Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
1988 он, Сеулийн Олимп.
Спортын хатан хаан болсон хөнгөн атлетикийн хамгийн сонирхолтой, хамгийн өрсөлдөөнтэй төрөл болох 100 метрийн гүйлтийн финалд оролцохоор бэлдэж байгаа хоёр хүнийг бараг дэлхий даяараа харцгааж байлаа. Арга ч үгүй биз. Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн агуу өрсөлдөөн эхлэх гэж байгаа хойно.
Хөнгөн атлетикийн хаан хэмээн нэрлэгдэж байсан АНУ-ын Карл Льюис, шинэхэн мандан гарч байгаа од болох Канадын Бен Жонсон нар бие халаасаар.
Бен Жонсон жилийн өмнө дэлхийн аварга болж, 100 метрийн рекорд амжилтыг тогтоосон ч энэ удаа Карл Льюис чухам юу чаддагаа, яагаад хөнгөн атлетикийн хаан гэдэг цол эзэмшдэг байснаа батална гэж олон хүн үзэж байсан юм. Льюис зөвхөн 100 метр төдийгүй уртын харайлтаар олимп, дэлхийн аваргаар олон удаа шалгарч байсан хүн.
Дээр нь хувь хүмүүсийн онцлогоос шалтгаалж энэ өрсөлдөөн олны анхаарлыг татаж байсан бөгөөд Карл Льюис нь сэтгүүлч болон бусад хүмүүстэй харьцахдаа нэлээд ихэрхүү зан ааш гаргадаг, бас ижил хүйстэн байж болох талаар ойрын хүмүүс нь ярьдаг байсан гэдэг. Ийм нөхөрт тэр болгон хүн дуртай байхгүй нь (тухайн цаг үеийг ярьж байгаа юм шүү. Одоо бол харин ч эсрэгээр хүлээж авах биз) тодорхой. Гэхдээ энэ будлиантай нөхрийг бүгд л нэг бол үзэн ядаж, эсвэл бишрэн шүтэх болохоос огт тоохгүй өнгөрөх хүн спорт сонирхогч нарын дунд байсангүй.
Бен Жонсоны хувьд Ямайк гаралтай болоод ч тэр үү шинэхэн эх орон болох Канадад нэг их нэр хүндтэй хүн биш байлаа. Өмнөх олимпод энэ зайд хүрэл медаль хүртэхэд канадчууд бараг анзаараа ч үгүй өнгөрч. Гэсэн ч харсаар байтал амжилт нь улам бүр өсөж байгаа энэ нөхрийг том том компаниуд “өөд нь татсаар” (янз бүрийн реклам болон PR), Карлтай өрсөлдөх хэмжээний од болгосон юм.
Өрсөлдөөн нэмэгдэх тусам хоёр топ тамирчны харьцаа мууддаг ёсоор Карл дэлхийн аваргад ялагдсаны дараа (0,1 сек) дараа шуугиан тарьсан ярилцлага өгч байжээ.
“Хөнгөн атлетикт хэн ч мэдэхгүй гэмээр залуус гэнэт цоорон гарч ирж байна. Тэд үнэхээр сайн гүйж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэд нар допинг хэрэглэж ийм амжилтад хүрч байгаа болов уу гэж надад санагддаг. Хэрвээ би бас тэдэн шиг элдэв юм ашиглах юм бол 9,8 сек гүйж чадна гэж боддог шүү”
Карл Льюис чухам хэнийг хэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Иймэрхүү байдлаар явсаар хоёр тамирчин Сеулийн олимпийн 100 метрийн финалд шалгаран үлдлээ. Хөнгөн атлетикийн хаан байсан Карл эргүүлж титмээ авах уу, эсвэл шинэ од Бен хаан болох болов уу гэсэн асуултад хариулт авах цаг.
Гарааг Карл арай дээр эхлүүлж үл ялиг урд нь гарч чадсан ба түүний гол хөзөр нь 40-50 метрээс л тодорч эхлэх ёстой байлаа. Гэсэн ч Карл биш, Бен урагшаа ямх ямхаар урагшилсаар барианы шугамыг түрүүлж давах үед (9,79 буюу рекорд. Хэн ч эвдэмгүй амжилт гэж тухайн үед ярьж бичиж байв) Сеулийн цэнгэлдэх хүрээлэнд ёстой юу ч дуулдахгүй гэмээр шуугиж байжээ.
