Отгонтэнгэр ууланд уулчид осолдсон явдал монголчуудыг эмгэнэн гашуудахад хүргэсэн юм.
…Галын хаан, голомт сахигч”, “Этүгэн”, “Анхны эх газар”
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний ойр орчны уулсыг оролцуулсан 955 км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа бөгөөд 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгон дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон.
Энэ ууланд Монголын уулчид 1955 оноос авирч эхэлсэн. Харин 2003 оноос хойш оргил хэсгийн мөнх цас, мөсийг хамгаалах шалтгаанаар, мөнхүү төрийн тахилгат хайрхан тул оргилд авирахыг хориглосон билээ.
Отгонтэнгэр уулын ноён оргил Очирваань хайрхан нь далайн түвшнээс дээш 4008 метрийн өндөрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш хэсэг нь мөнх цастай юм. Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймээс ч Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэсэн бизээ. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог домогтой ажээ.
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад Монголын газар нутаг бүхэлдээ усан дор оршин байсан гэдэг. Тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн анхдагч уулсын нэг мөн бөлгөө. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан дороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдсан байдаг.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг хэмээн судлаачид тайлбарласан нь ч дээрхтэй холбогдох мэт.
Тиймээс ч монголчууд энэ хайрхнаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба 6-8-р зуунд Монголын нутагт байсан түргүүд хүртэл тахидаг байсан тухай хожмын сурвалжид бий. Монголчуудын амьдралд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй, байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн тул Очирваань хайрхан бөө мөргөлийн ч онгон шүтээн, бурхан шашны ч шүтээн байх нь аргагүй юм.
Тодруулбал эртний Монголд бөөгийн шүтлэгээр Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байсан бол бурхны шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” хэмээн хүндлэн биширч иржээ.
Эртнээс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй уулаа 1911 онд харийн эрхшээлээс салж, төр улсаа тунхаглахдаа Богд гэгээнтэн жил бүр ламын шашны ёсоор тахилгыг сэргээж байгаад хувьсгал гарснаар мартагдсан. Гэсэн ч Монголыг даасан хайрхан хэмээн сэтгэлдээ тээн зуун гол, зуун уулыг давуулан идээ будаа, цайныхаа дээжийг өргөн амь амьдралаа даатган хишиг буян хүсдэг уламжлал монгол түмний дунд тасраагүй билээ.
Уулчид осолдсон газарт 1963 онд 40 гаруй зорчигчтой онгоц осолдож байжээ
Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд яагаад ч юм 10 жилийн давтамжтай онгоцны осол гарч байсан нь бий.
Түүний нэг нь 1963 онд Улаанбаатраас Завханы Улиастай-Ховдын чиглэлд нисч байсан МИАТ-ийн Ил-14 онгоц битүү манантай таарч Отгонтэнгэрийн уулын оргилын зүүн талыг мөргөн унасан осол юм. Онгоцонд багцаагаар 40 гаран зорчигч байсан ба нэг ч хүн амьд үлдээгүй аж.
1958 оны байдлаар БНМАУ нь 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон байлаа. Аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлж байсан. Долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байв. 1963 оны Отгонтэнгэрийн осол нь тийм л дотоодын нислэгүүдийн нэг байв.
Онгоц Завханд буугаад цаашаа Ховд руу ниссэн боловч аймгийн төвөөс багахан холдоод л үүлэнд орж баримжаа алдан Отгонтэнгэр хайрхныг мөргөж сүйрсэн байна. Осол болсон газар нь одоо уулчид осолдсон газартай тун ойролцоо. Нэг ч хүн амьд гараагүй онгоцны ослын сэг саяхан болтол хэн ч хөндөөгүй хэвээрээ байсныг уулчид 2004 онд цэвэрлэсэн юм. 69 уулчин энэ ажилд оролцож, 2 өдрийн турш цэвэрлэсэн нь төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыхаа цас мөсийг хайлуулахаас хамгаалсан ач холбогдол бүхий ажил болсон гэдэг.
Тэр үед уулчдын яриагаар осолд өртсөн хүмүүсийн эд хогшил ихээр олдож байж. Түүний дотор тэр үеийн мөнгөн дэвсгэрт, халбага сэрээний хэрэгсэл, алдарт эхийн одон зэрэг олдсон байна. Мөнх цасанд олон жил болсон зүйл огт чанараа алддаггүй агаад хамгийн сонирхолтой нь 1963 оны молоког 2004 онд задлаад уухад хөргөгчинд байсан юм шиг шинэхэн байсан тухай уулчны яриа хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэд онгоцны сэгийг тэнд нь жижиглэж хөрөөдөөд буулгаж цэвэрлэсэн байна. Учир нь онгоцыг хийдэг металл төмөр нарны тусгалыг ойлгож Отгонтэнгэр хайрхны мөнх цасыг их бага хэмжээгээр хайлуулж байна гэж үзсэн байна. Онгоцны моторыг осолдсон газрын яг хажууд байх ангал руу унагахад ямар ч чимээ гараагүй гэдэг. Тэр ангал нь ч хэдхэн хоногийн өмнө 19 уулчныг 700 метрийн өндрөөс үүрд авч одсон ёроолгүй хадан хавцал аж.
Сэтгүүлч, уулчин Д.Баярням 2004 онд онгоцны ослын сэг цэвэрлэсэн тэр явдлыг хожим дурсан “Завханд буугаад цаашаа Ховд нисч байсан онгоц юм билээ. Тэндээс олдсон алдарт эхийн одонтой холбоотойгоор бид МИАТ-ийн болон Улсын төв архиваас материал шүүж, нэлээд хөөцөлдсөн. Телевизээр хоёр удаа, радиогоор нэг удаа зарласан боловч тэр одонгийн эзэн олдоогүй. 1963 онд Алдарт эхийн хоёрдугаар одон авсан хүн гэхээр бага хүүхэд нь л гэхэд миний үеийнх байх ёстой. Тэр онгоцонд явсан зорчигчдын нэр ус ч үлдээгүй, ерөнхийдөө дөчин хэдэн хүн сууж явсан гэдэг. Нэг ч хүн амьд гараагүй юм билээ. 1963 онд Отгонтэнгэрт осолдсон онгоцноос олдсон алдарт эхийн одон хэнийх байв гээд дахиад хайвал сураг чимээ гарах болов уу гэж заримдаа боддог л юм” хэмээсэн байдаг.