МЭРГЭН ДАЛНЫ ДОМОГ
Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авна вэ? гэж боджээ. Ингээд авах арга юү билээ гэхлээр Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг үүгээр авуулъя гэж шийдээд: «Чи надад эзэн хааны алтан гүнжийг авч өгч чадна уу?» гэсэнд «Чадна» гэжээ. Эзэн хааны Алтан гүнжийг авахаар ойт мэргэн Тэвнэ одов оо.
Эзэн хааны гүнжийг энд тэндхийн эрчүүл авах гэдэг боловч ив ижилхэн ногоон торгон дээлтэй наян бүсгүйчүүл байдаг үүн дундаас ялгаж таньж чаддаггүй байжээ.
Мэргэн Тэвнэ арга учрыг нь хайж эзний Алтан гүнжийг асарч өсгөсөн самган эхийг нь олж учраад «Алтан гүнжийг таних тэмдгийг хэлж өгөөч» гэсэнд тэр самган хэлэв ээ: «Эзний Алтан гүнжийг хэлж болохгүй. Үүнийг хэлсэн хүмүүн тэр дороо баригдана. Эзний шар бичиг татахад хэн хэлснийг хэлээд өгдөг чадалтай. Би хэлшгүй ээ» гэв. Ингэхлээр мэргэн Тэвнэ хэлжээ «Энэний арга учрыг би ольё оо. Эзний шар бичигт хэн хэлсэн гэх тэмдэггүй төлөг буулгаж болно оо» гээд газар нүх малтаж, самганыг оруулаад дээр нь гал түлж тогоо тавиад ус хийж дотуур нь төмөр гуурс шургуулж, гуурсныхаа амыг хөвөнгөөр ороогоод түүгээрээ самганыг «эзний алтан гүнж ямар тэмдэгтэй юм? хэл» гэжээ. Самган «Эзний Алтан гүнжийг инээлгэж чадаж гэмээ нь шүднээс нь алтан туяа гэрэлтдэг юм билээ» гэж хэлжээ. Үүнийг хэлүүлж аваад эзний ордонд хүрч аргалж чаргалж байгаад бүсгүй нарын байранд орж алиалж наргиулж байгаад инээлгэсэнд нэг бүсгүйнх нь шүднээс үнэхээр алтан туяа сацарсанд түүнд сэмээр тэмдэг хийгээд явж одов.
Маргааш нь «Эзний Алтан гүнжийг авна» гэж хаанд бараалхсанд тун ижилхэн хувцас, зүс царайтай наян хүүхэн өмнүүр чинь алхуулна. «Үүнээс таниад авч чадвал ав» гэжээ.
Мэргэн Тэвнэ тэмдэг тавьсан хүүхнээ гараас нь хөтөлж «энэ эзний Алтан гүнж мөн» гэв. Эзэн хааныхан ихэд гайхацгааж «Энэ яагаад ийм амархан олов? Хүн хэлж өгөв үү?» гэлцээд эзний шар бичиг татуулсанд: «Шороо бөгстэй, гал махбодтой, усны цээжтэй, төмөр голтой, хөвөн толгойтой хүн хэлсэн байна» гэж буужээ. Хаан мэргэд, сайчуулаа цуглааж, «Энэ юу гэсэн үг вэ?» гэсэнд «Ийм хүн хаанаас байх вэ!» гэлцэн, хаан ч хилэгнэж «Энэ муу чинь юу ч мэдэхээ больж» гээд галд хийгээд шатаачихжээ.
Шар бичгийн шатсан үнсийг нь хонь долоож, ингэснээрээ хонины дал их мэргэн болсон юм гэнэ билээ.
МААЗДБ., 1978, 215—216 дахь тал
ГЭРИЙН ЭЗЭНД АРХИ ЭРГҮҮЛЭН БАРИХ БОЛСНЫ УЧИР
Дээр үед нэг хаан, мэргэч төлөгч хүнээр өөрийнхөө хувь тавиланг үзүүлж гэнэ. Мэргэд мэргэлээд хэлж: «Та зүгээр сайн сайхан явна. Харин 45 насандаа л нэг их цөвтэй байна» гэжээ. Хаан түүнээс хойш олон жил өнгөрсний дараа 45 нас хүрч нөгөө мэргэчдээ хүрч очиж «Над ямар цөв барцад байна? Түүнийг зайлуулах арга байна уу?» гэдэг байна. «Та үхнэ дээ» гэж.
