Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Хорвоо дэлхийд аз хийморь нь шовойсон олон л хүн байдаг байх. Тэгвэл тэдгээрийн дотроос ганцаараа ялгаран тодордог нэгэн эр байдаг нь Хорватын иргэн Фране Селак (1929-2016) гээч хүн. Энэ хүний адал явдал дүүрэн амьдралд азтай явдлууд дэндүү их тохиолдсон бөгөөд тэр болгоноос дандаа ялагч болон гарч байсан гэдэг. Гэхдээ өөрийнх нь хэлснээр тэрээр “Би азтай хүн биш харин бурхан багш намайг авран хамгаалж байсан юм” хэмээн үздэг. Нээрээ энэ хүн нэг бодлын хамгийн азтай мэт боловч нөгөө талаар хамгийн азгүй хүн байсан байж болох л юм. Яагаад гэвэл…
1962 онд энэ эр Сараевогоос Дубровник хот орохоор явж байх үед сууж явсан галт тэрэг нь гэнэт замаас гарч онхолдон унажээ. Галт тэрэг онхолдон унана гэдэг бол машин унахаас ихээхэн өөр юм гэдгийг яриад ч яах вэ. Тэгвэл Фране Селак зүгээр нэг осолд ороод зогсолгүй, ослын үеэр галт тэрэгнээсээ шидэгдэн тэс хүйтэн мөс бүхий том голд унасан байна. Түүнтэй хамт голд унасан 17 хүн усанд осгож нөгчсөн бол (галт тэрэгний осолд бас зөндөө хүн бэртэж гэмтсэн нь ойлгомжтой) манай хүн гараа хугалж, хөлдөж талийх шахсан юм, хэн нэгний тусламжтайгаар салгалсаар гарч иржээ.
Дараа жил нь хамгийн аюулгүй унаа болох онгоцоор Загреб нисэж явах үед гэнэт онгоцны хаалга онгойж баахан хүн сорогдон унасны дотор “нөгөөх” маань байж л байв. Уг нь онгоцноос унаад үхэх нь ойлгомжтой. Арван есөн хүн үхэж харин ганц хүн нуруулдсан өвсөн дээр унасан учир амьд гарсан нь бас л Фране Селак. Энд тэндээ хөхөрч, хавдсанаас өөр ямар ч гэмтэл байсангүй.

1966 онд мань эр автобусаар явж байлаа. Бодвол онгоц, галт тэргийг аюултай гэж үзсэн юм байгаа биз. Тэгээд яасан бэ гэхээр яахав дээ, дахиад л автобус нь давхиж яваад эргэж чадалгүй том гол руу үсэрч ороод… Дөрвөн хүн үхсэн байна. Манай хүн яахав, яасан ч үгүй амьд мэнд.
Дөрвөн жилийн дараа өөрийнхөө машинаар явж байтал гэнэт машин нь шатаж эхлэхэд мань эр яаран гарч амжив уу, үгүй юу машин нь дэлбэрсэн байна. Арын, “зөөлөн махтай бондгор” хэсэг нь жаахан түлэгдсэнийг эс тооцвол зүв зүгээр.
Энэ явдлаас хойш гурван жилийн дараа машин нь зам дээр гэнэт унтраад зогсчихоор нь “янзалдаг” хүн болон янз бүрийн хоолойг нь салгаж үзэж байхдаа шатахууны хоолойг сугалахад баахан бензин халуун мотор дээр асгарч бяцхан дэлбэрэлт болж машин нь тэр чигээрээ шатжээ. Мань хүн хамаг үсээ хуу хуйхлууснаас өөрөөр гэмтсэнгүй.
1995 онд Загребын нэгэн гудамжинд хурдтай явж байсан автобус эргэхдээ нэг хүнийг санаандгүй мөргөж унагажээ. Харин тэр хүн зүв зүгээр босоод ирлээ. Хэн байсныг нь хэлээд ч яахав дээ.
1995 он буюу дайн байлдаантай он жилүүдэд Селак уулын замаар явж байтал өөдөөс нь НҮБ-ын тэмдэгтэй цэргийн машин хар хурдаараа давхин гарч иржээ. Мөргөлдөхгүйн тулд Селак машинаа зайлуулах гээд дартал хашлага мөргөн машин тэртээ өндрөөс уналаа. Өндрөөс унан бутарч байгаа машин газарт хүрээд дэлбэ үсэрсэн бөгөөд тэнд байсан хүнээс юм үлдэхээргүй мэт аймшигтай юм болж. Нээрээ ч машин дотор Селакаас юм үлдсэнгүй. Яагаад гэвэл замын хажууд байгаа модноос нэгэн юм дүүжлэгдэн байсан нь өнөөх! Үнэмшмээргүй хэрэг шүү!
Энэ бүх явдлаас амьд мэнд гарсан болохоор хамгийн азтай хүн гэж хэлж болох ч зарим хүмүүс “харин ч ийм олон аймшигт явдалд орж, олон хүн үхэж байхад ганцаараа амьд үлдэнэ, тэр олон стрессийг туулж гарна гэдэг нь хамгийн аймшигтай бөгөөд азгүй явдал шүү” гэж хэлдэг аж.
Аль аль нь зөв байх.
Тэгвэл Фране Селак нь 2002 онд яасан гээч?

Бодвол бас л нэг осол сүйрэлд өртөө биз гэж та бодож байгаа байх. Андуурч байна. Тэрээр амьдралдаа цорын ганц удаа сугалаа сугалж үзсэн нь тэр. Тэгээд 600 000 фунт стерлинг хожсон байгаа юм даа. Долоон удаа үхлийн савраас мултраад дараа нь барж идэшгүй их мөнгө хожсон хүнийг юу гэх вэ?
Харин өөрийнх нь хэлснээр бол тэрээр долоон удаа осолд орж амьд гарсан нь аймшигтай байсан боловч тэрнээс илүү хэцүү зүйл нь эхнэрээсээ салсны дараах явдлууд байсан гэдэг. Арга ч үгүй биз. Дөрвөн удаа эхнэр аваад салсан гэхээр нөгөө хамгийн азтай хүн мөн юм болов уу гэсэн эргэлзээ төрж л таарах байх.

Гэсэн ч мань эр тав дахь удаа хурим хийж эхнэр авснаас хойш жинхэнээрээ аз жаргал гээчийг мэдэрч байгаа хүн. Тав дахь удаагаа гэрлэхийн өмнө Селак нь өөрийнхөө эрүүл мэндэд овоо их мөнгө зарж, сугалаагаар хожсон мөнгөөрөө авсан тансаг байшин сав (арал дээрх) бүх юмаа зарж үрэн мөнгө болгоод түмэн хүнд тарааж өгсөн гэдэг. Ямар ч байсан энэ хүн долоон удаагийн осол, таван удаагийн гэрлэлт, нэг удаагийн асар их мөнгө хожсон явдлын дараа “хүний аз жаргал гэдэг бол мөнгөтэй лав хамаагүй юм билээ” гэдгийг л сайн ойлгосон юм гэнэ. Тэгэхээр энэ хүнийг азтай гэх үү? Эсрэгээр нь азгүй гэх үү таны мэдэх хэрэг.
Фране Селак 87 насандаа таалал төгссөн байдаг. Frano Selak хэмээн Wikipedia дээр намтар түүх нь хүртэл үлджээ.