Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
“Архин далай байдаг болоосой, ангир болоод шумбах юмсан” гэсэн нэгэн тааруухан яриа хэллэг бий. Гэхдээ энэ “зүйр цэцэн мөрөөдөл нь” ажил хэрэг болж хэрэгжиж байсан тохиолдол бий бөгөөд үүнийг бүтээсэн хүн нь агуу эрдэмтэн, сайн хөлбөмбөгч, туршлагатай дмпломатч нэгэн билээ. Ингээд архиа түр зууртаа орхиод агуу эрдэмтний тухай сонирхуулъя.
Нэн шинэ түүхэн дэх хамгийн ухаантай, суут эрдэмтэн бол Эйнштейн. Харин түүний дараах хүн бол яах аргагүй Нильс Бор байх биз ээ хэмээн урьд өмнөх нийтлэлдээ бичиж байсан бөгөөд энэхүү их эрдэмтэн зөвхөн бодож сэтгэх төдийгүй, гүйж харайхдаа сүрхий эр байсан гэдэг.
Сайн тамирчин

Нильс Бор нь залуу зандан цагтаа эрдэмтэн гэхээсээ илүү сайн тамирчин гэдгээрээ алдартай байсан гэдэг. Цанаар гулгаж, дарвуулт завиар дажгүй уралдах боловч хамгийн өндөр амжилт гаргасан спорт нь хөл бөмбөг. Тэрээр Академик хэмээх клубын хаалгач байсан юм. Ах нь болох Харольд (дараа нь мөн л алдартай математикч болсон) мөн энэ багт хагас хамгаалагчийн байрлалд тоглох ба нэгэн цагт ах дүү хоёр хоёулаа шигшээ багтаа орж байсан үе ч бий. 1908 онд болсон Олимпод ах дүү хоёр улсаа төлөөлөн орж бүр мөнгөн медаль хүртсэн ба харамсалтай нь Нильс талбай дээр гаралгүй сэлгээнд суусаар таарсан юм гэсэн. Мань эр олимпийн өмнөх нэгэн тоглолтод төвөөс цохьсон бөмбөгийг анзааралгүй, хоцорч гаран гоол алдсанаас болж ийнхүү шийтгүүлсэн юм гэнэ лээ. Дараа нь мань хүний ярьснаар бол нар гаран манан будан арилж эхлэхэд талбай дээр тогтсон чийг хэрхэн ууршин алга болж байгааг сонирхож байгаад ийнхүү хариуцлага алдсан байна. Хааяа өөр юм бодчихдог болохоос шигшээ багт дуудагдах хэмжээний хүн байсан гэхээр сайн тамирчин гэхээс өөр юу гэх билээ.
Эелдэг боловч хэцүү ааштай эрдэмтэн

1911 онд Бор Кембрижд сурахаар ирэхэд Жон Томсон гээч эрдэмтэн багш нь болсон байна. Энэ хүн Нобелийн шагналтай том эрдэмтэн байсан боловч авьяаслаг шавь багш нар хоорондоо таарч тохирсонгүй. Томсон янз бүрийн юм ярьж байхад Бор дундуур нь орж яриаг нь таслах ба хачин юм асуудаг, алдаатай юм хэлсэн болгоныг засаж залруулдагт багш мэдээж дургүйцэж байсан ба ядаж байхад Борын англи хэл нэлээд тааруухан байсан үе байв. Ингээд Бор нутагтаа ирж Эрнест Резерфордын шавь болсон ба энэ тухай хөгжилтэй явдлыг “Эрдэмтэн багшаараа тохуу хийсэн оюутан” нийтлэлд өгүүлсэн билээ.
Бүр дараа нь Бор топ эрдэмтэн болсныхоо дараа тун ч эелдэг хүн болж, эрдэмтэд болон шавь нар нь өөрсдийн гайхалтай гэж үзсэн шинэ санаа оноогоо хэлэхэд нь ихэнхдээ “их сонирхолтой юм” гэхээс өөр юм хэлэхгүй даруухан инээнэ. Тэр үгийг нь орчуулбал “ямар тэнэг нь ийм балай юм бодож ярьж явдаг байна аа” гэсэн үг юм гэнэ лээ.
Дипломатч

Зөвлөлтийн агуу эрдэмтэн Ландау хилс хэргээр шоронд тарчилж үхэхэд ойрхон болсныг мэдсэн Бор Сталинд өөрийн гараа захиа бичиж, (үүнд нь Зөвлөлтийн өөр бас нэг агуу эрдэмтэн болох Капица бас оролцсон гэнэ) нэрт эрдэмтнийг аврах талаар, хүн төрөлхтний сайн сайхны төлөө их юм хийж чадах хүнийг аврахыг гуйсан захиа бичсэн билээ. Үүний ачаар Ландау суллагдаж Зөвлөлтийн төдийгүй дэлхийн физикийн олон мундаг нээлтийг хийсэн юм. Тухайн үед Сталинд ингэж нөлөөлж чадах ганц ч дипломатч байгаагүй гэхээр…
Архин далай буюу үнэндээ шар айргийн хоолой
Нильс Борыг дэлхийн шинжлэх ухаанд ихээхэн юм хийж чадах нөхөр гэж үзсэн Карлсберг компани залуухан оюутныг энд тэнд сурах, эрдэмтдийн хурал зөвлөгөөнд орох зэрэг бүх л зардлыг нь даадаг спонсор нь болсон байна. Яваандаа оюутан залуу маань том эрдэмтэн болж 1922 онд Нобелийн шагнал авахад нутаг орон даяараа хөөрч, өч төчнөөн бэлэг дурсгал өгч байсан боловч ерөнхий ивээн тэтгэгч нь хамгийн сайхан бэлэг өгсөн гэдэг. Тэр нь шар айрагт дуртай Нильс Борын орон сууцанд шинэ хоолой татаж, өдөр шөнийн 24 цагийн турш крант нээхэд л шар айраг гоожиж байхаар хийж өгсөн бөгөөд мэдээж ямар ч үнэгүй, хэмжээ хязгаарлалт гэж үгүй.
Чухам яагаад эрдэмтэд мань Борын гэрт цуглаж, шинжлэх ухааны аливаа тулгамдсан асуудлын тухай ярилцаж маргалдах дуртай байсны учир нь ердөө л энэ.
1961 онд Бор ЗХУ-д айлчлахад нутгийн эрдэмтэд түүнийг Зөвлөлтийн хамгийн сайн гэсэн “Жигулевское” пивоор дайлжээ. Нөхөр айхтар их уухгүй байгааг анзаарсан “Оросууд” санаа нь зовж, “яасан онцгүй байна уу?” гэхэд Бор муухан инээд алдан ”сайн муу нь хамаагүй, гол нь энэ шар айрагт Туборг компани хамаагүй байвал л болоо” гэж хэлсэн байна. Тухайн үед Туборг нь хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэдийг ивээн тэтгэдэг бол Карлсберг нь физикчдийг ивээн тэтгэдэг байжээ.
Оросууд өөрийн шар айргийг Туборгтой ямар ч хамаагүй гэхэд мань эр баярлан яаж уудгийг үзүүлж эхэлжээ. “Энэ нэг муухай амттай шар айраг нь Туборгтой холбоотой байгаад, намайг тэрийг нь уусан гэдгийг Карлсбергийнхэн мэдчихвэл миний гэр лүү пиво дамжуулдаг хоолойг хаачих байх даа” гэж их эрдэмтэн маань санаа зовоод байсан бололтой. Ээ дээ энэ эрдэмтэд үү ер нь л янзын нөхдүүд шүү