Хаан улам сандарч «Үхэхгүй байх арга байна уу?» гэж. «Үхэхгүй байя гэвэл хулгай хийвэл л амьд гарч магадгүй дээ» гэж гэнэ.
Хаан тэр оройноо хулгай хийхээр шийдэж хувцсаа сольж өмсөөд хаан эзний мөнгөн сангаас хулгайлахаар мөлхөж явжээ. Тэгтэл бас нэг мөлхөж яваа хүн таарч «Чи хаачиж явна?» гэсэнд «Би хулгай хийхээр явж байна» гэжээ. Ингээд хоёул нийлж хулгай хийхээр хэлэлцжээ. «За маргааш ч хаан санд хулгай орж гэж үймэлдэх байх. Тэгэхэд хаан лав бүх албат иргэдээ дуудаж цуглуулна. Хоёул тэнд уулзаж бие биеэ танья» гээд харанхуйд малгайгаа сольж өмсөөд салжээ. Маргааш нь хаан «бүх албатыг цуглуул» гэж зарлиг бууж, хаан цугларсан бүх албатыг нэг нэгээр оруулж харж гаргаж байтал урьд шөнийн малгай сольж өмссөн хүн нь орж иржээ. Хаан «Энэ өдрийн хэргийг зогсоолоо. Албат нарыг тараа» гэж хэлээд нөгөө хүнтэйгээ битүүхэн уулзжээ.
Бие биеэ «За чи юу гэж хулгай хийгээ вэ?» гэж хулгайч хэлж. «Би ч яах вэ, амь зуухын эрхэнд хулгай хийлээ. Та харин яах гэж хулгай хийв дээ? гэж. «Би ч бас амьд явахын тулд хулгай хийсэн» гэж урьдын явдлыг ярьж: «Тэр төлөгч үнэн хэлсэн үгүйг бүү мэд. Би 45 хүрсэн боловч үхээгүй л байна даа» гэж. Хулгайч хэлжээ: «Үнээн, таны хамгийн шадар түшмэд чинь энэ орой хорлож алах гэж бэлдэж байна. Танд зоог барихаар архийг нэрж арз болгоод, арзыг нэрж хорз болгоод хорзыг нэрж хор болгоод байгаа. Та тэр барьсан архийг нь хараач тулга хоёр луу нь өргөөд гурав дахь хундагыг нь өөрт нь бариарай» гэж хэлжээ.
Хулгайчийн хэлсэн ёсоор орой нь их түшмэлийнх «цай зоогло» гэж урьжээ. Хаантанд дарс барьж гэнэ. Хаан хулгайчийн захисан ёсоор хараач өөд нь цацсан, зандан хараач нь зад үсэрч байж, тулга өөд нь цацсан, ган тулга нь цагаригаараа тас үсэрч гэнэ. Гурав дахь хундагыг «За идээ эзнээ таньдаггүй юм. Энэ гэрийн эзэн та тул танд барья» гээд өгсөнд их түшмэл эрхгүй эзэн хүний үг зарлиг тул барьсан архийг тогтоож тэр дороо үхжээ. Үүнээс хойш баядын нутагт архийг гэрийн эзэнд эргүүлж барих ёс гарсан гэдэг юм.
Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бас дээрх домогтой холбогдоно. Ядам хурууны тухай ийм нэгэн домог буй. Монголын нөлөө бүхий том ноёдыг Манжийн хаан найранд урьж, Чингис хааны угсааны том ноёдыг устгая гэсэн далд санаа агуулжээ. Найранд ирэгсдэд хаш эрдэнийн хундаганд хийсэн хортой архи барьжээ. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй найруулсан байсныг Ядам түшмэл мэдсэн байв. Тэрбээр “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэх хурууг “ядам хуруу” гэж нэрлэсэн гэх бас нэгэн домог байх ажээ.
