Ард түмний бахархал болсон алтан үеийн эрэгтэй дуучдыг онцолж байна. Уран тансаг хоолой, яруу сайхан аялгуу нь хэзээ ч давтагдашгүй тэднийг мартах учиргүй билээ.
Жигзавын Дорждагва

Монгол түмний өв их соёлын нэг, сонгодог уламжлал бол уянгат сайхан уртын дуу билээ. Тэгвэл энэ уламжлалт өв соёлыг хойч үедээ хадгалан үлдээх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухааны зориулсан нэгэн гавьяатай хүн нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны Манлай, Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва агсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тэрбээр 1904 онд Түшээт хан аймгийн Говь гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг “Дэрсэн хонд” хэмээх газар төржээ. Тэрбээр ах дүү олуулаа өссөн, эцэг Жигзав нь нутагтаа сайн дууч гэгддэг, лимбэ, морин хуур тоглодог байжээ. Эцэг нь хүүхдүүддээ “Түмний эх”, “Хуурын магнай”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг дууг дуулж хуурддаг байсан нь Дорждагвыг дуучин болоход нөлөөлжээ.
Ж.Дорждагва Улсын Төв Театр, УАДБ-ийн чуулгад дуучин, найрал дууны багшаар тасралтгүй 40 жил ажиллаж, Хөгжим бүжгийн дунд сургуульд багшлах зэргээр амьдралынхаа 50 гаруй жилийг дууны урлагт зориулсан байна. Тэрбээр шинэ цагийн шилдэг дуунуудын анхдагчид тооцогдох “Соёл-Эрдэнэ” (Н.Наваан-Юндэнгийн шүлэг), “Шинэ сүлд” (Ц.Дамдинсүрэнгийн шүлэг), “Эх орон”, “Туулай би” (П.Хорлоогийн шүлэг) зэрэг 10 гаруй дуу, “Мандухай хатан” хөгжимт драмын жүжгийн бүүвэйн дуу, “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын жүжгийн Гэсэр мэргэний дуу, “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг зохиожээ.
Ж.Дорждагва өмнөх үеийнхээ уртын дуучдын туршлага, төв Халхын айзам урт дууны сонгодог уламжлалыг XX зууны хоёрдугаар хагастай залгуулж уламжлал, шинэчлэлийн залгамж холбоог хангахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн үндэсний соёлын гарамгай зүтгэлтэн гэгдэг билээ. Тэрбээр 1945 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, 1999 онд манай “ХХ зууны манлай эрэгтэй уртын дуучин”-аар шалгаран өргөмжлөгдсөн ажээ.
Баатарын Лхамжав

Б.Лхамжав нь “Эрхэм төр”, “Жавхлант сүрэг”, “Уртын сайхан хүрэн”, “Өвгөн шувуу” зэрэг монгол ардын уртын дууг гоцлон дуулж, “Хөглөг хангайн бараа”, “Дөмөн”, “Шалзат баахан шарга”, “Нарийн сайхан хээр” зэрэг 10 гаруй дуугаар пянзны бичлэг хийлгэж байжээ. Тэрээр дуучин П.Адарсүрэн, Д.Самбуу, Г.Явгаан, А.Нэргүй, Б.Сарантуяа, Д.Ариунаа, В.Отгон зэрэг 10 гаруй залуу дуучдыг мэргэжлийн дуучин болоход нь бэлтгэж байсан юм.
Баатар овогтой Лхамжав нь 1925 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. Тэрээр нийслэлийн 5-р сургуульд суралцаж 7-р анги төгссөн бөгөөд 1951 оноос тухайн үеийн УАДБЧ /Үндэсний Урлагийн Их театр/-д дуучнаар ажиллаж эхэлжээ.
Хожим нь тэрээр Дорнод аймгийн ХДТ-т дуулаачийн багшаар ажиллаж байсан юм. Түүнийг 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ.
Дагийрагчаагийн Банзрагч

Д. Банзрагч нь ардын болон зохиолын олон сайхан дууны урын сантай бөгөөд “Гарын арван хуруу”, “Гайхмаараа”, “Эрүү цагаан болжмор”, “Дөрвөн уул”, “Цэцэг нуур”, “Наран эрдэнэ эх орон”, “Таван булгийн төлчин”, “Хөдөө нутаг сайхан”, “Ариун цагаан хөдөлмөр”, “Сансарт хүртэл дуудлаа”, “Намрын хонгор салхи”, “Алтан шар зам”, “Саальчин бүсгүй” зэрэг 200 гаруй дууг амилуулан дуулсан юм.
Дагийрагчаагийн Банзрагч нь 1936 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн бөгөөд 1964-1966 онд ХБДС-д оройгоор суралцаж 7-р анги төгсжээ. Мөн 1975-1978 онд Марксизм-Ленинизмийн их сургуулийг төгсөж 1961-1965 онд Барилгын авто тээврийн 1-р баазад жолооч хий байгаад 1965 оноос эхлэн тухайн үеийн УАДБЧ / Үндэсний Урлагийн Их театрт/ дуучнаар ажиллах болжээ.
Тэрээр ЗХУ, БНАГУ, БНУАУ, БНСЧСУ, БНПАУ, БНСВУ, Азербайджан, БНХАУ, Лаос, Кампучи зэрэг улсуудад эх орноо төлөөлөн урлагийн тоглолтод оролцож, өөрийн уран бүтээлээрээ дуучин УГЖ Д.Самбуу, бүжигчин Ц.Чимэдцэрэн нарын хамт тайлан тоглолтоо хийж байв. Д. Банзрагч нь 1973 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнагджээ.
Пэлжээгийн Адарсүрэн

Ард түмний бахархал, хайртай дуучин П.Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төржээ. Түүнийг Хятад-Монголын хил дээр шифрлэгч-радистаар ажиллаж байхад нь БНХАУ-ын төлөөлөгчид “П.Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч” гэж хүссэн аж. Ингээд тэрээр хятадын ардын дуу болох “Дорно зүгээс нар мандаж байна” дууг маш сайн дуулжээ. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж, цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан гэх түүх бий.
Дараа нь Ховд аймгийн Булган суманд “Цаг уурын станц”-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв.
Улмаар 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.
Түүний намтарт ямар ч төрийн том гавъяа, шагнал авч байгаагүй ч 2021 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарсан гэдгийг онцолжээ.
Бадраагийн Бадар-Ууган

Ерээд онд Монголын урлагт рок поп урсгал “Инээмсэглэл” нэртэй хамтлагаар анхлан хөл тавьж, цоо шинэ урсгалыг “хөтлөн” орж ирсэн эрхэмийн нэг бол Бадраагийн Бадар-Ууган. Түүнээс хойш ард түмний дуулах дуртай олон уран бүтээлийг ар араас нь “төрүүлж”, өдгөө урлагт хит болон эгшиглэсээр байна.
Б.Бадар-Ууган нь 1952 онд Монголын соён гэгээрүүлэгч Жамцын Бадраа, хүний гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болж төржээ. Тэрбээр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна. Түүний буй болгосон Радио телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон институц болжээ.
Тэр мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч. Цахилгаан бөмбөр морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан гэдэг. Б.Бадар- Ууган агсан гурван хүүтэй. Түүний том хүү бидний танил хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун билээ.
Г.Жаргал
Zaag.mn сайтын редакцад бэлтгэв.