Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Нийтлэлийн гарчгийг та хараад хаа нэгтээ сармагчингийн тоо толгой байх ёстой хэмжээнээсээ хэтэрснээр хүн амьтны хүнс тэжээл хулгайлж байгаа тухай юм л санаанд орох байх. Үгүй ээ. Энэ удаа хүн болон сармагчингийн талаас аль аль нь амь хохирч байгаа жинхэнэ мөргөлдөөний тухай сонирхуулах болно.
Энэ явдлын эх суурь нь арав гаран жилийн тавигдсан гэнэ. Тухайн үед Угандад үржил шимтэй газар нутгийг ашиглахын тулд ой ширэнгийг хядаж, тариан талбай ихээр байгуулснаар ойн амьтад, ялангуяа сармагчингуудын хувьд амьдрах орон зай нь эрс хумигдаж эхэлсэн байна. Эдэн дотроос догшин ширүүн ааштай шимпанзе нарын зан эрс эвдэрч, хүн амьтны эсрэг “ухамсартайгаар тулалдаж” эхэлсэн ба зарим нэг нь хүний махны амтанд хүртэл орсон олон баримт байгаа юм.
Угандагийн Киямажака хэмээх тосгон энэ тулаанд хамгийн их нэрвэгдэж байгаа ба хэдхэн жилийн дотор энэ тосгоны 6 хүүхдийг шимпанзен сүрэг хулгайлан, егүүтгэж хаясан байна.
Хамгийн эхний хохирогч нь Нтегека Семата гээч айл болжээ. Тэрхүү өрхийн тэргүүлэгч эмэгтэй нь хүүхдүүдтэйгээ цуг тариан талбайд ажиллаж байхад нь хэсэг шимпанзе ойгоос гарч ирэн шуугилдаж байгаад гэнэт том биетэй нэг нь хамгийн ойрхон байсан хүүхдийг булааж аваад ой руу чирэн орсон гэнэ. Хэсэг хугацааны дараа олон хүмүүс цуглуулан ойг самнасаар нөгөө хүүхдийн амьгүй цогцсыг л олсон байна. Гэхдээ сармагчингууд хүүхдийг зүгээр хөнөөгөөд зогссонгүй өшөө хорслоор нүд хальтрам аймшигтай болгосон байсан тухай аймаар явдлыг National Geographic сэтгүүл нийтэлж байв.
Энэ явдлаас хойш энэ гэрийнхэн сармагчингийн довтолгоонд хэд хэд өртсөний дараа газраа хаян зайлан одсон гэдэг.
Эндээс холгүй амьдрах Свалика Кахва хэмээх эрийн хоёр настай хүүхдийг мөн л шимпанзе хулгайлж, дараа нь ойд хаяж орхисон байсныг олсон нутгийнхан энэ тухай National Geographic-д өгүүлж, хүн харахад ч аймаар болсон хүүхдийн зураг үзүүлж байсан гэдэг.
Нутгийн оршин суугчдын ярьж байгаагаар бол шимпанзе нь том биетэй, насанд хүрсэн хүн рүү халдахгүй, зөвхөн жаахан хүүхдүүдийг л хулгайлж, зэрлэгээр тамлана. Бүр гэртээ унтаж байсан хүүхдийг хүртэл хулгайлж байсан тохиолдол бий бөгөөд арваад жилийн өмнө дөрвөн настай байсан Тедди Атухайре гэдэг охиныг гэртээ аав ээжтэйгээ унтаж байхад нь шимпанзе орж ирэн булааж аван зугтаж, ойн захын хамгийн том модон дээр авч гараад баахан балбаж байхдаа нэг гарыг нь хүнд гэмтээсэн байна. Дараа нь араас нь хөөж яваа олон хүмүүсээс зугтахдаа хүүхдийг модон дээрээс зүгээр л шидчихээд алга болж. Аз болж охин амьд мэнд үлдсэн ч гэмтсэн гарыг нь тайрахаас өөр аргагүй болжээ.
Алив дайн тулаанд баатар төрөн гардаг ёсоор шимпанзе нарын дундаас нэг нь ялгарч товойж гарч ирсэн нь “Садам” хэмээн нэрлэсэн эр шимпанзе. Садам нь том хүмүүсээс хол байгаа хүүхэд олбол давхин очиж зодож, балбаж, алж талахдаа гаргуун төдийгүй хүний маханд дуртай. Тэрээр хамгийн багадаа 7 хүүхдийг хөнөөсний дараа нутгийнхан зөвхөн түүний хойноос л ангуучилж байгаад алж устгасан гэдэг.
Гэхдээ эдгээр хүмүүс нь хууль зөрчиж, хулгайн ан хийсэн хүмүүс болж хувирсан байна. Учир нь Угандад сармагчин агнахыг хуулиар хориглодог бөгөөд бас хүн ардын дунд сармагчин бол ариун амьтан гэсэн эртнээс уламжилсан ёс заншил хүчтэй хэвээрээ байгаа нутаг юм. Тийм учраас хүүхэд хулгайлж, сүйдэлдэг сармагчингуудыг бөөнөөр нь устгах сонирхол нутгийнханд бага байдаг бололтой. Алдсан хүн арван тамтай гэгчээр үр хүүхдээ алдсан хүмүүс л дээш доош хэрүүл хийж байгаад зарим нэг зөвшөөрөл авч байж сармагчинг агнаж болох өөрчлөлт гаргуулж чадсан байна. Энэ нь хүүхэд хулгайлсан, гэмтээсэн, хөнөөсөн алив нэг сармагчинг зүсээр нь баталж тогтоож чадаад зохих зөвшөөрөл гуйсан бичиг цаасыг холбогдох газар нь өгч байж өнөө сармагчинг агнах зөвшөөрөл авах юм гэнэ. Аймшигтай сармагчингууд хэн нэгний бяцхан хүүхдийг хулгайлахыг хүлээж, дараа нь яг тийм сармагчин алсан гэдгийг баталж байж л дараа нь агнана гэдэг санаанд буумгүй. Байгаль дэлхий өөрийгөө хамгаалдаг гэдэг. Хамгаалахдаа ч бас хатуу ширүүн байж чаддаг гэдгийг энэ явдлууд батлаад байх шиг. Монгол нутагт минь иймэрхүү юм бүү болоосой билээ.