Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайны үед Японы арми, флотын дайчид дэндүү гэмээр улангасан тулалдаж байсан олон жишээ бий бөгөөд эдний дундаас нисгэгч камиказе нар ялгаран тодордог билээ. Тэгвэл тэднээс дутахгүй зориг зүрх гаргаж байсан бас нэг өөр бүлэг хүмүүс байсан нь шумбагч камиказе нар юм. Тэднийг, тэдний торпедыг Япончууд кайтан хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь “хувь заяа өөрчлөгч” гэсэн утгатай үг юм гэнэ лээ.
Мидуэйд хэмх балбуулсан Японы флот үндсэндээ байлдах чадвараа бараг алдаж, Номхон далай америкчуудын гарт орох нь тодорхой боллоо. Ийм үед Наран улсыг аврах зүйл нь ямар нэг санаанд оромгүй байлдах арга, өвөрмөц онцгой зэвсэг техник гэж флотынхон үзэж байв.
Японы шумбагч флотын дэслэгч Хироши Куроки болон бага дэслэгч Сэкио Нишина нар нь хүн удирдах бяцхан шумбагч онгоцоор дайсны том хөлөг онгоцыг мөргөн устгах шинэ арга сэдсэнээ танилцуулжээ. Тэдний үзэж байгаагаар 1000 гаран тэсрэх бодис бүхий ийм шумбагч онгоцоор мөргөхөд ямар ч том хөлөг бүрэн сүйрч живэх бөгөөд ганц нэгхэн амжилттай ажиллагааны дараа америкчууд сүүлээ хавчин далайн цаад эрэг рүү зугтана гэж тооцож байв. Харин тэрхүү шумбагчийг залан чиглүүлэх нөхдийн амьдрал хүндэтгэлтэйгээр төгсөх болно.
Тэдний энэ аргыг Хироши Сузукавэ хэмээх инженер ихэд үнэлж, хичээн зүтгэсний хүчинд шумбагч онгоцны техникийн загвар зургийг гаргаж өгчээ. Одоо дээдэс зөвшөөрөх юм бол Наран улсын ирээдүйн төлөө амиа золиослох үй түмэн шилдэг залуучууд дайсныхаа хөлөг онгоцыг олон арваар сөнөөн устгаж…
Нэг иймэрхүү хөөрүү бодолтой байсан ч дээдэс үүнийг нь тоож авч хэлэлцсэнгүй. Тухайн үед дайныг эргүүлэх бололцооны талаар янз бүрийн солиотой гэмээр олон зэвсэг техникийн зураг олноор гарч байсан бөгөөд флотынхонд иймэрхүү сайн дурын уран сайханчдын санаа оноо огт сонин биш байж. Тэдний хувьд том хүчирхэг кампанит ажиллагааны ялалтад хүргэх бодит төсөл, төлөвлөгөө л хэрэгтэй.
Ийм үед Нишина болон Куроки нь тэнгисийн цэргийн хэрэг явдал хариуцсан яманд нэгэн захидал бичсэнээр өөрсдийнхөө хүслийг биелүүлэх бололцоотой болсон байна. Тэрхүү захиагаа хоёр дэслэгч өөрсдийн цусаар бичсэн бөгөөд ийм захиаг дээд дарга нар нь заавал уншиж танилцан, эцэслэн шийдвэрлэх ёстой байжээ.
Янз бүрийн туршилтын дараа хүн жолоодох боломжтой торпедыг зэвсэглэлд авсан нь 1944 оны зун цаг. Торпедын диаметр нь бараг 1 метр, хошуу хэсэгтээ 1550 кг тэсрэх бодис авч явах болохоор Америкийн ямар ч хөлгийг нэг л мөргөлтөөр живүүлэх ба үгүйдээ л жагсаалаас гаргах ёстой байв. Харин торпедыг удирдан чиглүүлэх хүнийг амьд үлдээх арга олсон нь мөргөлтийн өмнө жолоочийг авч шидэх систем байж. Ингэж шидүүлсэн хүн амьд үлддэг байлаа гэхэд дараа нь хэн очиж тэнгисийн их уснаас олж авах ёстой байсан юм бүү мэд.
Аврах системээс илүү тэсрэх бодисоо тэслэх тал дээр харин маш сайн бодож төлөвлөсөн байсан ба зөвхөн тэслэгч нь гэхэд гурван янз байв.

Ингээд 14,7 метр урттай, 1 метр диаметртэй торпедыг харвах тийм том торпедын хоолой байхгүй учир шумбагч онгоцноос зүүж яваад дайсанд дөхөж очоод хаяхаар болсон байна. Дээр нь нэг шумбагч ийм 4 торпед авч явах учир дайсан таарсан л бол далайн ёроол руу явах нь тодорхой. Харин залуурч, жолоочийн хувьд… яршиг төвөг болж байхаар шууд л торпедтойгоо цуг очоод мөргөчихсөн нь дээр. Дайчин залуу ч алдаршиж, хойд төрөлдөө бурхны хутгийг олох ба дайсны онгоцыг ч онож мөргөхөд хэрэгтэй. Япон маягийн прагматизм гээч энэ буюу.
Богино цаг хугацаанд 300 гаруй кайтэн хийж амжсан ба зөв ашиглаж чадвал багаар бодоход дайсны 100 гаруй том хөлөг онгоцыг устгах боломжтой гэж тооцож байв. Энэ бол бараг л ялалт гэсэн үг.

Ингээд хамгийн анхны дайралтаа хийхээр болж дэслэгч Нишина торпед дотроо нэгэн жижигхэн зүйл авч оржээ. Түүний хамтрагч дэслэгч Куроки хаачив?
Нишинагийн авч орсон тэр жижиг зүйл нь “кайтэн”-ыг хамтран зохиосон дэслэгч Курокигоос үлдсэн үнс нурам байжээ. Энэ хүн кайтэн-ыг хийж туршиж байхад амиа алдсан, кайтэний хамгийн анхны хохирогч байсан юм.
Дэслэгч Нишинагийн дайралт чухам ямар үр дүнтэй болсон талаар тодорхой мэдээ байдаггүй бөгөөд кайтэнийг хэрэглэж эхэлснээс хойш америкчууд сүйдтэй хохирол үзээгүй нь л тодорхой юм.

Японы флот кайтэн хэрэглэсэн бүх л тохиолдлыг нарийн шинжилж дүгнэж үзсэний дараа ”шилдэг цэрэг офицеруудаа олноор алдах ч дайсанд учруулах хохирол нь бага, кайтэнийг хийж бүтээх, тулалдаанд бэлтгэх зардал нь дайсны хүлээх хохирлоос их байна” гэж үзэн уг зэвсгийг хэрэглэхээ болихоор шийдсэн байна. Харин энэ шийдвэр гарах гэсээр байх хооронд япончууд дайнд бүр мөсөн ялагдан бууж өгсөн билээ. Кайтэнийг хэрэглэснээр Mississinewa хэмээх Америкийн том танкерыг живүүлж, өөр бусад 10 гаран жижиг хөлгийг гэмтээсэн бөгөөд уг нь дайсныхаа онгоц тээгч том хөлгүүдийг бүгдийг нь далай ван руу явуулах агуу зэвсэг бүтээлээ хэмээн бодож найдаж байсан гэдэг.