Хорвоо дэлхийд хамгийн ихээр нөлөөлсөн түүхийн үйл явцын эхлэл нь нэг жижигхээн тохиолдол төдий зүйл байсан явдал олон бий. Ер нь тохиолдол гэдэг бол “бурхны хамгийн нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө хэрэгжиж байгаа хэрэг” гэсэн үг байдаг бөгөөд тэрхүү түүхийг эргүүлсэн тохиолдлууд болоогүй байсан ч түүнийг орлох өөр ямарваа нэг явдал болсон байх байсан биз ээ.
Ингээд түүх эргүүлсэн эхний үйл явдал нь:
Сараевод болсон явдал

Дэлхийн 1-р дайн хэмээх олон сая хүний цус асгаруулсан явдал нь Сараево хотод болсон аллагаас үүдэлтэй юм. 1914 оны 6-р сарын 28-ны өдөр Австрийн эрцегрцог (гер. Erzherzog-хааны дараа орох том цол хэргэм) Франц Фердинанд гудамжаар задгай машинаар явж байх үед нь “Млада Босна” хэмээх Сербийн террорист бүлгийнхэн гар бөмбөг шидэж дэлбэлжээ. Сонирхолтой нь эрцгерцог гэмтэж бэртээгүй бол хамгаалагч болон дагалдан яваа ойрын хүмүүс нь бараг бүгд үхсэн байна. Өөрөөр хэлбэл террористуудын төлөвлөгөө балран уналаа гэсэн үг. Зоригт эрцгерцог тэр даруй хамгаалалт бүхий газар руу зайлах ёстой ч цөстэй аавын хүү гэдгээ харуулах гэж аяллаа үргэлжлүүллээ.
Эрцгерцог руу гар бөмбөг шидсэн нөхдүүд тэндээсээ шууд зугтан зайлж олны дунд ууссаны дотор залуухан оюутан Гаврило Принцип хэмээх нэртэй нөхөр байжээ. Мань эр бөмбөг тэсэрсний дараа зугтан хэдэн гудамжны цаана байх цайны газар орж нуугдах төлөвлөгөөний дагуу цай цүү болон хэсэг сууж байгаад гарахад яг өмнө нь эрцгерцог задгай машинтайгаа зогсож байв. Эрцгерцогийн жолооч буруу замаар орсноо мэдэн хүнээс зам асууж байх яг тэр үед Принцип ч гарч ирж таарсан ба дайсан болсон нөхдүүд өмнөө байгааг харсан эр шууд л гар буугаа гарган ноёнтонг, ноёгтойтой нь цуг буудан хөнөөсөн билээ. Энд чухам хичнээн олон тохиолдол ар араасаа дараалсныг тоолоод ч яахав.
Сайхан сэтгэлийн үнэ буюу 60 сая хүний амь
1918 оны 9-р сарын 28-нд Их Британийн цэрэг Хенри Тэнди саяхан эзэлж авсан хот дахь нуувчинд хэвтэж байх үед нэгэн ядарч сульдсан герман цэрэг гэнэт өмнө нь гарч иржээ. Олон жил дайтсан эр ийм үед ямар ч эргэлзээгүй дайснаа бууддаг байсан боловч энэ удаа яагаад ч юм буудсангүй. Магадгүй шархдаж муудсан тэр герман цэргийн ингээд бүх юм өнгөрлөө гэсэн харцыг хараад өрөвдсөн ч байж болох юм. Ямар ч байсан Тэнди буудахаа больж герман цэргийг хурдан зайлахыг дохиход нөгөөх нь баярласнаа илэрхийлэн толгой дохиод чадлаараа зайлан одсон юм гэдэг. Тэр Герман цэргийн нэр нь Адольф Гитлер.
Энэ түүхийг Гитлер өөрөө ярьж олон түмэнд тараасан бол харин нөгөө баатар болох Тэнди аль болох чимээгүй байхыг хичээсээр 1977 онд нас баржээ.
Орчуулга гэдэг учиртай эд!

1945 онд Японы эрх баригчид ямар нэг болзолгүйгээр дайнд бууж өгөхийг шаардсан бичиг хүлээн авчээ. Японы Ерөнхий сайд Кантаро Сузуки нь энэ тулган шаардах бичгийн хариуг өгсөн бөгөөд үүндээ “mokusatsu” буюу “бодож болох юм”, “тайлбарлах шаардлагагүй” гэсэн утгатай үг хэрэглэсэн байна. Харин Америкийн орчуулагч нар үүнийг “Эсэргүүцэж байна” гэсэн утгатайгаар орчуулсны дараа АНУ нь Японы Хиросима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан ба япончууд уг нь “бодож үзэх шаардлагатай, хугацаа хэрэгтэй” гэсэн утгаар хариу өгсөн гэдэг.
Берлиний хана нурсан түүх

1989 онд Зүүн Германд эдийн засгийн хямрал даамжирч төр засгийн удирдлагууд нь баруун талтай эдийн засгийн болон улс төрийн харилцаагаа сайжруулах талаар зарим арга хэмжээ авахаар болжээ. Эдгээр арга хэмжээний нэг нь баруун болон зүүн Германы иргэд хоорондоо харилцан зорчих явцыг илүү амар хялбар болгох шийдвэр байв. Гэхдээ яг ингэнэ тэгнэ гэсэн юм нь тодорхойгүй ойлгомжгүй байсан бөгөөд энэ тухай танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Италийн сэтгүүлчийн “Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ” гэсэн асуултад нэгэн түшмэл сандарч тэвдэхдээ цаасан дээр байсан “нэн даруй” гэсэн үгийг хараад тэр чигээр нь туучихаж. Уг нь энэ шинэ журмыг “холбогдох албууд нэн даруй судалж, зохих өөрчлөлт хийх саналаа өгөх хэрэгтэй” буюу ердөө л төсөл ярьж байсан юм байх. Хэдхэн цагийн дараа ард түмэн “нэн даруй” хоорондоо зорчихоор дайрцгааж, удалгүй Берлиний хана нуран унасан түүхтэй.