Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Армяны ард түмэнд хандаж…
2019 онд болсон хөлбөмбөгийн нэгэн тэмцээнд Франц Албани улсын баг тоглохоор талбайд гарч ирээд төрийнхөө дууллыг хүлээн зогсож байлаа. Гэтэл Албанийн төрийн дууллын оронд Андорра улсынх явж гэнэ. Тамирчид болон Албанийг дэмжихээр ирсэн хүмүүс дургүйцэн шуугилдаж таараа. Зохион байгуулагчид ч сандран тэр дор нь стадион даяар чангаар уучлал гуйх үедээ “Армяны ард түмэнд” хандаж…
Сүүлд нь Францын Ерөнхийлөгч Макрон нь Албани төдийгүй Армян улсын ард түмнээс албан ёсны уучлал гуйхад хүрсэн юм гэнэ лээ.

Гахай ба мангус
“Араатны хаан арслан” хэмээх алдартай кинонд Африкийн гахай болон мангуст хэмээх хоёр амьтан салдаггүй нөхөд болж гарна. Харин бодит амьдрал дээр Африкийн бодон гахай тун ч зэрлэг догшин бөгөөд хавьтсан ойртсон амьтан болгоныг хадрах гэж дайрдаг нэгэн гэнэ. Гэхдээ мангуст хэмээх тэр амьтан замд нь таарвал гахай гуай юун дайрах манатай бушуухан хэвтэж өгөх бөгөөд өнөөх мангуст нь ч тэр даруй дээр нь авиран гарч арьсны үрчлээс нугалаа, үсэнд байгаа бөөсийг нь түүж идэж эхэлдэг байна. Гахайны дуртайг яана.
Энэ явдлаас санаа авч уг хүүхэлдэйн киноны хоёр хачирхалтай гол дүрийг бий болгожээ.
Си систем ба фут, инч
Манай дэлхий дээр гуравхан улс л “Си систем”-ийг хэрэглэдэггүй нь АНУ, Либери, Мьянмар гэнэ. (Арван жилдээ тааруухан сурч байсан зарим нөхдөд сануулахад Си систем гэдэг маань алив зүйлийг килограмм, метр зэргээр хэмжих хэмжигдэхүүн)
Чухам яагаад АНУ энэ системийг хэрэглэх гээд бүтэлгүйтсэн тухай олон янзын тайлбар байдаг ч энэ удаа олноос онцгой нэгэн тайлбарыг сонирхуулъя.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Томас Жефферсон нь Си системийг улс орондоо нэвтрүүлэх тал дээр тун их анхаарал тавьж байж. Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд Францын эрдэмтэн Жозеф Домбе гээчийг 1793 онд АНУ-д ирэхийг урьсан байна. Гэхдээ яг нэг метрийн хэмжээтэй төмөр гулдмай, 1 кг-ийн жинтэй зэсэн цилиндр авчрах ёстой байлаа.
Нөгөө Франц эрдэмтэн маань далайгаар явж байхдаа хар шуурганд дайруулж, живж үхэх шахаад, дараа нь далайн дээрэмчдэд баригдаад, удаан хугацаагаар хоригдож байсаар өвдөөд үхжээ. Харин авч явж байсан нөгөө юмнуудыг нь дээрэмчид өөр зорилгоор ашигласаар алга болсон бололтой.
Энэ нь АНУ-ыг метрийн системтэй болгох анхны оролдлого байсан бөгөөд дараа дараагийн янз бүрийн оролдлогууд мөн л бүтэлгүйтсэний улмаас АНУ нь одоо хүртэл фут, инч-ээ хэрэглэсээр л байна.

