Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Та ийм үг сонсож байсан уу? Энэ аймшигтай үгийг ямар ч билээ нэг кино дээрээс анх сонсож билээ. Бодвол их л айхтар үг, нарийн утга учиртай юм байгаа болов уу гэж бодож өнгөрч байсан бол саяхан нэгэн түүхэн явдлын тухай уншиж байхдаа өнөөх үгнийхээ учрыг оллоо. Нээрээ л их утга учиртай, түүхтэй үг юм билээ.
1954 онд Хятад Тайванийн хооронд “Их бууны дайн” хэмээх нэртэй мөргөлдөөн эхэллээ. Хятад Тайвань хоёрын дунд орших хэдэн маргаантай арлыг булаацалдан нэг нэгэндээ сүр хүчийг үзүүлж байсан бөгөөд ихэнхдээ л их буугаар нэг нэг рүүгээ хэсэг буудалцаж байгаад л чимээгүй болдог байж. Удалгүй хэн хэн нь буудахаа байсан нь ирээдүйд болж болзошгүй жинхэнэ дайнд бэлдэцгээж, хүчээ зэвсэг хэрэгслээ хуримтлуулж эхэлсэнтэй холбоотой бөгөөд нэг хэсэг ажин түжин боллоо. Энэ үеийг Хятад Тайванийн 1-р хямрал гэж нэрлэх ба 2-р хямрал нь 1958 онд эхэлсэн юм. 1-р болон 2-р хямрал гэж жигтэйхэн сайхан дугаарлан нэрлэж байгааг нэг анзаараарай.
1958 оны 8-р сарын 23 ны өдрийн 17,30 минутад Хятадын Ардын чөлөөлөх арми нь Циньмень хэмээх маргаантай арал болон түүний ойр тойрмын бусад жижиг арлуудыг их буугаар буудаж эхэлжээ. Өөрийнх нь мэдэлд байдаг энэ арлыг буудсаны хариуг тайваньчууд ч дор нь өгсөн ба ард нь Америк гэж их улс байгаа болохоор айж ичих ч юм байсангүй.
Харин хятадуудыг ЗХУ дэмжиж байсан ба энэхүү хямралыг их дайн болгохгүй байх, ялангуяа Тайванийн цаана байгаа америкчуудтай гар зөрүүлэхгүй байхыг оросууд их хичээж байв. Америкчууд ч гэсэн оросуудтай л буудалцахгүй байхыг л чухалчилж байсан юм.
Иймэрхүү байдлаар нөгөө сүртэй эхэлсэн хямрал маань орон нутгийн хэмжээний жижигхэн буудалцаан болж хувирсан ба урьд өмнийнх шиг цагийн хуваарийн дагуу хэд буудчихаад чимээгүй болдог яг тэр байдал давтагдлаа.
1959 оны эхээр Тайванийн найман сейбр сөнөөгч (North American F-86 Sabre) Хятадын агаарын хилд орж ирэхэд өөдөөс нь хэсэг Миг-17 тосон очиж агаарын тулалдаан болсны дараа Тайванийн нэг онгоцыг унагаж, өөр нэг онгоцыг гэмтээсэн байна. Хятадуудын нэг онгоц бас хүнд гэмтсэн ч буудалдаа эсэн мэнд буужээ. Ийм ялалт байгуулсан Хятадын нисгэгчдийн зүрх хөөрч байгаа гэж жигтэйхэн. Болж өгвөл дайсныхаа ямар нэг онгоцыг унагаж үндэсний баатар болох гэсэн нөхдүүд зөндөө.
5 дугаар сарын нэгэн өдөр Хятадын нисгэгч Зян Жэнлунь хэмээх эр цаг агаарын хэцүүхэн нөхцөлд жижүүрийн нислэг хийж яваад нэгэн том байлдааны онгоц байгааг олж харан шууд дайран орж унагалаа. Гэтэл энэ унаж яваа онгоц нь Америкийн B-17 бөмбөгдөгч онгоц байв. Тайванийн биш, Америкийн!
Хятад, Америкийн харилцаа хурцдаж, Америкийн нисэх хүчин Хятадын нутаг дээгүүр тагнуулын нислэгийг бараг байнга хийдэг боллоо. Нэг ёсондоо сануулга өгч байгаа хэрэг л дээ. Харин хятадууд дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлж, дахин нутаг орон дээгүүр нь тагнуулын нислэг хийвэл хатуу ширүүн хариу өгөх болно гэж анхааруулж. Америкчууд юу гэж тоохов, ниссээр л.
1962 онд Америкийн цэргийн нэгэн хөлөг онгоц Шар тэнгист орж ирэн нааш цааш хэсэг явсан ба энэ үед хятадууд гурав дахь анхааруулгаа өгч амжаад байсан үе. Ядаж байхад хятадууд аливаа юмыг жигтэйхэн дугаарлах дуртай байсныг яана. Нөгөө 1-р хямрал, 2-р хямрал гэж байсныг санаж байна уу. Ингээд Хятадууд сүүлчийн буюу 4 дэх анхааруулгаа өглөө. Айхтар юм болох шинжтэй…
Харин америкчууд тоосонгүй, дээрэлхдэгээрээ дээрэлхсээр.
Тухайн үед Хятад нь ЗХУ-тай муудалцаж эхлээд байсан учраас ардаа хамгаалалтгүй болсон, улс орон нь “Их үсрэлтийн бодлого” хэрэгжүүлээд эдийн засгийн хувьд ихээхэн хүндхэн байдалд орсон тийм цаг үе байв. Ардаа түших тулах юмгүй, өөрсдөө хүч чадалгүй хүмүүс яах билээ…аман дээрээ л “алж өгч” таараа.
Хятадууд америкчуудыг цаасан бар гэж дооглон ярих боловч тэдэнтэй тэмцэхдээ мөн л цаасан аргаар тэмцэж байсан ба 1964 он гэхэд нийтдээ 900! анхааруулгыг америкчуудад өгөөд байсан гэнэ. Тэр 900 гаран анхааруулга нь бүгд дугаартай.
“Америкийн эзлэн түрэмгийлэгчдэд эцсийн 867 дахь анхааруулгыг өгч байна…” гэж аялгуу сайхан хятад хэлээр сүртэйхэн хэлнэ гэдэг их л сайхан байсан байх даа. Хятадын сүүлчийн сануулга гэж хуучин цагт нэг иймэрхүү л юм байж.