Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1976 оны нэгэн өдөр Бейрут дахь Канадын Элчин сайдын яаманд тэндхийн 20 гаран ажилтныг барьцаалсан хэрэг гарчээ. Дан АК буугаар зэвсэглэсэн эдгээр барьцаалагчид тэр даруй Канадын Засгийн газарт шаардлагаа тавьж эхэлсэн ба энэ нь Рэтлснейк арлыг (Канад) буцаан өгөх, тэнд баригдаж байгаа паркийг гүйцээж барих зөвшөөрлийг нэн даруй сэргээх гэсэн зүйл байв. Өөрөөр хэлбэл канадчууд хаа байсан Бейрутэд очиж Канадын Элчин сайдын яамыг барьцаалж, Канад дахь барилгын асуудлыг шийдэхийг шаардсан гэсэн үг.
Хэрэг явдал үүссэн шалгаан нь их энгийн буюу Рэтлснейк арал дээр парк барих ажлыг хэн нэг сайдын тушаалаар зогсоон, газрыг нь хүчээр “худалдан авах” шийдвэр гаргасан байж. Хамаг мөнгөө энэ аралд зарсан эр уурандаа хамаатан садан, найз нөхөд болох хэдэн хүнээ цуглуулж аван Бейрут орсон нь тэр бөгөөд хүн барьцаалах хэмжээний юм болсны дараа Канадын Засгийн газар сандран үймэлдэж, террористуудтай тохиролцоонд хүрчээ.
Өмнөхөн нь буюу 1970 онд Канад улсыг тэр чигээр нь шуугиулсан террорист халдлага гарч байсан учраас засаг төр дахин ийм юм болохоос урьдчилан сэргийлсэн нь энэ.
Тохиролцсон ёсоор бол дээрх нөхдийг хуулийн дагуу шийтгэх ба энэ нь 200 орчим доллар байх, хүн барьцаалсан нөхдүүд тэр даруй бууж өгөх, аж ахуйн маргаантай асуудлыг шүүхээр шийдүүлэх гэсэн зүйлүүд байв. Үүний тулд тэдгээр хүмүүс зэвсэг хэрэглэн хүн барьцаалсан явдлыг бараг л тоглоом хийж байсан шахам юм болгож хувиргасан гэдэг.
Ингээд нутагтаа ирж торгуулиа төлсөн нөхөд шүүхэд хандаж, Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох асуудал тавьсны дараа шүүх ч тэдний талд шийдвэрээ гаргаж, нөхөн төлбөр болох 250 000 долларыг хохирогч нарт гаргаж өгөхийг Засгийн газарт даалгаж, тэд нь тэр даруй шүүхийн шийдвэрийг биелүүлж хамаг юм амар сайхандаа жаргасан байна.
Beatles-ийн төлөөх өрсөлдөөн
1964 онд Битлз хамтлаг Эд Салливаны шоунд оролцож дэлхий даяар шуугиулж эхэллээ. Хүн болгоны амнаас Битлз гэсэн нэр, түүний дуунууд салахаа байж эхэлсэн тэр үед Аргентины телевизийн 9-р суваг энэ хамтлагийг нутагтаа авчирч тоглуулахаар болсон тухайгаа, уг тоглолтыг зөвхөн 9-р суваг дамжуулах болно гэсний дараа хамаг юм эхэлжээ.
Аргентины бусад телевизүүд болох 13 суваг нь үүнийг эсэргүүцэж шүүхэд хандсан ба ямар ч нөхцөлд бид Битлзийн тоглолтыг үзүүлэх болно гэж мэдэгдсээр.
Битлз хамтлагийнхан Аргентины нутагт буух үед 9-р сувгийн хөлсөлсөн булиа эрчүүд хамтлагийн дуучин нөхдийг бараг л хүчээр машинд суулган авч явж, нууц бэлдсэн дуу бичлэгийн студид авчирсан ба алдартай хамтлагийг бусад сувагт алдахгүй гэсэндээ тэд иймэрхүү тусгай ажиллагаа хийсэн байна.
