланкерс-Коэн хүүгээ төрснөөс хойш хэдхэн долоо хоногийн дараа бэлтгэлээ орсон байна.
Дайны он жилүүд үргэлжилж байсан хэдий ч Бланкерс-Коэн 1942-1944 оны хооронд дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, 1943 оны 9-р сарын 19-нд 6.25 метрийн уртын харайлтын дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоов.
1948 он гэхэд улсынхаа 40 удаагийн аварга болж дөрвөн дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байв. Энэ үед тэрээр хоёр хүүхдийн ээж болсон төдийгүй 30 нас хүрсэн байв. Түүнийг насаар дүү бүсгүйчүүдтэй өрсөлдөх боломжгүй, олимпийн медаль авч чадахгүй гэж спортын мэргэжилтнүүд ярьж, ойшоохгүй байсан юм.
Харин 1948 оны зуны олимпийн наадамд Фанни 100, 200, 80 метрийн сайдгүй гүйлт, 4х100 метрийн буухиа гэсэн дөрвөн төрөлд оролцохоор шийджээ. Тэрээр эхлээд 100 метрийн зайд шувтаргын гараанд өрсөлдөгч нараасаа тасархай түрүүлж олимпийн анхны алтан медалиа авчээ.

Харин 80 метрийн саадтай уралдаан эхлэхэд гараанаас гараад гол өрсөлдөгч болох
Английн тамирчин Морин Гарднерийг тав дахь саад дээр гүйцэж барианы шугам руу унажээ. Хэсэг хугацааны дараа уралдааны дүн гарч Голландын тамирчин Фанни Бланкерс-Коэн 11,2 секундээр олимпийн шинэ дээд амжилт тогтоон түрүүлснийг харуулсан байна. Түүнийг 80 метрт гүйж байхад бороо шивэрч зам
халтиргаатай байсан гэдэг.
Фанни 200 метрийн зайд гүйхдээ урьдчилсан уралдаанд 24.3 секундын үзүүлэлтээр дахин дээд амжилт тогтоож, шигшээ уралдаанд “тасархай” түрүүлжээ.
Олимпийн наадмын гурван алтан медаль хүртсэн Фанни энэ үеэс “Гайхамшигт ээж” нэр авч олны анхаарлын төвд орсон юм. Тэрээр 4х100 метрийн буухиа уралдаанд мөн л олимпийн 4 дэх алтан медалийн болзлыг биелүүлжээ.

Фанни 1949 оны эхээр гурав дахь охиноо төрүүлсэн нь түүнийг олимпийн наадамд жирэмсэн оролцсоных нь нотолгоо гэж үздэг. Хоёр хүүхдийн эх, гурав дахь хүүхдээ тээж байсан 30 настай жирэмсэн эмэгтэй олимпийн наадмаас 4 алтан медаль хүртсэн нь
үнэхээр гайхамшиг билээ. Тийм ч учраас түүнийг “нисдэг гэрийн эзэгтэй” гэж бахархан нэрийдэх болсон юм.

Хөнгөн атлетикийн домог болсон тэрээр олимпийн дөрвөн удаагийн, Европийн таван удаагийн аварга юм. Мөн зуны олимпийн нэг наадмаас дөрвөн алт хүртсэн цор ганц эмэгтэй түүхэн тамирчин билээ. Түүнийг 1999 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Хорьдугаар зууны манлай тамирчин хэмээн өргөмжилсөн юм.