МАНЛАЙ ВАНГИЙН ТУХАЙ
«Сүрэн жанжин» хэмээн алдаршсан Манлай баатар ван Дамдинсүрэн нутаг усныхандаа хүндтэй, өөрийн хошууны хамжлагадаа ачтай хүн байсан учир тэр тухай олон дуртгал ард олны дунд үлдсэн байна.
… 1910˗аад онд хошуу нутагт ирэхэд нь, өдөр болгон нэг хонийг хамжлага нараасаа гаргуулж ноёны шүүсэнд (хоол˗зоог) хэрэглэдэг заншил байжээ. Манлай ван Дамдинсүрэн тэр заншлыг албат, хамжлага нарт дарамт гэж үзээд үүнээс хойш ингэж өрх бүрээс өдөрт нэг хонь татаж Тамгын газарт миний нэрээр хэрэглэдэг ёсыг болиул! гэж зарлиг буулгаж хамжлага албатынхаа өрх бүрд өөрийн гарын үсэгтэй нэг нэг бичиг хийлгэж өгсөн тэр цагаас хойш шүүс нийлүүлэх ёс халагдсан гэнэ.
… Албан ажлаар говийн сумдад уургын улаатай довтолгож ирсэн манлай ван Дамдинсүрэн, нэг ядуувтар айлд буужээ. Тэр айлынхан, тавгүй сандруу байгаа нь мэдэгджээ. «Манайхыг хошуу тамгын түшмэл нэгжихээр ирэх нь гэнэ» гэжээ. Лавлавал «Айлын нэг хонийг өлсөхийн эрхээр идчи.хсэн юм» гэж өчжээ. «Түүнээс чинь юу нь байна» гэхэд «Өвчүү нь бий. Арьс нь үлджээ» гэж хэлэхэд арьсыг нь сууж байгаа олбог дороо дэвсүүлж дээр нь өөрөө суужээ. Хонины өвчүүг бурхны нь гүнгэрваа дотор хийлгэж.
Тамгын түшмэл ирээд амар мэндээ мэдэлцэн Манлай ванд энэ айл хулгай хийсэн учир нэгжих гэж яваа гэж айлтгажээ. Манлай ван: «Хэрэв тийм л бол нэгжих нь зүй. Үүнд, тахиж байгаа бурхныг нь нэгждэггүй. Хаанаас зарагдсан элчийг нэгждэггүй ёсыг та нар мэднэ биз дээ» гэв. Тэд түшмэл «Манлай ванг босгож олбогийг нь үзсэнгүй, бурхны нь гүнгэрвааг харсангүй, бусдыг нь нэгжээд эд мөрийн баримт олоогүй учир тэр айл хэрэгт холбогдсонгүй гэнэ.
Манлай ван мордож явахдаа гэрийн эзнээр улаа нэхүүлж хүрэх газраа очоод, мориноос нь буулгаж, хоёр гурав ташуурдаж шийтгээд давхиж одсон гэлцдэг.
Ёлын ам, Охин хөтлийн домог
Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нурууг Говь гурван сайхан уул хэмээнэ. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын ам, Охин хөтөл бий. Байгалийн энэ үзэсгэлэнт тогтоц бүхий газартай холбоотой нутгийн ардын дунд яригдаж үлдсэн нэгэн гунигт домог байдгийг та бүхэндээ сонирхуулья.
