Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
2000 оны үед Америкийн Ирак дахь цэргийн баазад байрлах цэргүүдэд нэгэн ядаргаатай зовлон байсан нь энд тэнд хаягдсан тэсрэх бөмбөг байлаа. Энгийн болон цэргийнхэн нь байж байгаад л тийм бөмбөгтэй таарч амиа алдаж, тахир дутуу болж байсан бөгөөд иймэрхүү бөмбөг болон минийг аюулгүй болгох шинэхэн техникийг хүлээсээр.
Харин Америкт нөгөө техникийг нь туршиж, шалгаж бөөнөөр үйлдвэрлэх гэж зөндөө л юм болж таараа. Сая сая доллараар тоологдох хэмжээний үнэтэй, маш нарийн техникийг хүлээж залхсан цэргүүд тухайн нутаг оронд байгаа хүүхдийн тоглоомын дэлгүүрийн удирдлагатай машин болгоныг худалдаж аван, скочоор энгийн хямдхан GoPro тавьж орхиод тэсрэх бөмбөг байж болох газар болгоныг самнана. Олсныгоо нөгөө камерын тусламжтайгаар хэдэн талаас нь нарийн сайн ажиглаж байгаад өөр нэг тоглоомон машинд тэсрэх бодис тавин аваачаад дэлбэлээд л болоо. Ийм байдлаар ихээхэн том хэмжээний газар нутгийг цэвэрлэсэн бөгөөд нөгөө айхтар үнэтэй робот машин нь ирэхэд хийх ажил үлдээгүй байжээ. Харин цэргүүдийн хийж хэрэгжүүлсэн санаа нь нөгөө роботыг үйлдвэрлэх үнэ, тусгай оператор, техник үйлчилгээ… гээд юмтай харьцуулахад хэдэн мянга дахин хямд зардал шаардаж байсан гэдэг. Үр дүн нь яг ижил.
Иймэрхүү жишээ олныг дурдаж болох бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн шилдэг онгоцны нэг нийтлэлд ч мөн адил дурдаж байсан.
Тэгвэл одоо үргэлжилж буй Украин-Оросын дайнд мөн л төстэй явдал болж байгаа бөгөөд тэрхүү хямдхан боловч маш үр дүнтэй зэвсэг нь Герань-2 хэмээх дрон-камиказе юм.
Дрон-камиказе гэдэг нь нисгэгчгүй, дайсны байг очиж мөргөн устгах зорилготой онгоц. Дэлхийн олон улс оронд ийм зэвсэг байгаа хэдий ч чухам Герань-2 бусдаасаа ялгаран, энэ дайны од болон гялалзаж байна.
Герань-2 гээч маань гурван метрийн урт, “нисдэг далавч” хэлбэртэй, 200 гаруй кг жинтэй, 1000-2000 км нисэх чадвартай нисгэгчгүй онгоц. Гарал үүсэл нь Ираны Шахид-136 (Shahed-136) хэмээх дрон-камиказе, харин Герань-2 нь түүний “оросчилсон” хувилбар юм. Шахид-136-гийн тээж явах тэсрэх бодисын хэмжээ нь 36-37 кг бол Оросын Герань яг энэ хэмжээнд илүү хүчирхэг бодис “чихсэн” учраас бараг 50 гаруй кг тротиллтой тэнцэх гэнэ. Хөдөлгүүр нь хятадуудын өвс ногоо тайрах ахуйн зорилготой машины хөдөлгүүр бөгөөд худалдааны Алибаба сайт дээр энэ хөдөлгүүр 1800 орчим долларын үнэтэй байдаг гэхээр бөөнөөр нь авбал бүр хэд дахин хямдхан болох нь тодорхой. Анх Германы жижиг онгоцонд зориулсан, дэндүү гэмээр энгийн хөдөлгүүрийг хятадууд “хуулж” хийснийг иранчууд, одоо Иранаар дамжуулж оросууд хуулж ашиглаж байгаа аж.