Ингээд хүсэн хүлээсэн өдөр болж Битлзийн тоглолтыг шууд нэвтрүүлж эхлэхэд олон хүний нүд орой дээрээ гарлаа. Нөгөө Пол Маккартни, Жон Леннон, Ринго Стар, Жорж Харрисон нар гарч ирэх биш хэний ч үл мэдэх 4 залуу л Битлзийн дууг дуулаад байна. Дуу хоолой нь өөр, тоглолтын арга барил нь ч бүдүүлэг, муу гэмээр…
Тухайн үед одоогийнх шиг супер одуудыг ТВ-ээр олон харах биш, ихэнхдээ дууг нь сонсдог, нэрийг нь мэддэг болохоос зүс царайг нь тэр болгон харах боломжгүй тийм үе байсан болохоор хэдэн зальтай нөхдүүд The Beetles хэмээх хамтлаг байгуулж (“ориг” хамтлаг маань The Beatles), олон мянган долларын тоглолтын гэрээ байгуулж зальдсан нь энэ байж.
Нөгөө олон ТВ сувгууд ч тэр даруй шүүхэд өгсөн элдэв өргөдөл гомдлоо татан авч, 9-р суваг ч ичсэн нүүрэндээ энэ тухай дахиж ам ангайхаа больсон түүхтэй юм гэнэ лээ.
Архины хулгайч
1970 онд Порки хэмээх эр хамт байдаг нөхдийнхээ архийг хулгайлж уусан явдал болжээ. Энэ эр өмнө нь хэд хэдэн ингэж байсан бөгөөд харин энэ удаа архины эзэн тэвчээр алдаж Порки дээр очтол өнөөх нь өөрийн найз Бенни гээчтэй цуг архийг нь ууж суув. Зодоон эхэллээ… Бенни буудуулж амиа алдав…
Хаа сайгүй болдог л явдал байгаа биз. Тэгвэл та түр хүлээ.
Хэрэг явдал Хойд мөсөн далайгаар хөвөн явдаг нэгэн мөсөн уул дээр болсон бөгөөд хэргийн эзэд нь шинжлэх ухааны туршилтад оролцож байгаа нөхөд байж. Ийм хязгаарлагдмал орчин нөхцөлд хүний сэтгэл санаа болон бусад үйл хөдлөл нь хэрхэн өөрчлөгдөж болохыг судалж байсан хэрэг л дээ.
Ингээд мөрдөн байцаалт явуулж эхэлтэл… болдоггүй ээ. Нэгдүгээрт энэ мөсөн уул нь аль ч улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй газар хөвж явсан учир ямар нэг улсын хууль номын дагуу шийдэх боломж байсангүй.
Далай тэнгист яваа хөлөг онгоц дээр гарсан хэргийг шийдэх эрхзүйн янз бүрийн актууд байдгийг ашиглах гэтэл хэрэг явдал хөлөг онгоц дээр биш мөсөн уул дээр болсон байдаг. Америкчууд болсон хойно шударга ёс тогтоохын төлөө хуулийн тэр зэргийн юмыг үл тоон нөхдийг баривчлан Виржини мужид авчирсан байна. Нэг ёсондоо олон улсын хууль номыг зөрчиж шүү.
Нэгэнт хүн хөнөөсөн нөхрийг барьж авсан хойно шүүхээр оруулан шийтгэх гэтэл өмгөөлөгч гэж гайтай нөхөд буудсан бууны замаг нь гэмтэлтэй байсныг тогтоон, хүн алсан эр буудах гэж биш, зүгээр л айлгах гэж байсан боловч… гэх мэтээр явсаар ял ч өгч чадалгүй гэмтэй этгээдийг сулласан гэдэг.
Хууль, эрхзүйд жишиг тогтох гэж ойлголт бий. Магадгүй ирээдүйд Саран дээр очсон нөхөд ямар нэгэн хэрэг үйлдвэл дээрх хэргийг жишиг хэрэг болгон авах байх гэж бодогдох юм.