2-р байрт Карл, 3-р байрт Линфорд Кристи, 4-р байрт Кэлфин Смит…
Гэтэл 72 цагийн дараа Бен Жонсоны өгсөн допингийн шинжилгээнээс станозолол хэмээх бодис илэрч дахиад л шуугиан. Бен хөөгдөж, олимпийн аваргаар Карл Льюисыг тодруулж…
Бений сүүлд ярьснаар бол тэрээр энэ явдлаас өмнөх хэдэн жилийн турш стероидын төрлийн допинг хэрэглэж байснаар илүү их бэлтгэл хийх боломжтой болж байсан ба том тэмцээний өмнө допингоо биеэс зайлуулах элдэв арга чарга хэрэглэж байсан учир илэрдэггүй байжээ. Харин Олимпоор бүтэлгүйтэн, допинг илэрсэн нь Бений үзэж байгаагаар хэн нэг өрсөлдөгч, тэдний ивээн тэтгэгч нь мань хүний хоол хүнсэнд бодис хольсонтой холбоотой юм байх.
“Би тэнэг хүн биш. Би Олимпоос зургаан долоо хоногийн өмнөөс стероид хэрэглэхээ больсон юм… Олимпийн үеэр надаас илэрсэн тэр бодис нь эрүүл хүнийг бараг алчихмаар их хэмжээний стероид байсан юм шүү. Уралдааны үеэр надад өгсөн усанд л байсан болов уу” гэж тэрээр ярьж байжээ.
Бен Жонсон тэмцээнд оролцох эрхээ хасуулж хэдэн жил болсны дараа их спортдоо эргэн ирж уралдаж эхэлсэн ч амжилт гэхээр юм гаргаж чадалгүй байсаар 1993 онд дахин допинг илэрч, энэ хүний түүх дууссан гэхэд болох биз.
Ингээд Бен хасагдаж Карл аварга болсноос хойш олон жилийн дараа дахиад л шуугиан. Харин энэ удаа Карл Льюис допинг хэрэглэдэг байсан нь ил боллоо. Тэрээр Сеулын олимпод орох эрхийн төлөөх тэмцээний дараа улсдаа өгсөн шинжилгээнд нь эфедрин, фенилпропаноламин зэрэг бодис илэрч байсан боловч АНУ-ын хөнгөн атлетикийн холбоо таг дараад, тамирчнаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл Карл Льюис ч гэсэн Сеулд допингийн хүчээр уралдаж байжээ.
Энэ явдал ил болсны дараа тэрээр хэлэхдээ:
“Миний бодож байгаагаар энэ хориотой бэлдмэл нь надад ямар ч давуу тал өгөөгүй. Ер нь олон зуун Америк тамирчдын дотооддоо хийсэн шинжилгээ нь иймэрхүү үр дүнтэй гарч байсан ч тэмцээнд ороход нь саад болж байгаагүй юм. Би тэдэнтэй адилхан л Олимпод орсон хүн…”
Ийнхүү хоёр топ спринтерүүд допинг хэрэглэсэн болохоор дараагийн хүн нь аварга болмоор. Тэгвэл Сеулийн Олимпийн 100 метрийн төрөлд финалд шалгарсан найман тамирчны нэгээс бусад нь бүгд допинг хэрэглэж байсан нь мэдэгдсэн бөгөөд Линфорд Кристи 1999 онд нандролон хэрэглэсэн нь илэрсэн бол Деннис Митчелл 1998 онд тестостерон, Десаи Уильямс нь Бен Жонсонтой цуг, адилхан зүйл хэрэглэж байсан нь тодорч байжээ. Өөр нэг шигшээд шалгарсан тамирчин Рей Стюарт нь дасгалжуулагч болсныхоо дараа өөрийн бэлтгэж байгаа тамирчдадаа допинг шахдаг байсан гээд нийтдээ долоон хүн. Цорын ганц Робсон да Силва гээч хүн л хориотой эм бэлдмэлтэй холбоотой ямар ч сэжигтэй зүйлд орооцолдож байгаагүй юм байна.
Гэхдээ Сеулийн Олимпийн аварга нь энэ хүн биш Карл Льюис хэвээрээ л байгаа. Ямар ч байсан одоохондоо. Их спорт гэдэг маань нэг иймэрхүү л байж дээ…Эсвэл нэг иймэрхүү л байдаг юм байна гэж хэлэх ёстой юм болов уу?