Орчин үеийн зэвсэг техник ярихад электрон буюу гол процессор ихээхэн чухал үүрэгтэй. Тэгвэл Герань-2-ын процессор нь Texas Instruments TMS320 гэсэн Америкийн юм байх. Энэ тухай мэдэгдсэний дараа барууны талд энэ процессорыг Хятад, Орос, Иран зэрэг улсад гаргахыг хориглох тухай улстөрчид айхтар мундаг юм ярьж, сонгогч олонд ухаантай хүн болж харагдах гэх нь мэдээж. Гэтэл уг чип нь аль 1980-аад онд хэрэглэж байсан, одоо бараг захын хүүхэд гагнуурын алх бариад хийчихмээр юм байдаг. Ийм юмыг хориглож хязгаарлах ямар ч боломжгүй нь ойлгомжтой.
Герань байгаа онох магадлал нь ойролцоогоор… та google map хэрэглэж байхдаа таны байгаа газрыг 10-аад метрээр алдаж заадгийг анзаарсан л байж таараа. Тэгвэл Герань бас иймэрхүү хэмжээнд л алдана. Бүр 1000 км-ийн цаана байгаа байг ч гэсэн. Учир нь Шахид-д ахуйн GPS байх бол Гераньд Оросын өөрийнх нь Глонасс байгаа. Өөрөөр хэлбэл нисгэхийн өмнө хаагуур явж, ямар юм очиж мөргөхийг нь заагаад л болоо.
Герань-ий бас нэг онцлог бол түүний нисэх өндөр. Ердөө 60-400 метрийн өндөрт, өвс тайрагчийнхаа моторыг тачигнуулан явах учир дүлий биш л бол дуулахгүй байхын аргагүй чимээтэй гэж яана. Дээр нь хурд нь хамгийн ихдээ 180 км цаг. Бас хийц гэж дэндүү болхи, хямдхан дан хуванцараар хийсэн, онгоцны ард байрлаж түлхэж явдаг сэнс нь гэхэд зорсон мод… Ер нь л энэ онгоц гэхэд хэцүү юманд авах юм байхгүй гэмээр байгаа биз? Онгоцны элдэв дугуйланд явдаг хүүхдүүд хийсэн гэмээр. Яг үнэндээ хэмжээ дамжааг нь тооцохгүй юм бол нээрээ л хүүхдүүд, муухан багаж ашиглаж хийсэн юм шиг дорой эд юм гэнэ лээ. Ийм юмны үнэ гэж шалихгүй буюу багцаалсан тооцоогоор 10 000-30 000 орчим долларын үнэтэй (бүр ганц хоёр мянган доллар гэсэн юм ч бий).
Тэгвэл энэ хямдхан, муу хийцтэй нисгэгчгүй онгоц нь хэд хэдээрээ тэнгэрт гарч, 300 метрийн өндөрт байдгаараа чарлан мөлхсөөр Киев хотыг зорин явахад замд таарах хүмүүс бараг л чулуу шидэх дээрээ тулна. Ямар ч хурдгүй, их дуу чимээтэй, намхан яваа юмыг устгах шиг амархан юм байхгүй гэмээр. Гэтэл гай болж энэ онгоц нь локаторт баригдахгүй учир Украины агаараас эсэргүүцэх систем анзаарч харж чадахгүй нь. Дээр нь оросууд энэ системээс зугтаалган тойруу замаар Герань-ийг явуулах учир Украины таарсан цэргүүд өөрт байгаа АК-гаараа буудахаас өөр аргагүй болдог байна. Тийм өндөрт яваа юмыг ил хараагаар буудаад ононо гэж бараг бүтэхгүй, онолоо ч сум өнөө хуванцарыг нь нэвт цохиод гараад явчих учир “өвс тайрагч” цаашаа ниссээр том хэмжээтэй, хөдөлгөөнгүй байгаа (цахилгаан дамжуулан, хуваарилах төвүүд ) очин мөргөн дэлбэрсээр.

Украинаар дүүрэн зөөврийн зенитийн системүүд болох Игла, Стрела, Стингер-үүд нь энэ мөлхөө амьтныг унагах гэхээр хэт ягаан туяаны мэдрэгч бүхий пуужин нь Герань-ийг олж харж чадахгүй (Шахид болон Герань нь жижиг, сул хөдөлгүүртэй учир дулаан ялгаруулах нь бага) гэсэн зовлон байдаг.
