Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа 18 настай Николай Лошаков хэмээх орос залуу дайнд сайн дураар явахаар шийдэн сурч байсан мэргэжлийн дагуу нисэх хүчний сөнөөгчөөр бэлтгэгдэж байгаад 1942 оны 11 сараас агаарын дайнд оролцож эхэлжээ. Тэрээр 120 гаран байлдааны нислэг хийхдээ дайсны хоёр онгоцыг унагаснаас гадна группээр бас нэг онгоц устгасан гэсэн амжилттай тулалдаж байв. Энэ бол чамлах үзүүлэлт огт биш бөгөөд Зөвлөлтийн нисэх хүчний номлол болсон бөмбөгдөгч онгоцыг халхлах үүрэгтэй сөнөөгч нисгэгчийн хувьд муугүй үзүүлэлт юм.

Бүслэгдсэн Ленинград хотыг буудаж байгаа их бууны галыг засварлах ёстой дайсны Фокке-вульф-189-ийг устгахаар гарсан 121 дэх нислэг нь бүтэлгүйтлээ. Тэрээр дайсны онгоцыг хөөж чадсан ч тулалдаандаа улайрсаар фронт давах үед Германы сөнөөгчүүд амдан тосож түүний Як-1-ийн хөдөлгүүрийг гэмтээн, нисгэгчийг шархдуулсан байна. Ямар ч байсан онгоцоо эргүүлэн өөрийн нутаг руу зүтгэсээр фронт хүрэх үед Мессер-үүд энэ залуугийн онгоцыг буудан унагаж, Лошаков ч шүхрээр үсэрчээ. Шүхрээр үсрээд л ухаан алдсан энэ эрийг салхи Германы тал руу хөөж байгааг тэр мэдсэнгүй. Нэг ухаан ороход оросоор ярих эмч нар өөрийг нь тойрон зогсож байгааг хараад баярласан боловч тэдгээр эмч нар нь ч бас олзлогдсон хүмүүс байв.
Дараа нь янз бүрийн байцаалт… 19-хөн настай залуу өөрийнхөө тухай огт худал мэдүүлэг өгч, анхны тулалдаан дээрээ буудуулж унасан, шив шинэхэн цэрэг болохоор ямар ч үнэтэй мэдээлэл өгч чадахгүй, мэдэхгүй гэсний хүчинд алуулчихсангүй өнгөрч, Зөвлөлтийн нутаг дээр байгуулсан хорих лагерь руу хүргэгдсэн байна. Хэдийгээр цэл залуу боловч Коммунист намын гишүүн учир германчууд түүний толгойг илэхгүй гэдгийг сайн мэдэж байсан энэ залуу эмнэлэгт ухаан ороод л намын гишүүний батлахаа устгаж амжсан байжээ.