Олон жилийн өмнө юм гэнэ. Оргүй худал цуурхлаас үүдэн орь залуу нэгэн сайхан эр орчлонгоос хальсан тухай энэ домогт гардаг. Ямар хүний хэн ч байсан юм бэ дээ, лав говь нутгийн үзэсгэлэн сайхан бүрдсэн Янгирцагийн хөтлөөр нутагладаг ядуу айлын нэгэн залуу янаг хайрын сэтгэлээ нутгийнхаа нэгэн сайхан бүсгүйд өгч хамтран амьдрах ирээдүйнхээ хүслийг илчлэн ханилан суухаар болзоо тохирсон юм байжээ. Янгирцагийн хөтлөөр нутагтай хөөрхөн бүсгүйн нас бие гүйцэхэд хөлчүү архичин хүүдээ гэргий болгож авахаар хэзээнээс нууцхан санаархсан хэрцгий нэгэн баян харц хоёр залуугийн ханилан суух гэж байгааг сонсоод хос залуусын амьдралыг бүрэлгэх хорон муу санаа сэдэж эхэлжээ. Эрт урьд цагаас уугуул нутгийнхны дунд Ёл хэмээх уулын махчин шувуу өвлийн тэсхийм хүйтэнд хүн хүрэхийн аргагүй эгц цавчим хаданд үүрээ засаж гурван ширхэг өндөг гаргадаг гэж бас нэг домог яриа байдаг байжээ. Тэр гурван өндөгний нэг нь анч хурдан тайга нохой, нөгөө нь алмасан хурц сүх, гурав дахь арван алд аргамж болдог. Ёроол нь харагдахгүй өндөр хадан дээр гарч ёлын өндөгнөөс гарсан тэр гурван зүйлийг авч чадсан хүний санасан бүхэн бүтэж хүссэн бүхэн биеллээ олдог гэдэг байжээ. Тэрхүү домог яриаг нутгийн өнөөх баян овжноор ашиглаж арга заль хэрэглэн нэг өдөр хүүд ингэж хэлжээ.

Ах нь залуу насыг үзээгүй биш дээ. Айл гэр болох гэж байгаа улсад чинь аяга шанаганаас эхлээд авдар сав, гэр орон, ам тослох арав таван мал хүртэл алийг тэр гэх вэ. Амьжиргааны юм бүхэн хэрэгтэй шүү дээ дүү минь. Дүү хүүгийнхээ амьдрал үйлсийг дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай болоосой гэхдээ чамд би сайхан арга зааж өгье. Өндөр уулын орой ажиглаад байхад өнөө маргаашгүй ёл шувуу өндөглөх болсон шиг байна. Өвлийн ид хүйтэнд өндөглөдөг амьтан гэнэ билээ. Харин тэр шувууны үүрнээс өндгийг авч чадсан хүн хагартлаа баяжиж, нэг насаараа жаргадаг юм гэдэг шүү гэжээ.
Ядуу хүү баяны ятгасан цаад учрыг ойлгоогүй ч гэсэн баян хүний бааш их, бартаг дархны хог их гэдгийг бага балчраасаа сайн мэдэх болохоор баяны үгэнд орсонгүй гэнээ. Баян аргаа өөрчлөхөөс өөр замгүй болж хангай дэлхийн хишиг хүртэх заяагүй хар гуйлгачин чамаар ёлын өндгийг авчруулж байгаад ёстой баяжих гэдгийг үзүүлээд өгье, гайгүй. Харин чамайг өндөг авчрахгүй юм бол хайран амины чинь хохь болно шүү хө гэж харгис муухайгаар авирлаж гэнэ. Хүүг хар гэрт хорьж, хэд хонуулаад нэгэн өдөр ханын модонд барьж хүлээд хадны уруу урт аргамжаар буулгаж явуулсаар яг үүрэнд хүрмэгц яргачин баяны тушаалаар бараа болоочид нь барьсан уяагаа алдсан хүн болж сул хаячихаад яваад өгчээ. Өвлийн тэсхийм жаварт өмгөөлж аврах хүнгүй өнчин хүү халил хадны ирмэг дээр ханын модонд хүлээтэй хаашаа ч хөдөлж чадахгүй осгож орчлонгоос хальсан юм гэнэлээ. Үнэнч хонгор хар хүүгээ үл бүтэх хүмүүсийн гарт хөөрхийлөлтэй амь үрэгдсэнийг хөтлийн хөөрхөн бүсгүй сонсож уй гашуу, уйтгар гунигт автаж хөхөө өвлийн хүйтэнд хорвоогоос хальсан юм гэнэлээ гэж домогт төгсдөг. Түүнээс хойш Ёл хад, Охин хөтөл гэдэг нэр бий болжээ.
Олон сая жил уулын үер, байнгын урсгалт горхийн усанд идэгдэж үүссэн давчуу нарийн хавцал Зүүн сайхан ууланд байдгийг хүмүүс Ёлын хөндий гэцгээдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэхүү хөндийн эхэндэх Бүст улаан гэдэг эгц өндөр хаданд ёл шувуу үүрлэн өндөглөдөг ажгуу.