Нөгөө алдарт С-300, Бук зэргээр унагаж болохгүй юу?
Онолын хувьд хэцүү ч гэсэн болох юм гэсэн. Гэхдээ дууны хурднаас илүү хурдтай хүчирхэг онгоц болон пуужинг устгах зориуллалттай эдгээр системийн ганц пуужингийн үнэ нь багадаа 50-100 Герань-ий үнэтэй гэхээр ямар ч утгагүй байгаа биз. Ямар сайндаа л Украины Миг-29 сөнөөгч онгоц нь Герань-д тулж ирээд их буугаараа буудаж унагах гэж байгаад өөрөө унаад сүйрчихсэн тохиолдол бий.
РЭБ буюу радио долгионы элдэв саад тавиад удирдлагыг нь алдуулж болох юм болов уу? Анхнаасаа хаагуур нисэж, хаана очиж юу мөргөхийг нь программд нь суулгачихсан, гаднаас ямар ч удирдлага байхгүй болохоор бас л нэмэргүй.
Украины тэнгэрт сүргээрээ яваа Герань-2 дрон-камиказег харсан хүмүүс хамаг хараал ерөөлөө бардаг нь чухам ийм учиртай билээ.
Одоогоор оросууд Герань-аар “галзуурч” байгаа боловч хэдхэн сарын дараа өөрсдийн толгой дээр иймэрхүү зэвсэг унах болно шүү гэж ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд, экспертүүд нь анхааруулсаар байна. Украин шиг техникийн өндөр хөгжилтэй улсад “нисэх дугуйлангийн онгоц” хийхэд чадахгүй юм байх биш. Ганцхан мөнгө болон, оросууд ийм боломж өгөх эсэх нь л эргэлзээтэй юм.
P.S
Карабахын дайнд Туркийн Байрактар дрон нь “тэнгэрийн ташуур” болон алдаршиж байсан боловч Украинд тун тааруухан амжилттай байлдаж байгаатай адилаар Герань-2 ч гэсэн удалгүй амархан бай болох нь бараг тодорхой. Харин бүр хөнгөн жингийн Ланцет-3, Куб (ОХУ), Switchblade (АНУ), Haron (Израйл) зэрэг дрон-камиказе нар ч ёстой л цахиур хагалж байна даа. Орчин үеийн өндөр ончтой, хямд зэвсэг гэвэл ёстой л ийм юмыг л хэлдэг байх.
Украины тэнгэрт ноёлох ёстой байсан Оросын нисэх хүчин
Энэ оны 2-р сард ОХУ нь Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш есөн сар өнгөрчээ. Энэ хооронд номоороо бол Оросын нисэх хүчин агаарт ноёрхож, Украины цөөхөн үлдсэн онгоц агаарт гарах аргагүй болж, газрын цэргүүд нь Оросын онгоцуудад зад бөмбөгдүүлж баймаар. Гэсэн ч үнэндээ байдал өөр, бүр ихээхэн өөр байгаа бололтой.
Өнгөрсөн 2021 оны төгсгөлд Оросын Ерөнхийлөгч Путин нь НАТО болон барууны орнуудаас ОХУ-ын аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг (өмнө нь НАТО Оросын хил рүү ганц метр ч ойртохгүй гэж аман баталгаа өгсөн ч 20-30 жилийн дараа нэг л мэдэхэд НАТО ОХУ-ын хилд тулаад ирж), Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, Украинд болж байгаа иргэний дайныг зогсоох, Украиныг милитаричлах болон НАТО-д элсүүлэхгүй байхыг шаардсан боловч өнөөдүүл нь өмнөөс нь “салаавч” өгснөөр энэ явдал эхэлсэн билээ.
Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үед олон тоймчид Оросын нисэх хүчин нь Украины цэргийн болон улс төрийн шийдвэр гаргах төвүүд, цэргийн дэд бүтэц, гүүр, төмөр зам, агаараас эсэргүүцэн хамгаалах систем зэрэгт бөөгнөрүүлсэн цохилт өгч эхэлнэ гэж хүлээж, тооцоолж байлаа. Яг л АНУ болон холбоотон улсууд нь Югослав болон Ирак, Ливи зэрэг улсууд руу довтолсон шиг.
Гэтэл оросууд “цагаан бээлийтэй” байлдахаар шийдсэн бололтой, зөвхөн агаараас эсэргүүцэн хамгаалах систем, нисэх хүчин байрлах буудал, дэд бүтцийг л бөмбөгдөж эхэлсэн байдаг. Эхлээд их л амжилттай бөмбөгдөж, далавчит пуужингаар зогсоо зайгүй харваж үндсэндээ агаарт ноёрхож эхэлсэн гэж хэлж болох байх. Мэдээж энэ хооронд Европын хамгийн хүчирхэг арми (Зеленьскийн өөрийнх нь хэлж байгаагаар) зүгээр хараад суугаагүй нь мэдээж бөгөөд хэр чадлаараа эсэргүүцэж Оросын нэлээд хэдэн онгоцыг унагасан нь тодорхой. (эхний 14 хоногт 10 гаруй онгоц гэсэн яриа бий) Дайн л болсон хойно хэн хэн нь хохирол хүлээх нь ойлгомжтой.
Харин дөрөвдүгээр сараас байдал өөрчлөгдөж эхэллээ. Дайны эхний өдрүүдэд нэлээд хэдэн онгоцоо алдсан Орос улс нь дахиж хохирол үзэхээ бараг болиод удсан, Украины агаараас хамгаалах системийг бүрэн дарсан гэж мэдээлж байсан ч гэв гэнэт Оросын онгоцууд буудуулж унах нь элбэгшиж эхэлсэн төдийгүй нэг өдөрт хоёр онгоц алдаж байсан тохиолдол ч бий.
Украины ажиллагаанд бараг 400 байлдааны онгоц, 300 давсан нисдэг тэрэг авчирсан улс яахаараа агаарын ноёрхлоо алддаг билээ? Тэр тусмаа дэлхийд гайхуулах нисэх хүчинтэй гэж өөрсдийгөө тодорхойлдог Орос улс шүү.

Оросын онгоцыг унагаж байгаа зэвсэг нь С-300 (манай зурагт радиогоор ЭС-300 гээд мундаг англи маягаар хэлээд байх юм. Зүгээр С шүү дээ) болон Бук-1(М). Алсын болон дундын зайнд агаарын байг устгах чадалтай энэ хүчирхэг зэвсгийг бүгдийг нь ширхэг дараалан устгах боломжгүй бөгөөд энэ системүүд нь өөрөө явагч учир пуужингаа харвачихаад л арилаад өгөх болохоор тэр болгоны араас хөөцөлдөх боломжгүй. Тийм учраас оросууд “газар-агаар” ангиллын пуужин харвах техникийг биш, харин агаарын орон зайг хянаж, байг илрүүлж тодорхойлох радио-локацийн системийг нь устгахад хангалттай гэж үзэж байлаа. Ихэнхийг нь ч устгасан бололтой.
Америк болон НАТО нь Путинд зүгээр ч нэг “салаавч” өгөөгүй болохоороо удалгүй ажиллаж эхэллээ. Украин болон Оросын хилд тун ойрхон өдөр шөнөгүй нисэх Америкийн АВАКС-ууд (агаарын байг илрүүлэх хүчирхэг төхөөрөмж бүхий нисэх онгоц), тагнуулын хүнд дронууд, сансраас хиймэл дагуулууд тулалдааны талбарыг хянан Оросын нисэх хүчний хөөрч байгаа бараг онгоц болгоныг хянаж, чиглэлийг нь тодорхойлж, үүнийгээ тэр даруй Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системд дамжуулж эхэлснээр оросууд агаарт ноёрхлоо алдлаа. Барууны улс орны энэ хүчирхэг технологийн эсрэг оросуудад сөргүүлэх юм алга. Хилээс нь гадуур хол байгаа НАТО-гийн онгоц, дронуудыг нь буудаж унагалтай биш, ёстой дэлхийн Гуравдугаар дайн эхлэх биз.
