Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Өөрийн сүр хүчээрээ хүнийг бишрүүлж, даллан дууддаг их хайрхан гэж…
Хэн ч бай их хайрхны дүрийг хараад оргил дээр нь гарах хүсэл төрдөг боловч үүний төлөө зориглох нь дэндүү цөөхөн. Гэсэн ч эр зоригтой олон хүмүүс ийм зүрх гаргаж, их хайрхныг мэдэлдээ оруулах гэж дайрч амжилтад хүрдэг бол өөр бас зарим нэг нь буцаж ирдэггүй аймшигт явдал олон болдог билээ.
Дэлхийн том ноён оргилуудыг эзлэх хүсэлтэй эрэлхэг уулчдын хувьд “үхлийн уул” гэж нэрлэгддэг , олон хүний амийг залгиснаараа алдартай хэд хэдэн уулс байдаг бөгөөд энэ удаа тэдгээр “алуурчин уулсын“ тухай сонирхуулъя
Аннапурна
Гималайн их уулсын бас нэг ноён оргил болох Аннапурна 8091 метр өндөр бөгөөд бүх л 8000 давсан оргилуудаас хамгийн түрүүнд хүн гарсан хайрхан юм. 1950 онд Францын уулчид анх энд гарсан бөгөөд бууж явах замдаа багийнхан бүгд осгож, гар хөлөө алдаж энэ их ууланд авирах түүх эхэлсэн гэдэг.
Нэгэн цагт энэ ууланд авирах хүмүүсийн 42% нь бууж ирдэггүй гэсэн аймшигт тоо байсан бөгөөд харьцуулж үзвэл Эверестийн хувьд энэ тоо ердөө л 7,4%. Бас дээр нь заавал нэмж хэлэх ёстой зүйл бол Эверестэд маш олон хүн авирдаг, ихэнх нь мөнгөтэй сонирхогч нар байдаг бол Аннапурнад (мөн дор дурдах бусад хайрхнууд ч гэсэн) зөвхөн мэргэжлийн өндөр туршлагатай уулчид авирдаг явдал юм. Харин сүүлийн үед “Хамгийн аюултай уул” гэсэн нэрийг Ханченжанга авах болж. Аннапурнагийн хувьд 2015 оны байдлаар авирагчдын 32% бууж ирээгүй ба сүүлийн үед байдал өөрчлөгдөж эхэлсэн буюу 1990-2008 оны хувьд энэ тоо 19,7% болжээ.
К2. (Чогори, Допсанг)
8614 метрийн өндөртэй энэ уул авиралтын хэцүүгээр Аннапурнагийн дараа орно. Өндрийн хувьд Эверестийн дараа орох энэ их хайрхныг аль 1856 онд нээж судалсаар 1954 онд л анх оргилд нь гарчээ. 2008 оны мэдээгээр энэ оргилд гарах гэж нийт 284 хүн зүтгээд 66 хүн амь үрэгдсэн нь 25% болж байгаа ба 4 хүн тутмын нэг нь амь насаа алдаж байжээ.
Нангапарбат
8125 метрийн өндөр энэ уулыг “хүн залгигч”, “алуурчин-уул” гэж нэрлэдэг ба Гималайн их нурууны хамгийн баруун талын оргил юм. Энэ хайрханд гарах гэсэн анхны оролдлогыг 1895 онд тухайн үеийн шилдэг уулчин Альберт Маммери хийж амиа алдсан байдаг. Үүнээс хойш 2011 хүртэлх хугацаанд 64 уулчин амиа алдсан ба нийт 263 хүн оргилд нь гарсан буюу үхлийн хувь 23%. Нангапарбатын бас нэг онцлог бол харьцангуй өндрийн хувьд тэргүүн байр эзэлдэг явдал гэдэг.
Ханченжанга
8586 метрийн өндөр, Гималайн нурууны бас нэгэн мундаг энэ оргилыг 1905 онд нээж, тэр даруй оргилд нь гарах гэж оролдож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч 50 жилийн дараа л оргил дээр нь хүн анх хөл тавьсан бөгөөд одоогийн байдлаар 187 хүн оргилд нь гараад байгаагаас ердөө 5 нь эмэгтэй. Олон эмэгтэй уулчин энд амь үрэгдсэнээс болж уг уулыг “эмэгтэй-уул” гэж нэрлэх нь бас бий. Энэ ууланд авирсан хүн болон үхлийн тооны харьцаа 22%. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бол бусад том уултай холбоотой дээрх тоо байнга буурч байгаа бол Ханченжангагийн хувьд эсрэгээр буюу өсч байгаа гэдэг нэг онцлог бий.
Айгер
Альпын нуруунд байх энэ оргилыг дээр дурдсан Гималайн их оргилуудтай харьцуулахад бараг л дов гэмээр санагдана. Өндөр нь ердөө 3970 метр. Гэхдээ энэ хайрхан бол хүний амь насанд хамгийн халтай уулын нэг бөгөөд одоогийн байдлаар энд 64 хүн амиа алдсан байна. Анх энэ уулын оройд 1858 онд хүн гарсан боловч хамгийн хэцүү талаас авирах нь л жинхэнэ уулчин хүний хамаг юмыг шалгадаг маршрут гэдэг. Энэ ууланд болсон нэгэн аймшигтай, эмгэнэлтэй авиралтын тухай урьд нь Альпийн нуруунд болсон аймшигт осол нийтлэлдээ бичиж байсан билээ.