Шинэ хорих лагерьт очоод өөртэйгөө адил нисгэгч болох Михаил Казнов, Геннадии Кузнецов нарын хамт оргохоор бэлдэж байсан боловч хамт хоригдож байсан нэг нөхрийн “матаасаар” бүтэлгүйтэн баригдлаа. Арай ахмад хоёр нисгэгч нь хатуу ширүүн байцаалтыг даалгүй амиа алдсан бол залуу Лошаков өнөөх л “юу ч мэдэхгүй, юу ч ойлгоогүй, хүн дагаад л намирч явсан” гэсэн юмаа ярьсаар амьтай голтой үлджээ.
Энэ залууг хүндрүүлсэн аргаар байцааж байгаа тухай тэмдэглэлийг нямбай германчууд хөтөлж байсан нь бүр олон жилийн дараа олдсон гэдэг. Ингээд 3264 дугаарт хоригдол (Лошаков) нь буцан нөгөө хорих лагерьтаа ирж бусдын адил хүнд хүчир ажил хийхээр болсон ба харин тэр ажил нь нисэх буудал хүрэх зам тавих ажил байлаа. Нисгэгч хүн нисэх буудалд ойртож ирээд юу бодсон нь ойлгомжтой.
Тэрээр нисэх буудалд ажилладаг бусад хоригдолтой танилцаж, ярилцаж явсаар Иван Денисюк хэмээх танкчин байсан украин эртэй ойртож эхэлсэн байна. Украин залуу германчуудад тал зассаар итгэлийг нь олж, янз бүрийн онгоцыг шатахуунаар цэнэглэх ажил хийдэг хүн байсан нь Лошаковын төлөвлөгөөнд яв цав таарч байжээ.
Өмнө нь нэг оргох гэж оролдоод аминаасаа салах шахаж сургамж авсан Лошаков нь Денисюктэй оргох төлөвлөгөө боловсруулж байхдаа өөр хэнд ч энэ талаар хэлсэнгүй. Украин эр буудал дээр бууж нисэх онгоцнуудын хянах самбар, элдэв заалтууд, түүний дээр дор байх бичгүүдийг сайн харж ирээд цээжээр Лошаковт ярьж зурж үзүүлж, Лошаков түүнийх нь учрыг олох байдлаар Германы онгоцуудыг “эчнээгээр” судалж эхэлжээ.
Германы онгоцны учрыг олж чадахаар болсны дараа нисэх буудалд орж, онгоцонд хүрэх гэж нэг бэрхшээл байлаа. Денисюк онгоцонд хүрч болох ч Лошаков тийш зүглэх ч эрхгүй хүн. Нэгэн удаа хувцас угаалгын газар ажиллаж таарсан Денисюк тэндээсээ Герман цэргийн өвч бүрэн хувцас хулгайлж авснаар хоёр нөхөр онгоцонд хүрэх боломжтой болж бараг л тэр даруй анхны оролдлогоо хийсэн байна.
Гэсэн ч нисэх буудлыг тэр үед нохойтой хамгаалагч нар хянаж байсан учир онгоц хүрэлгүй буцахаас өөр аргагүй боллоо.
Дараагийн удаа хоёр нөхөр нохойгүй үеийг тааруулан нисэх буудалд орж, ойрхон байсан томоохон онгоцыг хулгайлах гэтэл гэмтэлтэй онгоц бололтой, хянах самбарыг нь задалчихсан байж. Дахиад л бүтэлгүйтэж, Лошаков яаран буцах гэж байх үед хоёр ч “Шторх” бууж, нисгэгчид нь Денисюкт яаралтай онгоц цэнэглэхийг тушаагаад өөрсдөө хоол идэхээр явжээ. Үүнээс өөр боломж гарахгүй гэж үзсэн хоёр тэр даруй онгоцыг нь цэнэглэж дуусангуутаа л хөөрлөө.
Нисэх буудлыг хамгаалж байсан зенитийн их буунууд хоцорч гал нээсэн учир ямарваа нэг гай тарьж чадсангүй. Бас аз болж буудал дээр сөнөөгч онгоц байгаагүй учир араас нь хөөх онгоц ч гаргаж чадалгүй өнгөрчээ.

Фронт ойрхон байгаа, Германы савраас гарч чадсан хоёр нь онгоц дотроо хашхиран орилолдон ниссээр фронт давах үед Зөвлөлтийн зенитчид буудаж онгоцыг нь гэмтээснээр нөгөө хоёр хол явж чадалгүй нэгэн тосгоны хажууд газардахад нутгийн ардууд герман хувцастай нөхдийг барьж авахаар хүрз зээтүү болон элдэж эхэлсэн гэдэг.
Баахан балбуулж нүдүүлсэн хоёр эрийг НКВД (манайхаар тэр үеийн Дотоод явдлын яам) авч яваагүй бол тэндээ л дуусах байсан бөгөөд удалгүй Германыхаас дутуугүй хатуу байцаалтууд эхэллээ. Энд тэндээс мэдээ цуглуулж шалгахад дээрх хоёр нөхөр хорих лагерьт тусдаа зожиг байдалтай байсан, германуудын улыг долоочих шахан, хий гэсэн юмыг нь аль болох сайнаар хийх гэж зүтгэдэг нөхдүүд гэсэн юм илэрч, НКВД оргосон хоёрыг урвагчид, тагнуул, туршуул гэж үзэн ёстой л махыг нь урж тасчиж эхэлсний дараа Денисюк аргагүйдэн Германы тагнуул гэдгээ “хүлээж”, Лошаков л улайсангүй.

Германы тагнуул гэдгийг нотлох баримт олоогүй учир (цорын ганц нотлох баримт болох өөрөө хэргээ хүлээх гээч нь бүтээгүй) Лошаковыг “хорих лагерьт байхдаа эх орноосоо урвасан“ хэргээр яллаж гурван жилийн хорих ял өгчээ. Орос эр дайн дууссаны дараа, украин эр 7 жил хоригдож байгаад суллагдсан бөгөөд энэ хоёр оргодлын хорих лагерьт байх үедээ элдэв байцаалтад ямарваа нэг хэрэгтэй мэдүүлэг өгөөгүй тухай баримт материал олдсоноор бүрэн цагаадсан гэдэг. Хэдийгээр энэ хоёрын орголт нь алдарт Девятаев шиг бүтэлтэй бололгүй, хүний өөрийн шорон оронд олон жил дараалан хоригдсон боловч эцсийн эцэст үнэн ялсан билээ.