Ингээд нөгөө сүйд хийх ёстой гэж байсан Оросын нисэх хүчин арчаагаа алдаж баларлаа. Украины талын мэдээллээр бол тавдугаар сараас хойш Оросын байлдааны онгоц нь Украины хяналтад байгаа бүс нутгийн гүн рүү цөмрөхөө бүр больсон гэнэ. Хэрвээ энэ үнэн бол Оросын нисэх хүчнийг юу гэж үнэлж болох вэ?
Дайны үеийн хохирлын тухай мэдээлэл нууц байдаг болохоор аль аль талын хүлээсэн хохирлын тухай дэндүү хэтрүүлсэн, замбараагүй тоог энд тэнд дураараа тавьдаг болохоор янз бүрийн будлиантай юмыг энд дурдаад яах вэ.

Одоо Оросын нисэх хүчин яаж тулалдаж, байлдааны даалгавар биелүүлж байна вэ?
Нэгэнт барууны улс орны радио-локаторын хяналтад байгаа болохоор нам өндрөөр л нисэж таарна. Хэдий чинээ нам ниснэ, төдий чинээ дайсны локаторт харагдахгүй гэдэг нь физикийн хууль.
YouTUBE болон бусад мэдээллийн хэрэгслээр дүүрэн байгаа бодит бичлэгүүдийг харахад (бодит бичлэг шүү, ямар нэг эвлүүлсэн, урьд өмнийн юм болон компьютер график биш) КА-52, МИ-28 зэрэг цохилтын нисдэг тэрэгнүүд, Су-25 дайрагч онгоцнууд нь нам өндрөөс НАРС-аа (агаар-газар ангиллын удирдлагагүй пуужин) бөөн бөөнөөр нь харваж байгаа юм, ихэнх нь. Энэ пуужингаа харвахдаа онгоцны хошуугаа өргөж байгаад (кабрирования буюу миномёт маягаар харвах) бүгдийг нь шидэх бөгөөд харахад сүртэй гэж яана. Гэтэл үнэндээ ийм пуужингаар ингэж харваад…

Оросын НАРС пуужингууд нь аливаа нэг тодорхой бай биш, хэсэг газрыг (талбай) “эргүүлж” хаях зориулалттай боловч ингэж харвасны дараа дайсандаа ямар нэг хохирол учруулна гэдэг ёстой юу л бол. Хурд багатай онгоц нам өндрөөр ороод ирэхээр Стингер, Игла, Стрела-2 зэрэг жижиг зөөврийн зенитийн пуужингууд хүлээж байгаа учир алсаас ийм л байдлаар тулалдаж байгаа нь энэ. Аргаа барсны л шинж.
Саяхан бас нэг бичлэг хоёр талд нэлээд шуугиулж хаялаа. Уг бичлэг дээр Оросын Су-35 нам өндрөөр Украины цэргийн байрлал дээгүүр маш хурдтай гарч ирэн хэсэг бөмбөг хаяад пуужингийн эсрэг маневр хийн зайлахад украинчууд араас нь стингер харваад оносон юмгүй л хоцорч байна. Тэр их хурдтай, мундаг онгоцыг ганц нэг стингерээр тийм богино хугацаанд унагана гэж бараг үгүй. Гэхдээ ямар онгоцыг ямар байдлаар ашиглаж байгааг харахад үнэндээ гайхах ч багадмаар. Су-35 гэсэн хамгийн орчин үеийн, их үнэтэй, маш нарийн техникээр дайсныхаа явган цэргийн байрлалыг зүгээр нэг энгийн бөмбөгөөр бөмбөгдөнө гэдэг бол мундаг үнэтэй микроскопоор хадаас хадахтай л адил хэрэг. Үүнийг юу гэж тайлбарлах ёстой юм бүү мэд. Оросын цэрэг дайны тухай бичдэг, ярилцдаг форумаар энэ тухай шуугиж байгаа ч эвэртэн туурайтнууд нь ямар нэг тайлбар хэлсэнгүй.
