Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Вьетнамын дайны үеэр америкчууд бүтэлгүйтэж, дайнд явуулах хүн ч олдохгүй болон хэцүүдэж эхэлсэн тэр үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Макнамара нэгэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Уг төслийн зорилго нь Вьетнамын дайнд 345 мянган шинээр бэлтгэж сургасан цэрэг илгээх явдал байв. Гэхдээ эдгээр шинэ цэргүүд нь Америкийн нийгмийн хамгийн ядуу хэсгийн, IQ багатай хүмүүс байх ёстой байжээ.
Ийм төсөл хэрэгжүүлэх нь улс орны хувьд хэд хэдэн маш томоохон ач холбогдолтой байсан бөгөөд юун түрүүнд Вьетнамын дайнд оролцох шинэ нөөц хүч бүрдүүлнэ гэж үзэж байв. Мөн ядуу, боловсрол багатай, доод давхаргын залуучуудыг цэрэгт татсанаар тэдгээрийг нийгмийн шинэ харилцаанд оруулж, сургаж хүмүүжүүлнэ тооцож байсан бөгөөд ингэж нэг сумаар хоёр туулай буудсанаар гадаад улсад хийж байгаа дайнд ахиц дэвшил гарна, дотооддоо гэмт хэрэг багасаж, ажил эрхлэлт нэмэгдэнэ гэж хүлээж байжээ.

Ингээд ядуу бүлгийн залуучуудыг цэрэгт татаж эхэллээ. Энэ залуучуудын ихэнх нь гудамжинд өссөн, бичиг үсэг боловсролын хувьд тун тааруу төдийгүй багагүй хэсэг нь бүр орон байргүй тэнэмэл нөхдүүд байсан юм. Америкийн армид тогтсон заншлаар бол цэрэгт яасан ч татаж болохгүй тийм хүмүүсийг Макнамара нь цуглуулж дайтаж, байлдуулж, сургаж хүмүүжүүлж Америкийн нэр төртэй иргэн болгох гэж хичээж байлаа.
Харин “нөхдүүд” нэг л биш. Цэргийн эрдмийг зааж сургахад ойлгож мэдсэн нь бага, сурах сонирхол ч багатай, ямарваа нэг сахилга бат гээч юмыг огт хүлээж авахгүй байх нь элбэг. Ийм учраас тун удалгүй дээрх залуучуудыг цэрэг армийнхан нь “Макнамарын дебилүүд (McNamara’s Morons)”, “Тэнэгийн корпус (Moron Corps )”… гэх мэтээр нэрлэж эхэллээ.
Энэхүү тусгай бүлгийнхний 40 хувь нь хар арьст залуучууд байсан ба тухайн үед Америкийн армийн нийт бүрэлдэхүүний 10 хүрэхгүй хувь нь л өнгөт арьстнууд байсан гэдэг.
1968 оны 4-р сард дээрх төслийн дагуу цэрэгт татагдсан залуусын сурсан мэдсэнийг, дайнд хэрхэн бэлтгэгдсэн зэргийг шалгаж үзэхэд ердөө 68 хувь нь ямар нэг хэмжээгээр тулалдах арга барилын тухай ойлголттой болсон байлаа. Бүр 17 хувь нь бичиг үсэг дахин заалгаад ч тавдугаар ангийн хүүхдийн хэмжээнд уншиж бичиж чадахгүй хэвээрээ байсан гэдэг.
Ингээд юу ч сураагүйг нь хөөж явуулаад үлдсэнийг нь дахин сургаж шалгахад 37 хувь нь л шаардлага хангаж чаджээ. Гэхдээ тэдгээр нөхдүүд нь дайнд очоод ихэнхдээ тогооч, жолооч хийх ба хамгийн сайн нь явган цэрэгт очсон гэдэг.

Залуучууд тун муу тулалдаж, эхний 10 сарын дотор нийт бүрэлдэхүүнийхээ 10 хувийг алдсан нь америкчуудын хувьд дэндүү том тоо байсан юм. Тэдгээр залуучууд тулалдах сонирхолгүй, дарга цэргийн өгсөн тушаалыг биелүүлэхдээ хойрго, оргож алга болох нь их, заримдаа бүр офицеруудаа араас нь буудчихсан тохиолдол ч цөөнгүй гарч байж. Дээр нь янз бүрийн гэмт хэрэг…
Дайн дажны будлиантай цаг үе учраас хийсэн хэрэг төвгөө вьетнамчуудад тохоод л өнгөрнө. Тэр болгоныг шалгах цаг зав, арга, боломж багатай хойно.
Эцэст нь уг төсөл бүрэн утгаараа бүтэлгүйтсэн нь тодорхой боллоо. Америкт дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн улам бүр хүчээ авч байгаа тэр үед шинээр цэрэгт татагдсан залуус олноор үрэгдэж, тахир дутуу болж, цэргийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь байдлыг бүр хүндрүүлж эхэлжээ. Мөн цэрэгт татагдан, дайн тулалдаанд ороод эсэн мэнд ирсэн залуучууд нь нийгэмд хэрэгтэй хүн болж чадсангүй. Олонх нь ядуу чигээрээ, гудамжиндаа үлдэж, үүндээ хорсож уурсах нь нэмэгдсээр дайны эсрэг хөдөлгөөний эрч хүчийг бүр ч нэмсэн байна.
Гэхдээ Макнамарагийн энэ төсөл нь цаад утгаараа Америкийн засаг захиргаанд тодорхой хугацааны турш багагүй тус нэмэр болсон гэдэг. Учир нь шинээр дайнд явах хүн олдохгүй болж байсан тэр үед тодорхой хэмжээний цэргүүд олж авсан бөгөөд үүний хүчээр Америкийн дунд давхаргын олон залуучуудыг дайн тулалдаанд оруулахгүй байх боломж гарсан юм. Дунд давхаргын залуус гэдэг маань их, дээд болон коллежийн оюутнуудыг хэлж байгаа хэрэг.

Гэсэн хэдий ч дайны явц хэцүүдэх тусам Америкийн засаг захиргаа дээр дурдсан оюутан залуусыг цэрэгт татаж эхэлсэн бөгөөд үүнээс болж Америк даяар дайныг эсэргүүцэх хөдөлгөөн ихээхэн хурц шинжтэй болон нийгмийн уур амьсгал хүндэрч, янз бүрийн цуглаан жагсаал улам бүр олноор гарч эхэлснээр ардаа дэмжлэггүй болсон Америкийн зэвсэгт хүчин уг дайнд ялагдсан билээ.
P.S
Роберт Земекисийн найруулсан, Том Хэнксийн гол дүрд нь тоглосон “Forrest Gump” хэмээх уран сайхны киног бид бүгд мэднэ. Тэгвэл гол дүрийн Форест Гамп (нэр нь ойн тэнэг гэсэн утгатай юм гэнэ) маань чухамхүү Макнамарагийн дээр дурдсан төслийн хүрээнд цэрэг татагдсан нөхдүүдийн нэгэн төлөөллийг уран сайхны аргаар гаргасан нь тэр юм байна.