Байдаггүй хотод болох тоглолт
2029 онд болох Азийн тоглолтыг зохион явуулах эрхийг Саудын Араб улс олж авсан ба Неом хэмээх хотод уг том наадам болох юм байна. Харахад зүгээр л нэг мэдээ. Гэтэл сонирхолтой нь Неом хэмээх хот байдаггүй гэж байдаг. Яахав арабууд ийм хот босгохоор төлөвлөж байгаа бөгөөд одоогоор зураг төсөл дээрээ л байгаа юм гэнэ лээ. Азийн спортын холбоод юу бодож энэ байхгүй хотод саналаа өгсөн юм бол…
Нөгөө царцаа шоргоолж хоёрын үлгэр шиг л сонсогдож байна.
Пашендейлийн тулаан

Энэ бол Бельгийн Пашендейл хэмээх тосгоныг дээрээс авсан зураг. Эхнийх нь Дэлхийн Нэгдүгээр дайны өмнөх үе бол дараагийнх нь… ойлгомжтой. Энэ зураг дээр тэрбум гаруй бөмбөг, их бууны сумнаас үүссэн тэсрэлтийн тогоо байгаа юм гэнэ лээ.
Пашендейлийн төлөөх тулаан нь энэ их дайны хамгийн их цус асгаруулсан тэмцэлдээн байсан бөгөөд дөрвөн сар үргэлжилсэн байлдааны үед 857 000 хүн алуулж, шархтсан байна.
Анхны фото

Та фото зураг дээр гарсан хамгийн анхны хүнийг мэдэх үү? Тэгвэл танилц! Энэ зураг дээр харагдах гутал тослогч болон тослуулагч этгээд нар нь тэрхүү анхдагч нь билээ. Уг зургийг 1838 онд авсан бөгөөд тухайн үед фото зураг авах гэж 10 минутын турш хөдөлгөөнгүй байх ёстой байжээ. Зурагчин маань аппарат хэрэгслээ хөл дээр тавиад зургаа авч эхлэх тэрхэн мөчид хотоор дүүрэн хүмүүс нааш цааш сүлжилдэж байсан бөгөөд харин зураг дээр зөвхөн хөдөлгөөнгүй байсан юмс л үлдэж хоцорсон нь энэ.

Урт удаан бокс
1893 онд АНУ-д болсон боксын тэмцээнд Жек Берк, Энди Боуэн нар хоорондоо таарчээ. Тухайн үеийн боксын дүрмээр хэн нэг нь ялагдлаа хүлээхээс нааш тэмцээн зогсдоггүй байж. Ингээд 2500 доллар авахын төлөөх тулаан эхэлж… 110 раундын дараа л төгссөн гэдэг. Тулааны явцад рингний 4 шүүгчийн гурав нь гэртээ харьж унтахаар явсан бол үзэгчид байнга л солигдсоор байв.
Ингээд 111 раунд эхлэх болоход хоёр тамирчны хэн нь ч сандлаасаа босож чадаагүй учир шүүгч хоёр тамирчныг тэнцсэн гэж үзэн мөнгийг нь адил тэнцүү хувааж өгсөн байна.
Ийм удаан зодолдсон хоёрын эрүүл мэнд нь сүйдэж, Берк гараа олон газар хугалж цуулсан учир дахиж бокс тоглох аргагүй болсон бол харин Боуэны тархины цусан хангамж болохоо байсан гэдэг. Гэсэн ч тэрээр энэ өвчнөө тоолгүй дараагийн тулаанд орж, толгойдоо цохиулсны дараа ухаан оролгүй байсаар нас баржээ.

Хамгийн урт үг
Монгол хэлний хамгийн урт үгийг та мэдэхгүй бол одоо мэдэж ав. Энэ бол “цахилгаанжуулалтынхантайгаа“ гэсэн 27 үсэгтэй үг юм байна. Тэгвэл Англи хэлний хамгийн урт үг нь… 189 819 үсэгтэй, ойролцоогоор 57 хуудас цувуулан бичих боломжтой гэнэ. Энэ нь ердөө л нэг химийн бодисын нэр төдий бөгөөд хэлэхийн тулд та багадаа 1 цагийн турш амаа завгүй байлгаж таарах юм байх. Яахав сонирхоод үзье гэвэл, 1 цаг, 11 минутын амьдралаа дэмий үрье гэж байвал энэ холбоосоор орж сонсож болно.
Ямар тэнэг нь ингэж…