Энэ цэргийн ажиллагаа сунжрах хэрээр Оросын армийг шийдэмгий тулалдаж, цагаан бээлийгээ тайлж, барууны улс орнуудын арга барилаар Украины дэд бүтцүүдийг зад бөмбөгдөж хаяхыг олон хүн шаардсаар байна. Өөрөөр хэлбэл барууны улс орнуудаас ирж байгаа тэр олон зэвсэг техникийг зөөх гол зам болсон Днепр мөрний олон гүүр, төмөр замын зангилаа, цахилгаан станцууд гэсэн үг.
Хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү. Нэгэнт агаарт ноёрхож чадахгүй байгаа ийм үед тэр олон гүүрийг яаж устгах билээ? Ер нь гүүр устгана гэж юу гэсэн үг вэ?
Херсонд байгаа Оросын цэргийн анги нэгтгэлийн хангамжийг таслахын тулд украинчууд HIMARS-аар (энэ дайны нэг супер баатар) бараг хоёр сарын турш Антоновын гүүр гээчийг нүдлээ. Ганцхан гүүр! Үр дүнд нь гүүр байсаар л байна. Ер нь гүүрийг устгахын тулд яг тулгуур багануудыг л онож байж жагсаалаас гаргах ба үүний тулд өндөр ончтой, их үнэтэй далавчит пуужинг маш олноор хэрэглэх хэрэгтэй болох нь. Хаана байна, тэр илүүдээ гарсан олон пуужин?
Өөр нэг арга нь энгийн том бөмбөгөөр (500 кг-аас дээш) завсар зайгүй бөмбөгдөж байж л тэр чигээр нь нураах боломжтой. Тэгвэл дайсныхаа гүн рүү нэвтэрч орохгүй байгаа нөхцөлд нисэх хүчин яаж ч мөрөөдөөд гүүрийг бөмбөгдөж чадахгүй нь тодорхой.
Оросын нисэх хүчинд Вихрь зэрэг өндөр ончтой харьцангуй жижиг, хямд пуужингууд бий. Гэхдээ гүүр устгахад тэрнээс арай илүү томхон, хүчтэй юм хэрэгтэй байлгүй.
Энэ оны долдугаар сарын үед Оросын Ка-52 нисдэг тэрэг нь вихрь пуужин ашиглан гол гаталж байгаа Украины десантын том завийг устгаж байгаа тухай шөнийн бичлэг гарч билээ. Харвасан хоёр пуужин нь байндаа дараалан тусаж, мэргэн цэцэн байгаадаа баярласан оператор нисгэгч нар хашгичаад л. Тэгсэн үнэндээ десантын том завь биш ирээдүйд барих гүүрний тулгуурын суурийг л буудаад байж. Өнөөх нь хоёр ч пуужингийн дараа юу ч болоогүй юм шиг дүнхийж л байж билээ.
Ямар ч байсан АНУ нь Югослав руу дайрахдаа эхний хэдэн хоногт мянга мянгаар нь далавчит пуужин (Томагавк) харваж байж бүх гүүрийг нь нурааж хаясан шиг оросууд лав чадахгүй нь бололтой. Үгүй дээ л өнөөгийн нөхцөлд.
Аливаа дайн тулалдаанд агаарын ноёрхол гээч шийдвэрлэх үүрэгтэй. ОХУ-ын олон жил магтан дуулсан, олон ч сайхан шинэ онгоцоор хүч сэлбэсэн нисэх хүчин нь лав өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм байна гэж ойлгож байна. Уг нь сүйд хийх юм л яриад байсан биш билүү?
P.S
Оросын нисэх хүчний хохирлын бараг 50 хувь нь өөрсдийнх нь агаараас эсэргүүцэн хамгаалах системийн харвасан пуужинд оногдож сүйрсэн гэх яриа сүүлийн үед улам бүр их болсоор байгаа билээ. Үнэн худал нь олон жилийн дараа л тодорхой болох биз ээ.